Зургаан жилийн өмнө манай улс барилгын материалынхаа 90 орчим хувийг импортоор хангадаг байлаа. Тэгвэл өнөөдөр өргөн хэрэглэдэг 40 гаруй төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 14 мянга гаруй хүн энэ салбарт ажиллаж байна.
Хуванцар, хаалга цонх, сантехникийн хуванцар хоолой, дулаалгын хөөсөнцөр хавтан, бэлэн бетон зуурмаг, бетон төмөр хийц эдлэлүүд, тоосго зэргийг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болоод буй. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос цемент, блок, хайрга, элсний үйлдвэрлэл илүүдэлтэй байгааг ч хэлж байв. Ийнхүү өөрсдийн нөөц бололцооны хэрээр зарим үйлдвэрлэл хэрэглээнээсээ хахсан байхад үйлдвэрлэлийн чадамжгүйн улмаас зарим бүтээгдэхүүнд гадаад валютаар худалдаа хийхэд хүрч байна. Сантехник, цахилгаан хэрэгсэл, дулаан хангамж, шил, эмульс зэргийг импортоор авдаг.
Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн уналттай байсан барилгын салбар сүүлийн хоёр жилд сэргэж байгаа. Энэ онд гэхэд Улсын төсвөөр барилгын салбар 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Үүнээс гадна зээл, тусламжаар олон төсөл “амилна”. Харин энэ бүтээн байгуулалтыг барилгын материалын ханшийн өсөлт угтана гэдэг прогнозыг гуравдугаар сард болсон Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулж байв.
Үнийн өсөлтөд хоёр хүчин зүйл нөлөөлдөг.
Нэгдүгээрт, гадаад валютын өсөлт буюу юанийн ханш.
Хоёрдугаарт, импортлогч улсын татвар, улс төрийн нөхцөл байдал, үйлдвэрлэл нөлөөлдөг.
Тэгвэл дотоод хүчин зүйлд ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй шатахууны үнийн нэмэгдэл нэрлэгддэг. Энэ онд барилгын материалын үнэ өнгөрсөн оноос даацтай нэмэгдээгүй хэдий ч өсөлт ажиглагдаж байгаа юм. Үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулан хүргэе. Өнгөрсөн оны мөн үед цемент нэг тонн нь үйлдвэр дээрээ 100-175 мянган төгрөг, Улаанбаатар дахь үнэ тонн тутам нь 160- 170 мянган төгрөг байсан.
Тэгвэл өнөөдөр цемент тонн тутамдаа 175 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол улаан цемент 168 мянган төгрөг байна. Арматур нэг тонн нь 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй байсан бол одоо тонн тутамдаа хятад арматур 1.7 сая, Оросынх 2.8 сая төгрөг байна.
Харин FRP арматур метр тутамдаа 495 төгрөгийн үнэтэй байгаа юм. Бетон зуурмаг шоо метр нь 134-247 мянга, зам талбайн хавтан ширхэг нь 435-3800 төгрөг, дээврийн материал Орос, Хятад, Польш, Солонгос гэх мэт улсаасаа шалтгаалаад 5500-35000 төгрөг, палк ширхэг нь гурваас зургаан метрийн хэмжээтэй нь 24-60 мянга, приус боодол нь 22-25 мянга, банз метр куб нь 110- 260 мянга, Хайрга шоо метр нь 5500- 13200, элс 8800, шигшсэн элс 11000 төгрөг байна. Хайрга, дайргын үнэ өссөн шалтгааныг Туул голын сав дагуу буюу хотын ойр орчим ажилладаг хайрга олборлох үйлдвэрүүд хаагдаж, олдоц багассантай холбоотойгоор тайлбарладаг.

Үнэ энэ онд өснө. Ер нь жилийн жилд өсөөд байгаа. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүнтэй холбоотой. Манай улсад валютын ханш нэмэгдсээр л байна шүү дээ. Манай улс цементийн хэд хэдэн дотоодын үйлдвэртэй ч цементийн үнэ жилийн дотор 10 хувиар өссөн гэдэг дүнг салбарынхан гаргаад байсан. Үүнийг түүхий эдийн үнэ, үйлдвэрлэлийн зардалтай холбоотой гэдэг.
