Нэг километр замд 71 авто замын тэмдэг, тэмдэглэгээ

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт" цуврал  сурвалжилгаа  уншигч танд хүргэж байгаа билээ.

Энэ удаад бид хотын төвийн нэг километр авто замд хэчнээн тэмдэг, тэмдэглэгээ байгааг сурвалжиллаа. Бөхийн өргөөний уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх нэг километр замд нийт 71 тэмдэг, тэмдэглэгээ байлаа. Энэ бол хотын төвийн, хөдөлгөөний нягтрал ихтэй хэсгийнх. Тиймээс 71 тэмдэг, тэмдэглэгээ гэдэг бол нэлээд олон гэсэн үг. 

Харин хотын захын замуудад тэмдэг тэмдэглэгээ цөөн байдаг ажээ. Жишээ нь уулын нэг километр замд таван тэмдэг, тэмдэглэгээ байлаа. Үүнд хөдөлгөөний нягтрал нөлөөлдөг ажээ.

-Улаанбаатар хотын хэмжээнд байгаа авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр мэдээллийн санд бүртгэн оруулж байгаа-

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас авто замын тэмдэг, тэмдэглэгээний талаар зарим зүйийг тодрууллаа. 

-Нийслэлийн автозамын тэмдэг, тэмдэглэгээний чанар стандартын талаар сонирхуулахгүй юу?

-Улаанбаатар хотын гол болон туслах зам, орон сууцны хороолол дотор замууд гээд стандартууд нь тус тусдаа өөр байдаг. Тэмдэг болон тэмдэглэгээний ажлыг сайжруулах хүрээнд хамгийн гол нь уг тэмдэг, тэмдэглэгээ нь ойлт сайтай байх хэрэгтэй. Үндсэндээ үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тохиолдолд автомашины гэрэлтүүлэгт гэрэл гарч байгаа тохиолдолд түүнд ойлт маш сайн байх ёстой. Тендерт шалгарсан компаниуд өөр өөр чанартай тэмдэг, тэмдэглэгээг хийдэг. Ийм учраас энэ жилээс эхлэн чанартай нэг стандарттай байлгахын тулд Улаанбаатар замарчлалтын газар ОНӨААТҮГ-аар хийлгэж байгаа. Ингэж гүйцэтгүүлснээр тухайн газарт буюу “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т эргээд чанар, хариуцлагын ажлыг нэг газартай ярих асуудал юм.

-Тэмдэг, тэмдэглэгээний стандарт нь дотроо олон янз байдаг гэсэн. Жишээ нь хотын төв хэсэгт тэмдэг, тэмдэглэгээ олон байдаг. Харин уулын зам болон хотын зах руу тэмдэг, тэмдэглэгээ цөөн байгаа нь ямар ялгаа байна вэ?

-Автозамын 1000 гаруй стандарт байгаа. Энэ нь гол зам уу, улсын чанартай зам уу, орон сууцны хороолол доторх зам уу, авто замын нэг, хоёрдугаар зэрэглэл дээр байгаа эсэхээс шалтгаалан норм, норматив нь өөр байдаг.

Тухайн трассд зам тавихдаа тухайн бүсчлэлийн автомашин болон иргэдийн хөдөлгөөний эрчмийг тооцож, судлан тэр хэсэгт байрлуулах гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг байршуулдаг. Жишээ нь:Богд уулын арын замд суурьшлын бүс байхгүй нэг талдаа уултай нөгөө талдаа туузан хаалттай байдаг болохоор замын тэмдэг тэмдэглэгээ цөөн байдаг. Харин сургуулийн орчимд хурд сааруулагч, толь, явган хүний гарц, хайс хашлагагийн түлхүү тавьж өгсөн.

-Замын тэмдэг, тэмдэглэгээг ямар хугацаанд сэргээн өнгө, үзэмжийг нь тодруулан шинэчилдэг вэ?

