Дэлхийн эдийн засагт учрах эрсдэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах шалтгаанууд

“Economist Intelligence Unit” (EIU) буюу эдийн засгийн шинжилгээний төвөөс энэ онд дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах тэргүүлэх 10 шалтгааныг нэрлэжээ. 2019 оны тухайд геополитикоос шалтгаалсан эрсдэл нэмэгдсэн гэдгийг энд дурдсан байна. Шалтгаан нь популист удирдагчид гэнэ. Үүнд ардчилал хөгжсөн орнуудаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Бразилын төрийн тэргүүн Жайр Болсонаро болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зэрэг дөрвөн орны удирдагчийг онцолсон байна. Гэхдээ эдгээрийн дараагаар олон удирдагчийг нэрлэж болох ч одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан нар л нэрлэгдэхээр байгааг онцлов.

Популист удирдагчид үндэсний үзлээ баримтлах гэдэг халхавчин дор хүчирхийллийг дэмжих зэрэг нөлөөлийг үүсгэх талтай. Популизм руу чиглэх хандлага энэ маягаар нэмэгдвэл дагаад дэлхий нийтэд тогтворгүй байдал нэмэгдэнэ гэдгийг ч дурдсан байна. Мөн EIU дэлхий дахинд маш тодорхой хэдэн зөрчилдөөн байгааг нэрлэжээ.

Эхнийх нь, Хятадын эдийн засаг удааширч байгаа. Нөгөөх нь, газрын тосны нийлүүлэлт багасаж байгаагаас шалтгаалан үнэ өсөж байгааг онцолсон. Гэхдээ EIU энэ хоёр шалтгааныг дэлхийд бага эрсдэлтэй гэж үзсэн аж.

Гэхдээ дэлхийд багахан нөлөөлөх энэ эрсдэл бидний хөрш БНХАУ-д маш их нөлөөлөхийг сануулав. Түүнчлэн улсуудын зэвсэгт мөргөлдөөнийг үүнд бас оруулахаа мартсангүй. Улс орнууд Солонгосын хойгийн асуудалд оролцох магадлал өндөр биш ч бусад бүс нутгуудад нөлөөлөх эрсдэлтэйг бас онцолжээ. Кашмирт болсон Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн нь нутаг дэвсгэрийн маргаан дэгдэлт болж хувирах зэрэг нөхцөл байдлыг харуулж байгааг ч EIU онцолсон байна. Ингээд тэдний нэрлэсэн дэлхийн эдийн засагт учрах 10 эрсдэлийг танилцуулъя.

1. АНУ, Хятадын худалдааны дайн нь дэлхий нийтэд нөлөөлж байгаа.

2. АНУ-ын томоохон корпорациуд нь өрийн дарамтад унасаар байна.

3. Зах зээлийн хэт тэлэлт буюу хөгжингүй орнуудын нөлөөлөлд буурай болон хөгжиж буй улсууд өртөх.

4. Хятад урт хугацааны хямралтай тулсан нь Ази хийгээд дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хүндрүүлнэ.

5. Нефтийн нийлүүлэлтийн хомсдол газрын тосны үнэд нөлөөлж байгаа.

6. Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн нутаг дэвсгэр дэх маргаан нь дайны дэгдэлт гарахад хүргэж байна.

7. Кибер халдлага ба интернэтийн хэрэглээ.

8. Солонгосын хойгийн асуудал.

9. Улс төрийн саатал, “Брэксит” нь Европын холбоог тогтворгүй байдалд хүргэсээр байна.

10. Улс төрийн болон санхүүгийн тогтворгүй байдал нь Италийн банкийг хямралд хүргэж байгаа.

Монголын эдийн засагт нөлөөлж буй байдал

Тэгвэл эдгээр эрсдэл манай улсад хэрхэн нөлөөлөх талаар авч үзье. Учир нь, дэлхийн томоохон гүрнүүдийн эрсдэл хөгжиж буй оронд нөлөөлдөг нь глобалчлагдсан нийгмийн энгийн үзэгдэл. Тухайлбал, дэлхийн эдийн засагт жин дардаг АНУ, Хятадын худалдааны зөрчилдөөн өнөөдөр АНУ-ын эдийн засаг хийгээд Азийн эдийн засгийн голлох индескийг унагаад байна. АНУ, БНХАУ-ын импортын татварыг 25 хувьд хүргэж өсгөсний хариуд БНХАУ, АНУ-ын импортын татварыг ирэх сарын 1-нд нэмэхээ мэдэгдсэн. Ингэснээр дэлхийн эдийн засгийг энэ онд эрсдэлд оруулах шалтгааны тэргүүнд нэрлэгдэв.

