Харьцахаас зүрхшээм ширүүн харцтай, шулуун үгтэй энэ эр уян зөөлөн, гэнэн цайлган нэгэн ажээ. Ижий аав, нутаг усаа ярихаараа нүд нь сэргэж, хааяадаа тийм гэж нэрлэхийн аргагүй гунигт автчих юм. Ямар боловч тэр хүмүүний амьдралын нэгэн жаранд их ажил амжуулжээ. Үдлээд буцах хорвоод хүн шиг хүн байхаас гадна Монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхээр шулуудаж, зорилгодоо ч хүрч. Түүнд иртэй, бяртай аагаа багтааж ядсан он жилүүд бий. Сэтгэл гундуухан явсан цаг хугацаа ч бий. Хүний нийгмийн жаргал, зовлон дундуур дураараа туучиж ирсэн энэ хүн бол Хүний эрхийн үндэсний комиссын дарга Жамсрангийн Бямбадорж байлаа. Бидний яриа удаан үргэлжилсэн, цаасан дээр буугаагүй дотроо үлдээх чин сэтгэлийн яриа ч өрнөсөн. Хүний сэтгэлийн хамаг нандин бүхнийг ил гаргаад асгачих нь заримдаа хэрэггүй юм болов уу гэх бодол дотроос хатгасан учраас тэр л дээ.

Эмч болоогүйгээ нэг л зүйлээр цагаатгаж, тайвширдаг

-Намайг сурвалжлагчаар ажиллаад хэдхэн сар болж байхад та ХЭҮК-ийн даргаар томилогдож байжээ. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд таныг хүний эрхийн Бямбадорж гэх болж. Гэтэл та улстөрч байсан, бүр санаж бодсоноо хэнээс ч эмээхгүйгээр хэлдэг зоримог, халмаг эр байжээ. Улстөрч байсан он жилүүдийг тань би мэдэхгүй. Нэгэнт тантай яриа өрнүүлье гэж шийдсэн учраас номын санд сууж 1996-2004 оны сонинуудыг гарчиглалаа. Та улстөрчийнхөө хувьд галан дундуур туучсан он жилүүдийг өнгөрүүлжээ гэж бодогдсон шүү. Гэхдээ би таны намтрыг бүрэн эхээр нь хайгаад олсонгүй, тантай танилцмаар байна?

-Одоо бодоход их хугацаа өнгөрчээ. Миний талаар сэтгүүлчид 10 гаруй хөрөг бичсэний нэгнийх нь зохиогчийг олоогүй, хэвлэгдсэн учраас авч хадгалсан. Ярилцлага бол тоймгүй олон. Би ярилцлага өгөхдөө өөрийгөө дөвийлгөх дургүй, хүнд хэрэгтэй, үлдэцтэй зүйл болоосой гэж боддог. Өнөөдрийн чи бидний дунд өрнөсөн яриа ч тийм байгаасай гэж хүсч байна. Би малчны хотонд 1954 онд төрсөн, есөн хүүхэдтэй айлын ууган хүү. Ижий, аав маань мал маллаж байгаад 1990 онд бурхан болцгоосон. Чи бид хоёрын ярилцлага манай комиссоос НҮБ-ын Хүн амын сангийн Суурийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй /тэдний саналын дагуу/ малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар судалгаа хийж, Дорнод, Сүхбаатар аймгаар яваад ирсэн үетэй давхацлаа. Орчин үеийн хүн төрөлхтний аж амьдралтай харьцуулахад малчин эмэгтэйчүүд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. Бид маш олон зүйл ярьдаг хэр нь энэ тухай хэлж, бичдэггүй нь эндээс харагдсан. Энэ талаар ирэх жилийн Хүний эрх, эрх чөлөөний илтгэлд оруулна. Ингээд явж байхдаа муу ижий, аав хоёроо их өрөвдлөө. Үнэхээр хүнд хөдөлмөр, цаг агаарын амаргүй нөхцөлд малтайгаа хамт явсаар богино насалсан даа гэж бодоход харамсалтай санагдах юм.