-Улаанбаатар хот бол шороо, тоосжилт ихтэй газар. Тийм учраас бид арчлалтын зардлыг замын санд тусгасан байдаг. Үүний дагуу“УБЗЗАГ” нь түүнийг угааж, цэвэрлэн арчлах ажлуудыг хийдэг. Тэмдэг, тэмдэглэгээ нь эдэлгээний хугацаанаас гадна бусад хүчин зүйлсээс шалтгаалан эвдрэл гэмтэл их гардаг. Жишээ нь зам тээврийн ослын улмаас болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарын буруутай үйлдлийн улмаас мөргөж гэмтээдэг. Мөн дүрэм зөрчин боржуур давуулж ухарч замын гадна талд байршуулсан тэмдэг, тэмдэглэгээг мөргөх тохиолдол ч цөөнгүй бий. Энэ тохиолдолд бид Тээврийн цагдаагийн албанд хандан эзэн холбогдогчийг нь олж тогтоон хохирол барагдуулах арга хэмжээ авхуулдаг.

Нийслэлд 900 орчим км зам байдаг энэ бүх зам камержаагүй. Гэхдээ бид гудамж, зам талбайг бүгдийг камержуулья гэдэг саналыг хотын удирдлагуудад байнга тавьдаг.Гэвч Авто замын төсөв нь бага учир хүрэлцдэггүй. Сүүлийн жилүүдэд барилгажилт их хийгддэг болсонтой холбоотойгоор барилгын компаниудын том оврын тээврийн хэрэгслүүд нэг дугуйн дээрх жин, даацыг хэтрүүлэн хулгайгаар их зорчиж байна. Энэ нь авто зам эвдэн торон болон нүхэн хагалбар үүсгэн замын насжилтыг богиносгодог хууль бус үйлдэл юм. Авто замыг бүрэн камержуулснаар дээрх асуудлуудын эзэн холбогдогчийг олж хариуцлага ноогдуулах дүрэм журмаа мөрдүүлэн ажиллахад дөхөм болно.

-Нийслэлийн хэмжээнд авто замын тэмдэг, тэмдэглэгээг байдаг бол?

-Улаанбаатар хотын хэмжээнд байгаа авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр мэдээллийн санд бүртгэн оруулж байгаа. Тэр мэдээллийн сангийн ач холбогдол нь насжилт өндөртэй, хуучирч, муудсан солих шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээнүүдийн талаар сигнал өгөн энэ дүүрэг, энэ байршилд байгаа тэмдэг солих хугацаа болсон гэдгийг зааж өгнө.. Энэхүү мэдээллийн санд баяжуулалт хийхийн тулд Тээврийн цагдаагийн алба, НАЗХГ, “УБЗЗАГ” гээд холбогдох байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулан судалгааг хийн ажиллаж байна.

-Тээврийн цагдаагийн алба авто замын тэмдэг, тэмдэглэгээ стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхт хяналт тавьж ажилладаг-

Нийслэлийн хэмжээнд байгаа авто замын тэмдэг, тэмдэглэгээнд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар Тээврийн цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн замын хяналтын зохицуулагч дэслэгч Б.Тамираас тодрууллаа. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 12300 орчим замын тэмдэг, тэмдэглэгээ тоологдсон байдаг. Замын тэмдэг, тэмдэглэгээг хуулийнхаа дагуу Нийслэлийн авто замын газар хариуцна. Тухайн тэмдэг, тэмдэглэлийн арчлалтыг "Улаанбаатар зам засварын газар" орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцдаг. Үүнд манай Тээврийн цагдаагийн алба тухайн тэмдэг стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэх, буруу тавигдсан байна уу, тэмдгийн утга алдагдсан эсэх дээр хяналт тавьж ажилладаг.

Тухайн замд техникийн ерөнхий нөхцөлөөрөө тавих шаардлагагүй байж болно. Жишээ нь үргэлжилсэн нэг километр зам туслах замтай нийлээгүй бол тэмдэг, тэмдэглэгээ тавихгүй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. zamiin chiglel zaasan sambar tavij bolokhgyin bkhaa... zam medekhgyi khun gadnii khun yamar zanaar yavakh tidirkhoi bus bdag. khotiin tuvruu yavakh zam , nisekh kheden km, khotoos garsan zam deer kheden km yavaad tiim aimag khot gm temdgelgee tavimaar yumaa...

    0 0 Хариу бичих