Манай улс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихаар хэдэн жилийн өмнөөс  ажиллаж байгаа ч ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаснаар эхлээд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урд хөршид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-29-нд  хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод зочилсон. Ингэхдээ Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцсан.  Тухайн боомтоос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан “Айлчлалын хүрээнд Цаофэйдянь боомт дээр ирлээ. "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эсэргүүцэгч УИХ гишүүдэд тайлбар хийх шаардлагатай байна” хэмээн газрын зураг дээр тайлбарлаж мэдээлэл хийснийг санаж байгаа байх.  Зүүнбаян-Таван толгойн төмөр замыг барьсан тохиолдолд уг замаар нүүрсээ тээвэрлэн Цаофэйдянь боомтод хүргэх боломжтойг тайлбарласан юм.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр монголчуудад танигдаж эхэлсэн Цаофэйдянь боомтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Яагаад Цаофэйдянь боомт гэж?

Цаофэйдянь боомт нь Таншань хотоосоо 90 км зайтай. Нийтдээ 400 сая тонн төмрийн хүдэр, нүүрс нэвтрүүлдэг, Зүүн Хойд Хятадын нурмаг ачааны томоохонд боомт ажээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар тус боомт болон орон нутгийн захиргаатай ачаа тээвэр зохион байгуулахад хамтран ажиллахаар хамгийн анх 2014 онд гарын үсэг зуржээ. Замын-Үүдийн боомтоос Цаофэйдянь боомт руу төмөр замаар шууд холбогдсон бөгөөд манай урд хилээс хамгийн ойр байрлалтай гэгддэг Тяньжин боомттой ойролцоо зайд оршдог байна. Гэвч Тяньжин боомт нурмаг ачаа хүлээж авахаас татгалзаж байгаа нь Цаофэйдянь боомтыг сонгох нэг шалтгаан болжээ. Цаофэйдянь боомт сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон учраас бүх төрлийн нүүрс гаргах боломжтой гэдгээрээ онцлогтой аж. Энэ “Тавантолгой” компани Цаофэйдиен боомт руу туршилтын тээвэр зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохирчээ. Цаашдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавьж нүүрсээ тээвэрлэдэг болсноор олон давуу тал үүснэ гэж тооцжээ. Тухайлбал, Бээжин хотоосоо 220 км зайтай замаар тээвэрлэлт хийж боомтод хүргэснээр Хятадын хамгийн их түгжрэл, зардалтай төмөр замын бүс болох нийслэлийг тойрч зардал, хугацаа хэмнэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газар Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас өмнө Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих нь зүйтэй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны дараа бид нүүрсний экспортоо гурав дахин нэмэх боломжтой болно. Үнэ ч гурав дахин нэмэгдэнэ.  Дахин бид Гашуун сухайтаар 70 ам.доллароор өгөхгүй гэсэн үг. Гашуун сухайтаар 200 ам.доллароор авахгүй бол бид Зүүнбаянгаар Цаофэйдянь орж үнэд хүргэнэ. Сайншандад хүрээд Владивосток оруулж 200 ам.доллараар зарна. Зах зээлийн өрсөлдөөн оруулж өгч байгаа учраас хүссэн хүсээгүй Гашуунсухайтаар ч гэсэн 200-гаар авна. Хил гараад Баяннуурт нүүрсээ угаах боломжтой. Мөн төмөр замтай нь холбогдож байгаа. Тэгвэл яагаад Монголын төмөр замаар нүүрсээ зөөж, устай газраа угааж, буцаад Бичигтээр Цаофэйдянь орж болохгүй гэж. Үүний тулд одоогийн 400 дээр нэмж 600-хан км төмөр зам барих шаардлагатай.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгалын аль алийг нь нэмэгдүүлнэ. Энэ чиглэлд төмөр зам барих тухай УИХ, Засгийн газрын тогтоолууд, ҮАБЗ-ийн зөвлөмж тус тус гарч албажсан.

Яагаад Цаофейдянь боомт чухал сонголт биш гэж?

Нэг хэсэг Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын Владивостокоор дамжуулан дэлхийн зах зээл дээр гаргах тухай ярьсан. Тус боомтоор нүүрсээ гаргах санал санаачилга тодорхой ажил болоогүй байтал дараагийн буюу Цаофейдянь боомтоор дамжуулан нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах талаар ярьж эхэллээ. Тэгвэл энэхүү боомт хүрэх зам нь Бээжингээр дайрахгүй, нурмаг ачаанд хориг тавихгүй гэдгээс өөр ямар давуу талтайг ул суурьтай судалж үзсэн үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар Хятад судлаач Д.Болдбаатар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ, анхааруулжээ.

Хятад судлаач Д.Болдбаатар:

Цаофейдянь боомтын Бразил Австрали, Өмнөд Африк зэрэг улсуудаас уул уурхайн бүтээгдэхүүн оруулж ирсэн статистик байхаас гадна Өвөр монголын нүүрсийг Хятадын зүүн болон өмнө зүгийн нутгуудад түгээх үйл ажиллагааг явуулдаг. Харин манай дарга нарын хөөрцөглөөд байгаа шиг дэлхийн зах зээлд гаргаад байгаа тухай мэдээлэл олж үзсэнгүй. Ер нь манай бодлого боловсруулагч нар энэ мэт асуудлыг шийдвэрлэхдээ судлаачдынхаа санал зөвлөгөөг тодорхой хэмжээгээр харгалзан үзэж байх хэрэгтэй. Юуны өмнө бидний хувьд дэлхийн нүүрсний зах зээл гэж юуг ойлгоод байгаа нь учир дутагдалтай байх шиг санагддаг. Өдгөө дэлхий дээр олборлож байгаа нүүрсний хэрэглээний 56 хувь дан ганц БНХАУ-д оногдож байна. Энэ утгаар авч үзвэл жинхэнэ дэлхийн нүүрсний зах зээл гээч зүйл хажуу дэргэд оршиж байгаа хэрэг.

Тийм болохоор нэг хэсэг энэ салбарын томоохон тоглогч нар болох Австрали, Индонезоос гадна алс холын АНУ хүртэл Атлантын далайн баруун эргээс Панамын сувгаар дамжуулан Хятад руу нүүрс зөөж байсан удаатай. Тонн тутмаас ердөө 10-хан ам.долларын ашиг олохын тулд шүү дээ. Хэдийгээр нийлүүлэлтийг нь хумиад байгаа ч Австрали гэхэд 7300 км, Канад 20500 км, Индонез 5800 км-ийн холоос нүүрсээ тээвэрлэн урд хөршийг зорьж байна. Гэтэл бид 267 км л тээвэрлэчихвэл дээрх улсуудын зорьж ирсэн газарт хүрчих гээд байдаг. Бидний хүчтэй өрсөлдөгч Австрали БНХАУ-ын зах зээлээс шахагдан гарч байгаа нь Монгол улсад ашигтай. Гэтэл умард зүгээс бүр ч хүчтэй тоглогч гарч ирсэн нь ОХУ. Оросууд Амар мөрөн дээгүүр дамнасан 3.2 км урт төмөр замын гүүрийг нарийн царигтай байгуулж түүнийгээ хилийн гүн рүүгээ сунгаж байгаагаас харахад оросууд БНХАУ-ыг нүүрсний дэлхийн зах зээл гэж тодорхойлсон нь харагдаж байна. Хятад руу нийлүүлэх хойд хөршийн нийт нүүрсний экспорт 2018 оны байдлаар өмнөх оноосоо 53.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.