Академич Ж.Амарсанаа, С.Төмөр бид гурав Үндсэн хуулийн төсөл боловсруулчихаад тэр үеийн АИХ-ын сонгуулийн хуулийг боловсруулах ажил дээр сууж байсан. Тэгээд сууж байтал Ж.Болдбаатар орж ирээд “Чи хааччихдаг юм бэ. Доор чуулган болж байна. Чиний нэрийг Улсын бага хурлын гишүүнд дэвшүүлж байна” гэсэн. Ний нуугүй л яръя. Хуулийн төсөл маань ч нэлээд ахицтай болчихсон байсан учраас гурвуулаа ганц юм татъя гээд дундаа тавьчихсан сууж байсан үе. АИХ-д үнэртүүлээд давхиж орсон шүү.

Аймгийнхаа төвийн 10 жилийн  дунд сургуулийг төгсөөд конкурст орж “алуулаад” Хууль цаазын дунд сургуульд орсон. Тэр үед конкурсаар очсон хүмүүс бөөн будилаан тариад бүр 7 сарын сүүлийг үзсэн юмдаг. Гэгээрлийн яамны орлогч сайд С.Зоригийн аав Санжаасүрэн гуай сүүлд очиж учир зүйг олсон байдаг юм. Уг нь би эмч болох байсан юм. Эмчийг их шүтдэг, одоо ч мөн адил. Малчин айлын хүүхдүүдээс аль эрт л мэргэжлээ сонгосон хүн би байх шүү. Гэвч хувь заяа намайг хуулийн салбар руу чирчихсэн хэрэг. Тэр үеийн Хууль цаазын дунд сургууль дээд сургуулиас илүү. Манай анги анх удаа аравдугаар анги төгссөн хүүхдүүдээс авсан захиргааны ангийн анхны элсэлт. Тэр үед их, дээд сургуулийн тэтгэлэг сард 240, Хууль цаазын дунд сургуулийнх 300 төгрөг. Сайд нарын зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн захиалгаар анхны захиргааны ангийг байгуулсан нь тэр юм билээ. Энэ сургуулийг төгсөөд Төв аймгийн гүйцэтгэх захиргаанд Сум хариуцсан зохион байгуулагчаар ажилласан. Энэ ажлыг тухайн үед дээд сургууль төгссөн хүн хийдэг байсан ч захиргааны анги төгссөн болохоор намайг томилсон болов уу. Энд дөрвөн жил ажиллачихаад Эрхүүгийн их сургуулийн бэлтгэл, тэндээсээ Москвагийн их сургуульд хуваарилагдаад 1985 онд хуульч мэргэжлээр төгсөж ирсэн. Ирээд намын дээд сургуульд долоон жил багшилж байгаад Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож  байлаа.

-Та эмч болоогүйдээ харамсдаг юм биш биз дээ?

-Би их сайн эмч болох байсан байх. Хэрэв би эмч болсон бол ижий, аав маань тийм эрт бурхны оронд одох байсан болов уу гээд бодно шүү дээ. Олон түмэнд их тус болох байсан гэдгээ мэддэг. Гэхдээ өөрийгөө тайтгаруулдаг ганц зүйл бий. Эмч хүн нэг хүнийг эмчилж, тухайн гэр бүлд аз жаргал бэлэглэдэг. Хуульч хүн нийгмийг эмчилдэг. Нийгэмд байгаа буруу зөрүүг арилгаж, онош тавьж, засаж залруулж чиглүүлдгээрээ үүрэг роль нь асар их. 30 гаруй жил ажиллачихаад одоо ингээд харж байхад Б.Чимэд гуайн хууль боловсруулах аргаас сурчээ. Хууль боловсруулахгүй 10 гаруй жил болчихлоо. ХЭҮК-ийн хуулийг боловсруулаад хоёр өдөр суулаа. Ямар гоё байсан гэнэ санана. Зүйрлэвээс найз нөхөд цуглаад ганц хундага татаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна лээ шүү.

-Намын дээд сургуулийн багш, залуу боловсон хүчин яаж яваад Улсын бага хурлын гишүүн болчихов оо?

