Энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах байсныг тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн юм.

Тус махнаас 7 дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоожээ.