Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан маргааш болох Эх, үрсийн баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хэрхэн сайжруулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Эх, үрсийн баярыг тохиолдуулан УИХ-ын нэрийн өмнөөс нийт хүүхдүүд, эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлж байна. Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийн эрхийг хамгаалах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь УИХ-ын онцгой анхааралд байх асуудал. Өчигдөрхөн бид Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн дагуу 2021 оны хичээлийн жилийн эхнээс 1-5 дугаар анги, 2022 оноос 5-8, 2023 оноос 8-12 дугаар ангийн сурагчдад эрүүл, аюулгүй, чанартай халуун хоолоор үйлчилж эхэлнэ. Энэ бол сурагчдын оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, зөв хооллох дадал төлөвшүүлэх зорилготой УИХ-аас гаргасан чухал шийдвэр. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах талаар онцгойлон анхаарч 2019 оны төсөвт нийт 123 сургууль, 134 цэцэрлэгийг улс даяар шинээр байгуулахаар санхүүжилтийг нь тусгасан. Эдгээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор сурагчид гурван ээлжээр хичээллэх, хүүхдүүд сугалаа сугалж цэцэрлэгт ордог явдал арилна.

Мөн 2017 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох, нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгож эдийн засгийн бодит өсөлтийг үр хүүхдүүддээ хүргэх шийдвэр гарган хэрэгжүүлж байна. Түүнчлэн олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн төрүүлж өгсөн хүүхдийнхээ тоогоор тэтгэвэр тогтоолгох эрх зүйл орчин бүрдсэнийг хэлэхэд таатай байна.

Хоол хүнсээр хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг нь сайжруулахаас гадна хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү өргөн хүрээнд далайцтай зохион байгуулах, олон талын оролцоог хангах, хяналт, хариуцлагыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Эдгээр асуудалд УИХ-аас онцгой анхаарал хандуулж хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэрэгт хяналт тавих үүрэгтэй байгууллагуудыг оролцуулсан ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Энэ сонсголын үр дүнгээр хүүхдийн эрхийг хангах үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хийх арга хэмжээ, төлөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгох чиглэлээр УИХ-ын тогтоол, шийдвэр гаргана.

Жил болгон тэмдэглэдэг хүүхдийн баярыг цаашид хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байх нь зүйтэй. Мөн энэ өдрийг угтаж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудаас хийсэн ажлуудыг нь нэгтгэн дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх аливаа ажлаа дүгнэдэг болоход анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.