Энэ нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ханшид нөлөөлөх эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын 80 орчим хувийг бүрдүүлж, төсвийн орлогод 2.5 их наядын жин дарах үүрэг хүлээсэн зэс, нүүрсний үнийг шороонд булах эрсдэлтэй. Зэсийн ханш гэхэд оны эхэнд 6200 ам.долларт хүрээд байсан. Харин энэ сард (05.24)- нд 5859 ам.доллар байна. Цаашид ч ханш буурахыг шинжээчид хэлж буй. ОУВС-гийн шинжээчид ч зэсийн ханшийг хэлбэлзэхийг анхааруулсан. Тэгвэл манай улс энэ оны төсөвт зэсийн үнийг тонныг нь 6430 ам.доллараар тооцож, 1.3 мянган тонн зэс экспортлох зорилт тавьсан. Үүний дараагаар дээрх зөрчилдөөний улмаас Хятадын эдийн засаг саарах эрсдэл бодит болсон.

Ингэхээр манай экспортын орлого татрах юм. Түүнчлэн энэ эрсдэлийн тавдугаарт нэрлэгдсэн нефтийн нийлүүлэлтийн хомсдол, ханшийн өсөлт гэхэд манай улсад сүүлийн хоёр жилд хамгийн их нөлөөлж байна. АНУ-ын Иранд тавьсан хориг болон Катарын газрын тосны нийлүүлэлтээс үүдэн оны эхэнд 54 ам.доллар байсан ханш дөрөвдүгээр сард 74 ам.доллар хүрэхэд манай улсад жижиглэнгийн шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдээд буй. Энэ мэт үйл явдлууд нь дээрх эрсдэлийн гуравдугаарт нэрлэгдсэн “Зах зээлийн хэт тэлэлт буюу хөгжингүй орнуудын нөлөөлөлд буурай болон хөгжиж буй улсууд өртөх” гэдэг эрсдэлийг ч манайд дагуулж байна. Харин зарим эрсдэл нь манай улсад шууд нөлөөлөхөөргүй харагдаж байгаа юм. Тиймээс эдгээр 10 эрсдэлээс манай улсад хамгийн ихээр нөлөөлөх топ гурван эрсдэлийг эдийн засагч Г.Ганзоригоор нэрлүүлж, нөхцөл байдлыг тодрууллаа.

Эдийн засагч Г.Ганзориг

Дээрх 10 эрсдэлээс манай улсад хамгийн ихээр нөлөөлөхийг нь нэрлэж, тайлбарлахгүй юу?

