Засгийн газрын хүслийн эсрэг хориг, бас Цэц

“Хууль, шүүхийн өмнө хэн бүхэн тэгш эрхтэй байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим бий. Харин УИХ саяхан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газар хоёр тохиолдолд давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон.

Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр,

Хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй.

Уг хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар 2018.06.15-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан. Уг хуулийн төслийг боловсруулахдаа Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны хоёрдугаар дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон юм. Учир нь, тухайн үед Цэц “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Засгийн газраас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай заалт нь Үндсэн хуулийн 45.2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэсэн заалтыг тус зөрчсөн байна гэж дүгнэж байжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаан гарсан тохиолдолд Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй, УИХ, эсвэл Засгийн газар өөрөө хүчингүй болгох ёстой гэж үзсэн байна. Цэцийн энэ дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа юм. Харин сая УИХ-ын өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хууль бол 2016 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тиймээс Цэцийн энэхүү 2005 оны дүгнэлт нь энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэдгийг хуульчид хэлж байлаа. Тэд хуулийн төслийг анх өргөн барьсан цагаас хойш өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

Засгийн газар ашигт малтмалын асуудлаар буруу шийдвэр гаргавал иргэд түүнийг нь шүүхэд өгөх эрхгүй болох нь. Энэ бол маш том ухралт. Иргэд дараагийн сонгуулиар өөрсдийнх нь уул усаа хамгаалах эрхийг хуульд буцаах улстөрчийн төлөө л саналаа өгнө.

Доктор, дэд профессор Ч.Өнөрбаяр

Захиргааны ерөнхий хууль ардчилсан эрх зүйт төрийн тулгуур багана. Түүнийг нураалгаж болохгүй. Улстөрчид ирдэг, бас буцдаг. Харин сайн хууль ард түмэнтэйгээ үлддэг. Хэмжээгүй эрх мэдэл хүссэн Засгийн газрыг Монголын хуульчид эсэргүүцэж байна.

Хуульч Ж.Эрхэмбаатар

Захиргааны шүүхийг устгах, иргэдийн шүүхэд хандах эрхийг хулгайлсан, Засгийн газар нийтийн өмч ашиглалт, хувьчлал, газрын доорх баялгийг дор зоргоороо удирдах, хувааж идэх бололцоог олгох хуулийг ЖДҮ-чид баталлаа.

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид

Иргэн, хуулийн этгээд рүү чиглэсэн Засгийн газрын захиргааны шийдвэр шүүхэд хянагдах ёстой. Харин бодлогын шинжтэй, улс төрийн шийдвэрийг нь захиргааны шүүх хянахгүй. Хууль дээдлэх ёсыг их хурлаас авхуулаад Засгийн газар сахих ёстой. Ийм л энгийн зарчмыг дэлхий нийт мөрддөг. Харамсалтай байна.

Шүүхийн ахмадын холбооны гишүүн Д.Гансүх

Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Бид ахмадын зөвлөлөөрөө хэлэлцээд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар УИХ-д мэдэгдэл гаргалаа. Ахмад хуульчид энэ мэт хэрэгт оролцоод байдаггүй боловч энэ удаад оролцохоос аргагүйд хүрлээ.

Доктор, дэд профессор О.Мөнхсайхан

Хуульчдын форумд оролцсон 400 гаруй хуульчийн 92.7 хувь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд нь эсэргүүцэж саналаа нэгтгэснийг Хууль зүйн байнгын хороо болон УИХ-д хүргүүлсэн. Иргэн, байгууллага төдийгүй Засгийн газар ч хуульд захирагдах ёстой. Харин үүнийг хөдлөнгөөс хянадаг шүүхийн тогтолцоо нь 26 жил бий болсон нь дэвшил. Хэрвээ бид одоо үүнийгээ буцаагаад энэ төслөөр өөрчлөх юм бол маш том ухралт хийнэ.

