“Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын VI бага хурал өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү бага хурлын хүрээнд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ" төслийн талаарх бодлого, стратегийг танилцуулах тухай хурал өнөөдөр болжээ. Хурлаар төслийн бүтэц, зорилго, хүлээлт болон хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, нээлттэй форум зохион байгуулсан байна. Мөн хурлын үеэр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн тайланг Азийн хөгжлийн банкнаас Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгөх ёслол болжээ.

“Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилга, Азийн хѳгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төслийг 2017 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нѳѳцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх талаар техникийн дэлгэрэнгүй судалгаа хийх байсан бөгөөд Европын эрчим хүчний тэргүүлэх компани болох "Электрисите дэ Франс" судалгааг гүйцэтгэсэн аж.

Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь сэдвээр  “Эрчим хүчний салбар хуралдаан” маргшааш, нөгөөдөр хоёр өдөр “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах ба энэ хуралдаанаар Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын хэтийн төлөвийг хэлэлцэхийн сацуу оролцогч орнуудын илтгэгч бүр хил залгаа орнуудтай тогтоосон эрчим хүчний хэлхээ холбооны хүрээнд сүүлийн үед өрнөсөн үйл явцыг танилцуулах юм байна.