Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм. Сурагчдын зургийн бүтээлээр өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний Музейд үзэсгэлэн гаргаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хүүхэд багачуудад Хүүхдийн баярын мэнд дэвшүүллээ. Тэрээр " Өнөөдөр энд урлагт дуртай, хайртай, зурах дуртай хүүхдүүд цугларчээ. Өнгөрсөн жил хүүхдүүд амьдралын зовлон бэрхшээлээ Ерөнхийлөгчдөө захидал, зургаар дамжуулан илэрхийлж байсан бол энэ жил “Монголын ирээдүй-Миний ирээдүй” сэдвээр зураг зурж ирүүлсэн хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө ирээдүйг эх орныхоо  ирээдүйтэй холбож ойлгож, мөрөөдөж, түүнийгээ зургаар илэрхийлнэ гэдэг авьяаслаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн болохын шинж.

Эх орныхоо ирээдүй болсон Монгол Улсын залуу иргэн Та бүхний гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл биелж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хүүхдүүд та нартаа, мөн Монголынхоо ирээдүйд итгэж байна.” гэлээ.

Оролцогчдын ирүүлсэн бүтээлийн сэдэв, агуулгад дүгнэлт хийхэд 40 хувь нь хүүхэд өөрийн ирээдүйн  хүсэл мөрөөдлөө зурсан бол 22 хувь нь Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг өөдрөгөөр харж байгаагаар дүрсэлсэн байна.

Нийт бүтээлийн 13 хувь нь байгаль экологийн агуулгатай байсан бөгөөд өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулж буй агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцаж байгааг дүрсэлсэн бүтээлүүд байлаа. Мөн хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн ач холбогдол бүхий байгууламж шаардлагатай байгаа нь тэдний зурж ирүүлсэн Зоопарк, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн зэргийг тусгасан бүтээлүүдээс ажиглагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)