Дэлхийн зах зээл дээрх жижиг асуудал манай улсын тухайд маш том асуудал гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй. АНУ- ын ДНБ 20 их наяд орчим ам.доллар. Хятадынх 13 их наяд ам.доллар. Гэтэл манай улсынх 12 тэрбум ам.долларынх. Тэнд их наядаар ярьж байхад, энд тэрбумаар хэмжигдэж байна. 1000 дахин их эдийн засаг байна шүү дээ. Нөгөө “Дэлхийн томоохон гүрнүүд найтаахад, манайд хатгаа болдог” гэдэг нь үүнтэй хамаатай. Яагаад ийм байгааг хэлэхийн тулд ДНБ-ий бүтцийг харна. ДНБ-ийг зарцуулалтын аргаар задлахаар АНУ-ын эдийн засагт экспорт 17, импорт хасах 17 байдаг. АНУ дотоодын үйлдвэрлэл ихтэй болохоор ийм. Гэтэл манай улсад эсрэгээрээ импорт, экспорт л чухал. Тиймээс яах аргагүй тэр том эдийн засгийн нөлөө орохоос өөр аргагүй. Хэрвээ бид дотоодын үйлдвэрлэл сайн байсан бол тэнд дайн болж байсан ч эндээ инээгээд л сайхан амьдрах байсан юм. Харин ингэх аргагүй тул дэлхийн эдийн засаг, эрсдэлийг сонирхох шаардлага байдаг. Хятадын эдийн засагт хүндрэл учирвал манайх хувцасаа авч чадахгүй, түүхийгээр нь ч болов бараагаа зарж чадахгүй, ам.долларын орлогогүй болно. Зарим хүн “Юун АНУ, БНХАУ зүгээр урдахаа л хараад амьдар” гэдэг. Гэтэл дэлхийн тэр том эдийн засгийн нөлөөгүйгээр бид оршин тогтноход хэцүү. Ингэхээр эдгээр эрсдэлийг өөрийн улсдаа нааж, хэрхэн нөлөөлөхийг ярих нь зөв. АНУ буюу дэлхийн хамгийн том эдийн засаг болон манай улсын хамгийн том худалдан авагчийн асуудал учраас нөлөөлөл нь их байна. Тиймээс топ гурван эрсдэлийн нэгдүгээрт, АНУ, БНХАУ-ын худалдааны дайныг нэрлэе. Худалдааны дайны тухайд Доналд Трамп Ерөнхийлөгч болонгуут “Манайх Хятад талтай худалдааны асуудалд байнга алдагдалтай явж байгаа. Энэ нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гээд БНХАУ-ын тодорхой таваар дээр тариф тавьсан. Эхлээд үүнийг эдийн засгийн асуудал гэж шинжээчид харсан. Гэтэл эцэстээ АНУ-ын хүч чадлаа хадгалж үлдэх, Хятадыг дэлхийн номер нэг эдийн засаг болгохгүй гэсэн зорилго байсан. Одоо худалдааны дайн хүнд шат руугаа буюу компаниуд руу орж байна. Саяхан Хятадын “Huawei” гар утсыг хорьсон. Энэ нь Хятадын эдийн засгийн сааралтыг бий болгоно. Хятадын эдийн засгийн сааралт нь дэлхийн эдийн засгийн хямрал болох нь. Эргээд энэ нь манай улсад нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ энэ эрсдэл нь манай улсад боломж авч ирэх таамаг байгаа.

Тухайлбал?

Хятад, АНУ-тай зөрчилдөөд эхлэхэд АНУ-тай таарамжгүй улсууд нэг талдаа гарна. Ингэхэд Хятадад хамтрагч хэрэгтэй болоход тэд ОХУ-ыг сонгох нь мэдээж. Тэгэхээр энэ хоёр улсын “гүүр” нь болох манай улсад илүү боломж нээгдэж болно. Эсвэл Хятад нүүрсний түнш Австралитайгаа таагүй харилцаа үүсвэл Монголоос л нүүрсээ авна. Хэдийгээр бид тэр хэрэглээг нь бүрэн хангаж чадахгүй ч орлого нэмэгдэнэ. Энэ нь ямар нэгэн тоогоор батлагдсан зүйл биш хэдий ч иймэрхүү боломж олдох болов уу гэсэн таамаг бий.

Хоёр, гуравдугаар эрсдэлд юуг нэрлэх вэ?

Хоёрдугаарт, дээрх нөхцөл байдалтай уялдуулаад Хятадын эдийн засгийн сааралтыг нэрлэмээр байна. Тухайн улс нь өрөөрөө санхүүжээд эдийн засгаа хөдөлгөсөн нь уг байдлыг үүсгэлээ. Хятад дэлхийн зэсийн 50 хувийг хэрэглэдэг. Тэгэхээр эдийн засаг нь саарахаар зэсийн хэрэглээ буурна. Дагаад манай төсвийг угждаг зэсийн экспорт буурна. Сайнаар бодоход экспорт буурахгүй юм гэхэд үнэ унана. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт байгаад байдаг, хэрэглэгчийнх нь эдийн засаг саараад худалдан авахгүй байхад үнэ унана. Ингээд гинжин хэлхээгээр манайд гарцаагүй нөлөөлнө. Гуравдугаарт, АНУ-ын корпорациудын өрийг дурдмаар байна.

Гуравдугаар эрсдэлд АНУ- ын корпорациудын өрийг нэрлэсэнд гайхаж байна. Нефтийн нийлүүлэлтийн хомсдолоос илүү Монгол Улсад нөлөөлнө гэж үү?