-Юм гэдэг их сонин. УИХ-ын гишүүн, талийгч Төмөр МУИС-д би намын дээд сургуульд багшилж байтал Б.Чимэд багш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гээд дуудсан. 1990 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд голлох үүргийг бид хоёрт оноож, олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэгтэйгээр боловсруулж батлуулсан юм. АИХ-аа шинээр байгуулж, Ерөнхийлөгчтэй болсон тэр институцийг хийсэн. Тэр үед өөрчлөн байгуулалтын талаар Намын дээд сургуулийн багш Болдбаатар бид хоёр радио, телевизээр ярьдаг, олон түмэнд танигдаж байсан үе. Үүний дараа шинэ Үндсэн хууль боловсруулах ажилд өдөр шөнөгүй зүтгэсэн. Академич Ж.Амарсанаа, С.Төмөр бид гурав Үндсэн хуулийн төсөл боловсруулчихаад тэр үеийн АИХ-ын сонгуулийн хуулийг боловсруулах ажил дээр сууж байсан. Тэгээд сууж байтал Ж.Болдбаатар орж ирээд “Чи хааччихдаг юм бэ. Доор чуулган болж байна. Чиний нэрийг Улсын бага хурлын гишүүнд дэвшүүлж байна” гэсэн. Ний нуугүй л яръя. Хуулийн төсөл маань ч нэлээд ахицтай болчихсон байсан учраас гурвуулаа ганц юм татъя гээд дундаа тавьчихсан сууж байсан үе. АИХ-д үнэртүүлээд давхиж орсон шүү. Залуу ч байж, хүний амьдрал юм даа. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улсын бага хурлаас хэд хэдэн гишүүн гарч, нөхөн сонгогдсон нь энэ л дээ. 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр  би Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон. АИХ-ын депутатууд санал өгдөг. Тэгэхэд 329 депутат санал өгснөөс дөрвөн санал нь хүчингүй, 325 нь намайг Улсын бага хурлын гишүүнээр томилохыг дэмжсэн байдаг юм. Орой гэртээ очсон чинь найз нөхөд маань ирчихсэн бөөн баяр болсон. Найз нөхдөө хараад сэтгэл хөдлөөд хөөрөөд л яг тэр үед гэнэт муу ээж, аав хоёр маань байсан бол гэж бодогдоход өнөө баяр баясал унтарсан. Хүний амьдралд тохиолддог олон сайхан зүйл бий. Хамгийн сүүлд ХЭҮК-ийн даргаар томилогдоход хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар намайг томилсон. Ингээд бодохоор би өөрийгөө Монголын төрд жаахан ч болтугай зүтгэсэн юм болов уу гэж боддог шүү. Ямар нэг хэл аманд оролгүйгээр өдий хүрсэн дээ. Ер нь УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдоход саналын хувиар эхний тавд л ордог байсан шүү.

-АИХ-ын депутатуудад Үндсэн хуулийн хичээл зааж байхад ээж тань зуурдаар өнгөрч байсан тухай сонсож байсан. Хүний амьдрал үнэхээр тааварлашгүй бас хяслантай байх юм...

-Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдаж хоёрдугаар сарын 13-нд хүчин төгөлдөр болсон юм. Тэр үеийн АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүдэд Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй талархал хадгалуулсан. Тэр талархлын эхнийхийг П.Очирбат Ерөнхийлөгч надад өгсөн, түүгээр би бахархаж явдаг. Энд би талийгч Төмөрийгөө л их дурсдаг. Үндсэн хууль боловсруулах өдрөөс эхлээд бид хоёр салаагүй дээ. 1990 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулах үеэр Төмөр бид хоёр АИХ-ын депутатуудад хичээл зааж байлаа. Хичээл заачихаад гараад ирсэн чинь манай гэр бүлийн хүн УИХ-ын Тамгын газар руу утасдаж, надтай яриулж өгөөч гэсэн байгаа юм. Тэр үед гар утас гэж байсан биш. Тэгэхэд миний муу аав ходоодны хорт хавдар тусчихаад хүнд байсан үе. Эхнэр маань утсаар “Ээжийн бие гэнэт муудчихжээ” гэсэн. Эв эрүүл, саруул байсан ээж маань өвдсөн гэхээр гайхаад “Үгүй аав байлгүй дээ” гэсэн. Ердөө сар гаруйн өмнө Новосибирскийн намын дээд  сургууль руу би хэдэн сэтгүүлчийг сарын хугацаатай мэргэшүүлэхээр авч явсан юм. Гурван охин, нэг хүүтэй байсан үе. Тэндээс ирээд хүүгээ ой хүрсний дараа аав, ээждээ аваачиж үзүүлье гээд зорьж очоод 20 гаруй л хонож байсан юм. Ижий, аавынхаа голыг дэвтээсэн дээ. Тэр бол 1990 оны гуравдугаар сар. Үүнээс хоёр жилийн өмнө 1988 онд миний 25 настай дүү бурхан болчихсон, ижий, аав хоёр маань “хүний тал” болчихсон үе. Жилийн дараа 1988 оны сүүлээр миний хүү төрсөн. Ээж эмнэлэгт аавыг сахиж байхдаа ядраад зургаан цагт нэг тариа хийлгэсэн байгаа юм. Тариа залгаад удаагүй байхад наадах аа салгаарай болохоо байлаа шүү гэсэн гэнэ лээ. Тэгээд л асуудал үүссэн. Хотод хоёр дүү маань байдаг. Шавь нар руугаа яриад өглөөний билет бичүүлээд байж байгаарай гээд хоёр дүүтэйгээ хамт Ховд аймгийн Дарви сум руу ниссэн. Онгоцноос буугаад гэрийнхээ гадаа очиход өрх бүтээлгэтэй. Ээжгүй болчихож дээ гэж бодоод дүү нартаа “Ээж байхгүй, аав байгаа шүү. Сэтгэлээ захираад ороорой” гэсэн. Үнэхээр хүнд. Хар цагаан дуугүй очоод аавыгаа тэврээд авсан, хэн нь ч дуугарч чадахгүй. Аавыгаа, хэдэн өнчин дүү нараа аваад хот руу буцсан. Бага нь 10-тай, дараагийнх нь 12-той. Удаа ч үгүй аав маань есдүгээр сард нь бурхан болсон. Сая малчдын хотоор явж байхад муу аав ээж хоёр маань өөрийн эрхгүй бодогддог юм байна. Хүн гайгүй явахаараа ээж, аав маань үзсэн ч болоосой гэж боддог юм билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг би дэмждэггүй

-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Та ямар суурьтай байна вэ?

- Би Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хүн. Москвагийн их сургуульд таван жил сурахдаа сүүлийн гурван жил Үндсэн хуулийн эрхзүйгээр дагнаж сурсан. Төмөр ч мөн адил. Үндсэн хуулийг боловсруулж, гар бие оролцож, бүтээлцсэнээ эрхэмлэж, чухал үйл явдал гэж үздэг. Тийм ч учраас Үндсэн хуулийн өөрчлөлтөд би ер нь дургүй. Гэхдээ өөрчлөлт оруулах зүйлүүд бий. Түүнийгээ барьж авч чадахгүй байгаа. Тийм учраас нэг их дэмждэггүй. Би улстөрч хүн биш учраас улс төр ярихад хэцүү байна.

-Яагаад улстөрч биш гэж вэ. Таныг ид улс төрд байх үед 2000 онд дордуулсан долоон өөрчлөлт хийсэн шүү дээ. Тэр үед та яагаад дуугараагүй юм бэ?

-Тэр гарцаагүй зөв байсан. 2000 оны өөрчлөлтийг хүчингүй болговол УИХ дампуурна гэж зарим хүн хэлж байна. Энэ үнэн. Цээжээ дэлддэг хэсэг хүмүүс одоо их болжээ.

-Засгийн газар, УИХ-ын гишүүнийг хавсарч хийж болно гэдгийг та дэмжиж байгаа хэрэг үү?

