Төвийн бүсийн ИТХ-ынхан Дорноговьд чууллаа

ИТХ бол төр, иргэн хоёрыг холбох гүүр нь болж ажилладаг байгууллага. Мөн төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлж, амьдралд нь нөлөөлөхүйц бодлого, шийдвэрийг орон нутагтаа гаргадаг бүтэц. Тэгэхээр ИТХ-ыг чадавхжуулах нь өөрөө иргэдийн амьдралд үзүүлж буй дэмжлэг гэж хэлж болох юм. Тиймээс ч УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Энэ төслийн хүрээнд шат дараатай олон ажил хийж байгаагийн нэг нь ИТХ-ууд хоорондоо мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцах уулзалт юм байна. Уг уулзалтыг хангай, зүүн, баруун, говь, төвийн бүс гэхчлэн зохион байгуулах бөгөөд өнгөрсөн долоо хоногт Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чуулга боллоо. Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон энэхүү уулзалтад Төв, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь  аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан оролцож, сайн туршлагаа харилцан хуваалцсан юм.

Чуулганаар аймаг, сумдын ИТХ-уудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, иргэдийн оролцоог дэмжин ажиллах талаар аймаг бүр өөрсдийн туршлагын талаар ярьж байсан. Мөн ИТХ-уудын ажлын үр дүнг үнэлэх багц үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийж,  2018 оны ажлын үр дүнгийн тайлан, зөвлөмж зэргийг хэлэлцлээ.

Дашрамд дурдахад, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах болон сонгогдсон төлөөлөгчдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)