2000-2008 онд АНУ-д моргейжийн зээл маш их олгосон. Ингэхдээ энгийн орлого нь тодорхой иргэдэд зээл олгох буюу “prime mortgage” гэдгийг төлөвлөсөн. Гэтэл үүний хажуугаар бодит байдал дээрээ “subprime mort­gage” буюу энэ нөхцөлийг хангахгүй, орлогогүй хүмүүст зээлээ олгож эхэлсэн. Тэгэнгүүт энэ хоёрыг нийлүүлээд моргейжээр баталгаажсан үнэт цаас гаргасан. Өөрөөр хэлбэл, “Та энэхүү үнэт цаасыг худалдаж аваад, мөнгө нь төлөгдөхгүй байвал моргейжийн мөнгөнөөс өгнө” гээд түүнийгээ хамгийн чанартай бүтээгдэхүүнээр нэрлэсэн. Тэгэхэд банкууд нь маш их авсан. Гэтэл тэр нь цаанаа “subprime mortgage” буюу төлөгдөхгүй зээл байсан. Энгийнээр сайн махан дунд муудсан мах хавчуулаад зарсан гэсэн үг. Энэ асуудлаас болж АНУ-ын зах зээл дээр хөөсрөлт болж, эдийн засаг нь хямарсан. АНУ-ын эдийн засаг хямрахаар дэлхийн эдийн засаг ч бас хямарна. Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг хавтай байдалтай болсон шүү дээ. АНУ-ын үнэт цаасыг Итали, Герман, Английн үнэт цаасууд аваад... Тэгэхээр АНУ-ын зах зээл бидэнд нэг их хол юм шиг харагддаг хэрнээ яах аргагүй хамааралтай байна.

Эдгээр эрсдэлийг даван туулах ямар гарц, боломж Монгол Улсад байгаа талаар хуваалцахгүй юу?

Шууд хэлбэл, бидэнд тийм боломж байхгүй. Миний харж байгаагаар одоо Монголд ямар ч томоохон өөрчлөлт явагдахгүй байна. Төлбөрийн тэнцэл буюу Монгол Улсад орж, гарч байгаа валютын урсгалыг харахад энэ бүтэц ерөөсөө өөрчлөгдөөгүй. Авдаг бүтээгдэхүүн нь ч, зардаг нь ч тодорхой. Тэтгэврийн зээлийн сан, нийгмийн даатгалын асуудал байж л байдаг. Бүгд ямар байгааг нь мэддэг. Тэгсэн хэрнээ тогтолцоо нь өөрчлөгдөхгүй, дээрддэггүй. Иймэрхүү бүтцийн өөрчлөлт манайд хийхгүй байгаа юм. Хэрвээ энэ чигээрээ цаашаа үргэлжилбэл, тэнд найтаахад энд хатгаа авсаар л байх болно. Бид маш хүчтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг бодлогоор шийдэхгүй бол иргэн Батаа эдгээр асуудалд хэчнээн санаа зовлоо ч үүнийг шийдэж чадахгүй. Харин бодлогын түвшинд хийхийн тулд иргэд ухамсарлаж нэхэх хэрэгтэй. Шинэ улс төрийн онолд “Засгийн газрын зорилго хэзээ ч улсаа хөгжүүлэх байдаггүй. Харин тэдний цорын ганц зорилго дахин сонгогдох байдаг юм” гэж үздэг. Дэлхий даяараа ийм байдаг. Үүнд хэн ч гомдох хэрэггүй. Харин тэд дахин сонгогдохын тулд иргэдээс санал авна. Тиймээс иргэдэд таалагдах л зүйл хийнэ. Энэ нөхцөлд иргэд юу таалахаа бодох хэрэгтэй. Нэг даргыгаа үзэн ядсаар байгаад унагалаа гэхэд араас нь дахиад өөр “новш” л гарч ирнэ. Тэгэхийнхээ оронд “Тэтгэврийн санг өөрчилмөөр байна. Бид залуу байхдаа татвараа төлж байна. Тэтгэвэрт гарахдаа мөнгөө аваад зугаалдаг болмоор байна. Энэ тогтолцоого өөрчил” гэж шаардах хэрэгтэй. “Ямар ард түмэн байна. Тийм л төр байна” гэдэг шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)