-Уг нь давхар дээл байх ёсгүй юм. Харин Ерөнхий сайд гишүүн байх ёстой. Засгийн газрын гишүүдийн тодорхой хувийг “давхар дээл”-тэй байлгаж болно. Одоо бүгд 100 хувь давхар хашиж болох юм шиг гайтай заалт бий. Тэгээд сонгуулийн системээсээ болоод буруудчихаад байгаа юм. Чи бод доо. Аль ч орны сайд өндөр албан тушаал. Ажил хийдэг хүмүүс байдаг. УИХ-ын гишүүнтэй нийлэхээрээ болдоггүй. Тиймээс чөлөөлөгддөг, ингэхээр нөхөн сонгууль болно. Суудлаа алдчих гээд зовлон бий. Үүнийг зохицуулах арга бий, даанч авч хэлэлцэхгүй юм.

-Яаж?

-Улсын хэмжээнд нэг тойрог байгуулаад сонгогч нэг л хүний төлөө санал өгнө. Намууд хүн нэр дэвшүүлж байгаа шүү дээ. Батзаяагийн өгсөн саналыг А намд, Бямбадоржид өгсөн саналыг Б нам тооцоод СЕХ намынх нь авсан саналаар дүнгээ нэгтгэж гаргана. Жишээ нь, танай нам 51 хувийн санал авсан бол 39 суудалтай л гэсэн үг. Танай намаас сайд болох сонирхолтой хүн байвал УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд тэр орон гарсан суудалд жагсаалтад байгаа дараагийн танай намын хүн орж ирнэ. Ийм системээр явбал их зүгээр. Энэ саналыг хэлдэг ч УИХ-ын гишүүдийн амбицаас болоод хэрэгждэггүй, бүтдэггүй. Үүний тулд нам боловсон хүчин сайтай байх ёстой. Нам жагсаалт гаргана, сонгогчийн өгсөн саналаар СЕХ бас жагсаалт гаргана. Намынхаа жагсаалтад 48 дугаарт эрэмбэлэгдсэн байлаа гэхэд чи сонгогчдоос авсан саналаараа 39-т орж ирж УИХ-ын гишүүн болох боломжтой гэсэн үг.

Гишүүдийн тараасан бэлгээр үзэсгэлэн саяхан гарсан гэж байна. Сонгуулийн тогтолцоо нь ийм болчихсон болохоор ялахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг юм шиг. Биднийг УИХ-д өрсөлдөж байхад танигдсан нүүрээрээ л явдаг байсан. Юу нь эд бараа тараах вэ. 1992 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, хамт дэвшиж байсан Норовсамбуу бид гурвын сонгуулийн сурталчилгааны материал бичгийн цаасны тал дээр багтаж байсан.

-Дордуулсан долоон заалтын зургааг нь өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна лээ..?

-Тэр чадахгүй ээ. Алийн болгон буруугаа амьгүй юм руу чихдэг байх юм бэ. Үүнийгээ хэзээ болих вэ.

-Таныг тойрогт нэр дэвшээд их хурлын гишүүн болж байх үеийг одоогийнхтой харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй болжээ. Асуудалд юундаа байна вэ?

-Сонгуулийн тогтолцоондоо байгаа юм. Хүнд ерөөсөө байхгүй. Гишүүдийн тараасан бэлгээр үзэсгэлэн саяхан гарсан гэж байна. Сонгуулийн тогтолцоо нь ийм болчихсон болохоор ялахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг юм шиг. Биднийг УИХ-д өрсөлдөж байхад танигдсан нүүрээрээ л явдаг байсан. Юу нь эд бараа тараах вэ. 1992 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, хамт дэвшиж байсан Норовсамбуу бид гурвын сонгуулийн сурталчилгааны материал бичгийн цаасны тал дээр багтаж байсан. Зөвхөн намтар л сонгогчдод өгч байгаа юм. 1996 оны сонгуулийн тараах материал нэг хуудас л байсан. 2000, 2004 оныхоос өмнөхөөсөө дээрдсэн ч сонгогчдод эд материал тараана гэсэн ойлголт огт байгаагүй.

-Одоо бүр утгаа алдчихлаа..?

