Чин ван Ханддоржийн ойг тэмдэглэхийг уриалжээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Санжаажавын Оюун, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашцэрэнгийн Гунгаа, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Чүлтэмийн Лхагважав, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэрээтэрийн Давгадорж, Ханд вангийн нийгэмлэгийн тэргүүн Дамдинжавын Энхтайван тэргүүтэй Ханд вангийн нийгэмлэгийн гишүүд, Булган аймгийн яруу найрагчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх нарт хандан ил захидал илгээжээ. Уг ил захидалд Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө, Монголын ард түмнийг манж, хятадын улс төрийн эзэрхийлэл, дарлал, мөлжлөгөөс ангижруулахын төлөө алтан амь, алд биеэ үл хайрлан тэмцэж явсан, төрийн гарамгай зүтгэлтэн, Эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож буй тул уг ойг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх санаачилга гаргахыг уриалжээ.

Ил захидалд "Алтан ургийн удам угсааг дорд үзэж, төрийн залгамж чанарыг устган, эрхэндээ оруулах гэж балчир хүүгийнх нь толгойг тасдаад өөрт нь царан дээр тавин өгч байсан манжийн хааны түүх бол дэлхий дахинд хэзээ ч гарч байгаагүй харгис явдал билээ. Тийм бэрх гашуун зовлон амсах болсон нь түүний зүрх ямагт Монгол эх орноо тусгаар улс болгохын төлөө байсных нь шийтгэл юм. 
Энэ эх оронч хүний түүхэн ойг хэзээ, хэрхэн тэмдэглэх тухай сураг ч үгүй байсаар хагас жил өнгөрлөө. Төрийн түүх гэдэг алтан урагийн түүх гэдгийг бид мэднэ. Буддын шашны тэргүүн, Занабазарын хойт дүрийн хувилгаан гэх Богд Жавзандумбын Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө оруулсан хувь нэмэр их ч хэрэв монгол төр гэж байдаг бол алтан ургийн эх оронч Ханддоржийн ойг ийм чимээгүй өнгөрөөх нь түүхийн ой санамжийг Монголын ард түмэнд мартагнуулж байгаа бусармаг явдал мөн. 
Чин ван Ханддорж улс эх орныхоо язгуур эрх ашиг, эрмэлзлэлийг нэгтгэн эрх чөлөөний чөлөөний хувьсгалд хүргэн, гадаад бодлогыг хөгжүүлэн, тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлан тунхаглах ариун үйлсэд нэгэн биеэр зүтгэсэн билээ. Алтан урагийн олон хан байсаар атал цаг үеийн байдлыг сайтар ойлгож Богдыг хаан ширээнд залгамжлах саналыг чухамхүү Чин ван Ханддорж санал гаргасныг түүх гэрчилнэ. Тусгаар монгол улсын Гадаад яамны анхны сайд, дэргэдээ сургууль байгуулан ард түмний боловсрол соёлын төлөө зүтгэж байсан тэрбээр бусдын гарт амиа алдсан юм. Түүний ойг тэмдэглэхгүй байх нь өнө удаан жил монгол улсыг авч явсан алтан урагийн түүхийг энэ цагт ч дахиад хэлмэгдүүлж багаагийн жишээ болж түүхэнд үлдэнэ. Чин ван Ханддоржийн 150 жилийг ойг улс даяар өргөн тэмдэглэх талаар та бүхнийг эх оронч санаачилга гарган хэрэгжүүлэхийг уламжилъя" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)