Эрдэнэс Тавантолгойн нэгж хувьцааны үнийг нэмэгдүүлнэ

Эрдэнэс Тавантолгойн нэгж хувьцааны үнийг одоогийн тогтоосон байгаа шиг 933 төгрөгөөс илүүгээр тогтоож хөрөнгө босгох боломжтой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар хэллээ.  Одоогоор Эрдэнэс Тавантолгой үнэ цэнээ тогтоож чадаагүй байгаа хэдий ч IPO хийснээр 40 орчим цент биш ам.доллараас илүү гаргахаар хичээж ажиллаж байгаа гэв.

Найман тусгай зөвшөөрөл бүхий компаниа бүхлээр нь гаргах уу, Хонгконгийн юм уу, Лондонгийн бирж үү гэхчлэн нарийвчлан шийдэх асуудал тулгарч байгаа юм. Тухайн хөрөнгийн бирж компанийг л бүртгэж авдаг болохоос аль нэгэн улсыг хөрөнгө босгохыг зөвшөөрөхгүй дүрэмтэй. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар гэдэг олон улсын хөрөнгийн биржид хөрөнгө босгож байсан түүх байхгүй хэдий ч энэ ондоо багтаахаар төлөвлөжээ. Саарал жагсаалтад орох босгоны өмнө зогсож байгаа Монгол Улсын хувьд ийнхүү том сорилт болох юм.

Тиймээс Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох асуудлыг дэлхийн стандарт шаардлагад тохируулж компаниа өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарч байгааг хэлж байна.

 2018 оны есдүгээр сард Эрдэнэс Тавантолгой компани Уул уурхайн яаманд харьяалагдаж шилжин ирсэн аж. Өнгөрсөн хугацааанд бодлогын зөвлөмж, чиглэл өгч ирсэн хэдий ч улстөрчдийн гар, томилгоо тус компаниас “тасрахгүй” байгааг салбарын сайд учирлаж байлаа. Тиймээс Компанийн засаглалын тухай хууль, олон улсын хөрөнгийн биржийн нөхцөл шаардлагад нийцүүлэн Засгийн газрын хуралдаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүтцийн асуудлыг оруулахаар бэлтгэж байгаа юм байна.  ETT mining гэсэн нэр бүхий компанийг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлж эхний ээлжинд Зүүн цанхийн хэсэг дээр 1,5-3,5 тэрбум долларын хөрөнгө босгохоор төлөвлөж. Энэхүү хэсгийн төслүүдээ зарлах, хамтран ажиллах банкуудаа зарлах, оператор компанийг шинээр сонгон идэвхжүүлэх, нийт 11 зөвлөхийг сонгох гэхчлэн төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгаа гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ярив.

Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах үе шаттай төлөвлөгөө байгаа тул Зүүн Цанхийн дараа Баруун Цанхийн хэсэгт дахин нөөцийг тогтоож хөрөнгө босгох боломжийг эрэлхийлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)