-Сонгогчид нь, сонгуулийн тогтолцоо, хууль маань ч ийм байдалд хүргэлээ. Түрүүний миний ярьдаг тогтолцоог УИХ-ын дарга Г.Занданшатар мэднэ л дээ. Энэ саналыг ч би танилцуулсан. Удирдлагын академийн залуучуудад энэ саналыг судал гэсэн үүрэг өгсөн байна лээ. Судалгааны материал бэлэн болчихсон. Танилцуулаагүй байгаа, энэ бас л явахгүй юм болов уу  даа.

Би Нямдоржийгоо хамгаалж чадаагүй шүү дээ

-Үндсэн хуулийн цэцийн даргаар та зургаан жил ажилласан. Үндсэндээ хуульч хүний хүрч болох хамгийн дээд албан тушаал. Энэ байгууллага улс төрөөс хараат, хэт улстөржсөн шийдвэр гаргадаг болчихлоо гэх шүүмжлэл нийгэмд байна.

-Би энд зориуд нэг зүйлийг хэлмээр байна. Тэр зургаан жилд надтай хамт ажилласан Цэцийн гишүүддээ баярлаж, бахархаж явдгаа хэлье. Бид Үндсэн хуулийг жинхэнэ утгаар нь тайлбарлаж, шийдвэр гаргаж явсан шүү. Ард түмэнд, улстөрчдөд үүнийг хэлчихье. Цэцэд өргөдөл өгөөд гомдол өгөөд дарагдаад алга болчих юм гэсэн шүүмжлэл явж байна лээ. Би гайхсан. Үгүй байлгүй дээ. Бидний үед тийм байгаагүй. Ямар нэг улс төрийн шийдвэр бид гаргаж байгаагүй. Тэр үед ирж байсан гомдол, шийдвэрлэж байсан байдлыг судлаачид минь нэг үзээч ээ гэж хэлмээр байна. Үндсэн хуулийн цэц байгуулагдаад 12 жил болж байхад би даргаар нь очсон. Тэр 12 жил Цэц үүргээ биелүүлсэн. Совд, Жанцан гэж агуу амьтад байсан юм. Тэдний үед болон надтай хамт ажиллаж байсан хүмүүс жинхэнэ луугарууд  байсан шүү. Би ганц л зүйлийг хэлдэг байсан. Янз бүрийн захиалга дарамт, шахалт ирнэ. Битгий автаарай. Дараа нь ичихгүй байя хэдүүлээ. 10, 20 жилийн дараа судлаачид үзээд тэр хүн ямар арчаагүй амьтан байсан юм бэ, ингэж Үндсэн хуулийг ойлгож, тайлбарлаж байжээ. Тэгсэн хэрнээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн шүү гэж шоолно гэдэг байсан.Тийм ч учраас жинхэнэ мэргэжлийн, өндөр түвшний яриа л Цэцэд өрнөдөг байлаа.

Наад зах нь Нямдоржтойгоо би улс төрд олон жил зүтгэсэн. Хамгийн их хайрлах, өмгөөлөх, ёстой байсан юм. Хайрлаж ч явсан, үүсээд буй асуудлаас нь гайгүй шиг гаргачих юмсан гээд чадаагүй шүү дээ. Би субьектив байдлаар нөлөөлөх гээд чадаагүй. Тийм ч учраас Нямдоржийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж байсан. Одоо тэгж гаргаж харагдана даа.

-Үүнээс болж Нямдорж дарга та хоёрын харилцаанд ан цав суусан гэдэг байх аа?

-Би Нямдоржийг оруулсан засвараа засчих гэж гуйгаад бараагүй. Түүнийгээ засчихвал зөрчил ариллаа гээд асуудлыг шийдчих санаатай. Гүрийсээр байгаад засаагүй юм шүү дээ. Нямдорж би худлаа зүйл хийгээгүй гэсэн. Үнэхээр ч тийм байсан. Гэхдээ санал хураалгаад, редакц хийсний дараа хичнээн сайжруулсан ч УИХ-ын дарга цэг, таслал ч нэмэх ёсгүй л дээ.  Хоёр талд л гүрийсээр байгаад л дууссан даа.