Хуульчид ийнхүү Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнээс гадна Ерөнхийлөгч эсэргүүцсэн. Ингэхдээ хоёр ч удаа УИХ-д албан бичиг илгээсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд саналаа хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь уг хуулийн үзэл баримтлал, суурь зохицуулалттай илт зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буй хуулийн зорилго гэсэн хэсэг болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт буй захиргааны байгууллагын тодорхойлолт, мөн зүйлийн 5.3 дахьхэсгийн зохицуулалтын агуулгад Монгол Улсын Засгийн газар шууд хамаарна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж үзэх үзэл, хандлага Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд нэгэнт бүрэлдэн тогтож хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Үүний хүрээнд авч үзвэл хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй төдийгүй хуулийн зүйл, заалтуудын дотоод логик уялдаа холбоог алдагдуулахаар байна. Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон мэргэжлийн хуульчид эсэргүүцсээр байтал УИХ ийнхүү Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орууллаа. Хууль батлагдахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, хашир туршлагатай парламентч Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхийлөгч хориг тавих, Үндсэн хуулийн цэцэд дуудагдах зэргээр хуулийн маргаан үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаагаа хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар ардчилал алга болж байна. Иргэн ч бай, аж ахуйн нэгж ч бай, ер нь хэн ч байсан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай. УИХ, Засгийн газар ч ялгаагүй. Гэтэл одоо УИХ-аас зайлшгүй гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газар шийдвэр гаргасан бол түүнийг нь Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхээ больж байна. Тэгэхээр УИХ дандаа бурхан мэт зөв шийдвэр гаргадаг гэсэн үг үү. Тэр шийдвэрийг нь хэрэгжүүлсэн Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийн өмнө очихооргүй болж байна.

Ийнхүү УИХ-ын гишүүд эсэргүүцэхийн зэрэгцээ дараагийн үр дагавраас нь болгоомжилж байгаагаа хэлсэн бол ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар дараах тайлбарыг хийсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Засгийн газрын анх өргөн барьсан төсөл “Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй” гэсэн хэт өргөн хүрээтэй орж ирсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед гишүүд санал гаргаад төр иргэн хоёрыг тэнцвэржүүлж буй Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлийг хэт өргөн хүрээнд хавтгайруулж болохгүй гээд хоёрхон тохиолдолд хянахгүй байхаар томьёолсон. Ингэхгүй бол өнөөдөр хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүд захиргааны хэргийн шүүх дээр гацчихсан байгаа.

Хамгийн бага ирц, хамгийн намхан босго

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах үед санал хураалтад 38 гишүүн оролцсон юм. Уг нь чуулганы хуралдаанд хамгийн багадаа 39 гишүүн оролцож хууль батлах боломжтой байдаг. Гэвч одоогийн УИХ 76 бус 75-уулаа байгаа учраас дээрх хуулийн төслийг 38-уулаа баталсан юм. Санал хураалтад оролцсон 38 гишүүний 20 нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдсан. Өөрөөр хэлбэл, хамгийн бага ирцтэйгээр хуралдаж уг хуулийн төслийг хамгийн намхан босгоор алхуулсан юм.

Хориг бас Цэц

УИХ Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан даруйд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуулийн талаарх байр сууриа бичиж өгсөн боловч авч хэлэлцээгүй. Тиймээс хориг тавина. Бүхэлд нь тавих уу, хэсэгчлэн тавих уу гэдгээ ярьж байгаа" хэмээн мэгдэж байсан юм. Үүнийхээ дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг хуулийнхаа эцсийн найруулгыг сонсож, ёсчлон баталсан даруйд хориг тавилаа. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд хүлээж авдаг. Хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн 18 гишүүн гэдэг бол 54 гишүүний гуравны хоёр гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь чуулганы хуралдааны ирцээс хамаарахаар байна. Хэрэв УИХ хоригийг хүлээж авахгүй бол энэ хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандах биз ээ. Ингээд үзвэл Засгийн газрын эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн хүсэл биелэх өдөр хол байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)