Манай улс барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүнээ дотооддоо хангах тухай 1992 оноос хойш Засгийн газрын түвшинд ярьсаар ирсэн. Барилгын материалын үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай, үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө тэргүүтэй эхэлсэн дэмжлэгүүд явсаар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- өөр эцэслэсэн юм. Хэдийгээр “Төв банкнаас мөнгө хэвлэж тараасан. Шатахуун импортлогчдыг давраасан” гэх мэт сайн нэргүй ч барилгын салбарт эл хөтөлбөр “тэжээл” нэмсэн гэж салбарынхан сайшаадаг. Өөрөөр хэлбэл, 2012 онд тухайн үеийн Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжиж эхэлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын гол нэрийн материалын үнийг тогтворжуулахад 1.6 их наяд төгрөгийн тусламж үзүүлсэн нь 2013 оноос дотоодын цементийн үйлдвэрлэл “цэцэглэх” гавьяа байсан гэдэг.
Өнөөдөр манай улс барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртгийн 25 хувийг эзэлдэг цементийн хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадаж байгаа. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн шан татсан энэ үйлдвэрлэл Монцемент болон МАК Евро цементийн үйлдвэрээр үргэлжилсэн юм. Улсын цементийн жилийн хэрэглээ хоёр сая орчим тонн гэвэл дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал дөрвөн сая орчим тонн. Ингээд манай хүчин чадал зах зээлээс хахсан тул экспортод гаргах тухай яриа хэлэлцээрүүд ч өрнөсөөр байгаа.
Тэгвэл ижилхэн санхүүжилт хүртсэн арматурын үйлдвэрлэл нь “царцжээ”. Арматур нь барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртөгийн 30 хувийг шингээдэг гол нэрийн бүтээгдэхүүн. Одоогоор манай улс арматурын хэрэглээгээ бүрэн импортоор хангадаг. Барилгын салбар идэвхтэй сэргэсэн 2017 онд гэхэд арматур төмрийг импортоор худалдан авахад 150 орчим сая ам.долларыг зарцуулсан гэдэг статистик бий. Эл бүтээгдэхүүний үнэ гадаад валютын ханшаас шалтгаалан үргэлж өсөж байдаг.
Өнгөрсөн онд гэхэд дэлхийн зах зээл дээр төмрийн хомсдол үүссэн тул ханш нь хоёр дахин нэмэгдсэн удаатай. Өмнө нь манай улс Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматурын хэрэглээнийхээ 40 хувийг хангадаг байсан. Сүүлийн жилүүдэд тус үйлдвэрийн үйл ажиллагааны чиг өөрчлөгдөж, ган үйлдвэрлснээр арматурын хэрэгцээ гадагшаа чиглэсэн юм. Боломж нь дотоодод байдаг ч зохицуулалт дутуу гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Цементийг барилгын үйлдвэрлэлийн “талх” гэдэг. Тэгвэл нийт өртгийн 30 хувийг бүрдүүлж буй арматур “вариан” нь юм. Ингэхээр тус салбарын өртөгийг бууруулж, ашиг хүртэхэд “талх” нь бэлэн. Харин хольцондоо өртөгөө зарцуулаар байна.

Цементийн хэрэглээг дотооддоо хангаж чадсанаар барилгын компанийн өртөг буурсан. Үүнийгээ дагаад ачаалал, дарамт нь ч багассан. Үнэ чанарын хувьд ч гологдох юмгүй байна. Одоо арматураа дотооддоо 100 хувь хангадаг болчихвол барилгын материалын үнэ буурах нөхцөл бүрдэнэ.
Үүнийг үе үеийн Засгийн газар анхаарч, бодлогод тусгадаг ч байдал сайжраагүй. Энэ Засгийн газар ч урьдын адилаар Барилгын салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталж, барилгын материалын үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, үндсэн нэр, төрлийн материалаар дотоодын хэрэгцээг хангахаар зорьж буй. Барилгын материал үйлдвэрлэлийн өсөлтийг ирэх хоёр жилд 1.4 хувиар өсгөх зорилт дэвшүүлсэн бол салбарын өрсөлдөх чадварыг энэ хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх амбицтай байгаа. Үнэхээр л бодлогод тусгаад цементийн үйлдвэрлэл шиг бодит “цэцэглэлт” ирж, ядаж арматурынхаа дотоодын үйлдвэрлэлийг сэргээвэл түүн шиг сайхан зүйлгүй.