Хэрэглээний үнийн индекс энэ оны эхний улиралд бүх бүс нутагт өсөлттэй байжээ. Ингэхдээ хүнсний үнийн инфляц Улаанбаатараас бусад бүсэд ерөнхий индексээсээ илүү байгаа нь хүнсний хэрэглээний гол зүйл болох махны үнийн өсөлттэй голчлон холбоотой байгааг Төв банкнаас өчигдөр гаргасан нэгдүгээр улирлын тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, нэг кг хонины махны үнэ бүс бүсийн хэмжээнд 19.5-28.1 хувиар өссөн бөгөөд хамгийн их өсөлт хангайн бүсэд, хамгийн бага өсөлт Улаанбаатар хотод байгаа гэнэ. Ингэснээр махны үнийн өсөлтийн өрхийн төсөвт үзүүлэх дарамт нэмэгдсэн байна. Тиймээс Төв банкны Эдийн засгийн судалгаа статистикийн хүрээлэнгээс өрхийн орлого, зарлагын судалгааг улс даяар хийжээ. Тус судалгаагаар өрхийн сарын дундаж орлого Улаанбаатар хотод 1.4 сая төгрөг, төвийн болон зүүн бүсэд 1.2 сая төгрөг, баруун болон хангайн бүсэд 1.1 сая төгрөг байгаа аж.