-Одоо та хоёр эвлэрсэн үү?

-Надад гомдсон байдаг юм билээ. Гэхдээ манай хүн миний талаар буруу мэдээлэл авсан байдаг. Нямдорж маань одоо УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд учраас тэр бүр уулзаад байж чадахгүй юм. Ажил төрлийн шугамаар л байхаас биш. Хааяа ороход Лүндээ тэр хоёр шатар тоглоод сууж байхад таарч хэд гурван үг солино.

-Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байна гэж Совд гуай хэлсэн. Одоо яг юу байна вэ?

-Уг нь ийм л байх ёстой юм. Би гэхдээ энэ үгийг хэрэглээгүй. Яагаад гэхээр, Совд гуай агуу хүн. Тэр хүний хэлсэн үгийг хэрэглэхээр би өөрийгөө тэнгэрийн амьтан гээд хэлчих гээд байгаа юм шиг санагдсан. Совд гуай тэр үгийг маш их агуулгаар хэлсэн гэж боддог. Монголчууд тэнгэрийг шүтдэг. Эзэн хаанаасаа эхлээд мөнх тэнгэрээ шүтэж ирсэн. Тэгвэл Үндсэн хууль гэдэг чинь тэнгэрийн зарлиг шүү гэдэг утгаар хэлсэн үг. Тэнгэрийн зарлигийг зөрчиж болохгүйтэй адил ойлголт. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд гуайн хэлсэн үг бий. Энэ үг бичигдэж үлдээгүй байх юм. Чиний ярилцлагаар дамжуулаад хэлчихье. “Та нар хууль боловсруулж байхдаа нийгмийн харилцаа ямар байгаа юм. Энэ нийгмийн харилцаанд болж байгаа муу зүйлийг нь эхлээд олж хар. Хууль гаргахгүй бол ийм ийм муу уршиг байна гэдгийг хар. Тэр муу зүйлүүдийг яаж сайн болгох вэ гэдгийг олж харж чадаж байвал хууль болно гэсэн” үг гэж хэлж байсан. Үүнийг бүх үеийн хууль боловсруулж байгаа хүмүүс, хууль тогтоогчид байнга санаж баймаар байна. Гадаадад ийм хууль байдаг гэж орчуулж бичихээсээ илүү юуг зохицуулах  юм, юу нь болж, болохгүй байгааг яаж засах вэ гэдгийг гаргаж бичих ёстой. Ингэж байж сая хууль болно.

-Цэцийн даргад улс төрийн дарамт ирдэггүй юм байж, гэхдээ танил талаар дамжсан элдэв хүсэлтүүд ирж байсан биз дээ?

-Ер нь байдаг шүү. Мэддэг, таньдаг хүмүүсээс ярина. Гэхдээ улс төрийн талаас улайм цайм хэлж чадахгүй. Ааш муутай байсан болохоор хамаагүй халдаж чадахгүй л дээ.

Би буруу хэнхэглэж байснаа хожуу ч гэсэн ухаарсан

-1996-2000-аад оны сонинуудад улс төрийн үйл явдлын протоколыг өнөөдрийнхтэй харьцуулахын аргагүй нүдэнд харагдтал бичдэг байсан байна лээ. Тухайн улстөрчийн биеийн хэл, өгүүлэмжийг хүртэл бичдэг. Та нэлээд хурц, хатуу ширүүн үгтэй улстөрч байсан тань тэр үеийн протокол, ярилцлагаас харагдаж байсан. Зарим тохиолдолд одоогийнхоор поп улстөрч байжээ..?

