Нөхөн сонгуулийн өмнөх улс төр

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор батламжаа авсан 11 намын хувьд өнөөдөр, маргаашийн хоёр өдөр их чухал. Учир нь, Цэц өнөөдөр дунд суудлын хуралдаанаараа нөхөн сонгууль явуулахаар болсон суудлын өмнөх эзэн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнийн бүрэн эрхээс нь чөлөөлсөн, нөхөн сонгууль зарласан тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. Харин нөхөн сонгуульд оролцох 11 намын тухайд маргаашийн дотор нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд шийдвэрээ танилцуулах ёстой. Үндсэн хуулийн цэц өнөөдөр юу ч гэж шийдсэн намууд маргааш нэр дэвшигчээ тодруулдгаараа тодруулна. Энэ бол хуульд заасан тодорхой хугацаатай ажил. Харин нөхөн сонгууль цуцлагдвал багагүй ажил болж нэр дэвшигчээ тодруулсан намуудад харамсалтай. Гэхдээ эрх баригч МАН харамсахгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Учир нь, эрх баригч нам сонгуульд ялагдаж муугаа үзүүлэхийг хүсэхгүй, дээрээс нь 64 суудлаа 65 болголоо гээд энэ намд ямар ч өөрчлөлт гарахгүй. Харин АН болон МАХН-д УИХ дахь суудлын тоогоо нэмэгдүүлэх, парламентад суудалгүй намуудад нэг ч гэсэн суудалтай болох гээд нөхөн сонгууль чухал. Ийм учраас эрх баригчид Үндсэн хуулийн цэцтэй хуйвалдаж нөхөн сонгуулийг цуцлах гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд бий болоод байгаа юм. МАН үнэхээр нөхөн сонгууль цуцлагдах нь манай намд ашигтай гэж үзэж байгаа бол энэ нь түрхэн зуурын л ашиг байх болно. Учир нь, иргэд сонгогчид сонгогчдын сонгуульд итгэх итгэл улам л буурна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ сонгуулийг хойшлуулбал 2020 оны сонгууль шударга болохгүй нь гэдгийг харуулсан алхам болно. Өмнө нь бид хар машинаас айдаг байсан бол одоо хар хүчнээс айдаг болох нь” гэсэн юм.

Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад буй судлаач Д.Ганхуяг “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийн цэц Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл нөхөн сонгууль цуцлагдахаас гадна өө юу болох вэ. УИХ-ын гишүүнээр ажиллахаас татгалзсан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээх үү. Түүнийг УИХ-ын гишүүнээр нь ажиллуулахаар болбол бас л Үндсэн хууль зөрсөн алхам болох магадлалтай. Учир нь, Үндсэн хуулийн 16.4 “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалт бий.

Нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй ч Сонгуулийн тухай хуульд заасны дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ. Нэр дэвшигчээ тодруулах хугацаа энэ сарын 24-нөөс эхэлсэн. Хамгийн түрүүнд МАХН нэр дэвшигчээ албан ёсоор тодруулж намынхнаа дарга Н.Энхбаярыг дэвшүүлэхээр болсон тухайгаа өнгөрсөн баасан гаригт зарласан. Энэ өдрөөс яг 10 жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж байжээ. Түүнээс хойш 10 жилийн дараа улс төрд эргэн ирэх гэж байгаа зарлаж байна хэмээн МАХН-аас мэдээллээ. МАХН нэр дэвшүүлэх хугацаа дөнгөж эхэлсэн өдөр яаран нэр дэвшигчээ тодруулж байгаа нь улс төрийн шалтгаантай байж болох юм. Учир нь, цэц судлаач Д.Ганхуягийн гомдлын дагуу нөхөн сонгуулийг цуцалбал, МАХН “Н.Энхбаяр даргыг нэр дэвших гэж байгааг мэдээд сонгуулиа цуцаллаа. Манай намд ялагдахаас айж байгаа юм байна” хэмээн улс төр хийхээр төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй.

Ийнхүү МАХН нэр дэвшигчээ тодруулсан бол АН өнөөдөр, МАН маргааш нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөөд байна. АН Үндэсний бодлогын хороогоор хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах юм. Хэнтий аймгийн АН-ын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатрыг дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүссэн. Хэнтий аймгийн АН-ын хорооны тайлбараар бол АН-ын шинэчилсэн дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй ажээ. Өөрөөр хэлбэл, АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах ёстой гэж үзэж байна.

МАН маргааш Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулна. Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хоёрын аль нэгийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гараад байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Одоо энэ сонгуульд хэн ч яахав 2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь

    0 0 Хариу бичих
  2. судлаач ганхуяг чинь бандааштай овог нэг юм байна хамаарал бүхий этгээд юм биш үү

    0 0 Хариу бичих
  3. Хэнтийчүүдийн хувьд нөхөн сонгуульдаа алдсан цаг хугацаагаа нөхөж ихийг хийж бүтээх хүн сонгох хэрэгтэй... Манан болон Энхбаяр л биш шүү!

    0 0 Хариу бичих
  4. hentiigiihen heniig songohoo medneshdeeee

    1 0 Хариу бичих