“Боловсрол” телевизээр ням гариг бүр үзэгчдэд хүрч байгаа “Яг түүн шиг-4” шоуны тав дахь дугаар өчигдөр цацагдлаа. Шилдгийн төлөө өрсөлдөж байгаа найман оролцогч дэлхийн болон Монголын оддыг тайзнаа яг л тэдэн шиг дуурайн өрсөлдөөн ч ширүүхэн болж буйг шүүгчид онцолсон.
Дуучин Б.Маралжингоо шүүгчид болон оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээг аван нийт 52 оноогоор ялалт байгуулж, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо. Тэрээр энэ удаад Ардын жүжигчин А.Нэргүйн дүрд хувирч “Алсын газрын зэрэглээ” дууг нь дуулсан юм. Цээл хоолойгоороо танхимд цугласан үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан гайхалтай үзүүлбэрийн дараа ч үзэгчдийн алга ташилт тасрахгүй байлаа.
Дуучин П.Баярцэнгэл “Die antwoord” хэмээх өвөрмөц хамтлагийн эмэгтэй гишүүнийг дуурайсан.
Америкийн рок дуучин, дуу зохиогч, жүжигчин Alice Cooper-н дүрээр жүжигчин Т.Бархүү үзүүлбэрээ амжилттай үзүүллээ.
Дуучин Б.Амархүү МУГЖ С.Батсүхийн “Хайрлаарай”, “Хаан заяатай орчлон хэмээх” хоёр дууг ремикс хэлбэрээр бяцхан дуучин Б.Бат-Энэрэлтэй хамтарч дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн юм. Энэ удаад Б.Амархүү маск ашиглаж дуучин С.Батсүхийн дүрд хувирсан билээ.
Энэ удаад дуучин Г.Сүндэрмаа мөн л эрэгтэй дүрд хувирсан юм. Тэрээр OutKast –н “Hey ya!” дууг тун ч чадамгай дуулж, гүйцэтгэлээ сайн хийсэн.
Загвар өмсөгч С.Сарнай хэрвээ эрэгтэй байсан бол түүнд ийм хэв маяг зохихоор байсан болов уу. Сарнай энэ удаад дөнгөж 19 настай Америкийн дуучин, rapper Gazzy Garcia буюу Lil Pump тайзны нэрээр олонд танигдсан уран бүтээлчийн гаргасан “Gucci Gang” дууг дууллаа.
Бид бүхэн үргэлж сэтгэл зүрхэндээ санаж, хүндэлж явах дуучин Chester Bennington-ыг дуучин Б.Нацагдорж дуурайж үзүүлбэрээ амжилттай үзүүллээ. “Linkin Park” хамтлагийг мэдэхгүй 90-ээд оныхон байхгүй шүү. Наки түүний алдарт “Faint” дууг дуулж хэмнэлийг мэдрүүлж чадсан.
Шилдэг оролцогч, дуучин Халиунаа шоуны тайзнаа KPOP дуучин болж үзүүлбэрээ үзүүллээ. Өмнөд Солонгосын дуучин загвар өмсөгч Ким Жэ-ни буюу Jennie Kim нэрээр олонд танигдсан уран бүтээлч нь 23 настай бөгөөд “YG Entertianment”-с бэлтгэгдэн 2016 онд “Black Pink” хамтлагийн rapper болон дуучнаар гарч ирсэн байдаг.