-Ах нь 1992-1996 онд Улсын бага хурлын болон УИХ-ын  гишүүн байхдаа хуульч л байя гэж бодсон. 1996 онд УИХ-д нам ялагдахад хуульчаас гадна улстөрч байх ёстой юм байна гэж шийдсэн, энэ үеэс л дуугарч эхэлсэн дээ. 2004 он хүртэл улс төрд 8 жил нэлээд хахир яхир явсан байх. Поп улстөрч байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гаргаж байсан саналыг маань хүлээн авдаг л байсан. Гэхдээ шаардлагатай зүйлийг нь хэлдэг. Ер нь мэдээлэлгүйгээр УИХ-д би үг хэлж үзээгүй. Гэтэл одоо өөрийнхөө санаанд орсноор, эсвэл хүний ятгалгаар үг хэлдэг ганц нэг хүн улс төрд байгаа харагдах юм. Тэр нь яваандаа алдаа болдог. Тэр үеийн УИХ-ын гишүүд мундгууд байжээ. Хүний үгээр асуудлыг хараад байдаггүй л байсан. 1992-1996 оны парламентын үед Энхбаяр дарга Соёлын сайд, академич, доктор Батсуурь нар Соёлын тухай хууль хийх гэдэг юм. Аваргууд хоорондоо үзэлцээд хууль явдаггүй. Тэд надад санал тавьсан. Хууль болгож бичих нь миний үүрэг, нөгөө хэд хэлж зааварлах үүрэгтэй. Би өөрөө сайн мэдэхгүй хоёр хууль бичсэний нэг нь энэ. Нөгөө нь Төмөр замын аюулгүй байдлын хуулийг Засгийн газар оруулж чадахгүй, гишүүнээр боловсруулмаар байна гээд надад хандсан. Огт мэдэхгүй хоёр хууль боловсруулахад Б.Чимэд гуайн үг л бодогдож байсан. Жишээ нь, төмөр замын асуудалд торгодог заалтыг нэлээд ул суурьтай хийсэн байсан юм.

-Одоо та улс төрийг гаднаас харж байна. Ямар бодол тээж байна вэ?

-Бухимдах үе бишгүй. Одоо байгаа байдлаар ярилцлага өгөөд янз бүрийн хэл амтай учирч явлаа. Гэхдээ би дахиад хэлчихье. Одоохондоо би өлсөөгүй байна. Сая, тэрбумаар тооцогдох хөрөнгө надад байхгүй. Бизнес ч алга, 1072 хувьцаа л бий. Төрд алба хашаад цалин мөнгөөрөө өлсөхгүй, гэдэс цатгалан байна. Гэхдээ би “өлсөж” байна. Улстөрч, төрийн өндөр алба хашиж байсан хүний хувьд зарим буруутай үйл ажиллагаанаас болж сэтгэл санаагаараа өлсөж байна. Энэ гэдэс өлсөхөөр хэцүү эд. Зарим шөнө нойр хүрэхгүй. Бухимдах тохиолдол гарах л юм.

-Таны ярианаас надад худал хэлэх, хулгай хийх шаардлага байхгүй. Би өндөр ёс суртахуунтай хүн, энэ чигээрээ л дуусна гэж уншигдаж байна.

-Үнэн. За даа, улс төр ярих хэцүү байна. Би чинь төрийн тусгай албан хаагч шүү дээ. Ямартай ч тогтолцоог өөрчлөхөөс өөр арга алга. Юуны өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг дахиад тодотгоё.

-Таныг улстөрч байх үеийнхээс эдийн засаг маш их өссөн. Тухайн үед бага мөнгөөр их ажил хийгээд болоод байжээ. Гэтэл одоо байгаа байдлыг харахаар бид хааш яваад байна даа гэж сэтгэл эмзэглэх юм.

-Би 2000-2004 онд Улсын их хурлын дэд дарга, олонхийн бүлгийн ахлагч, бодлого тодорхойлох шатанд байсан. Тэр үед 600 тэрбум гаруй төгрөгийн орлого, зарлагатай байсан. Гэтэл гэнэтхэн их наядаар яриад эхэлсэн. Их наяд гэж ямар тоо байдаг юм бэ гээд гадаадаар мэддэг байсан өнөө тоогоо монголоор мэдэж авч байлаа. Одоо зөв хуваарилах нь чухал. Сая орон нутагт ажиллаж байхад хүмүүс хэлж байна. Халамж хавтгайруулснаас ажил хийдэг хүн хөдөөд байхаа больжээ. Энэ үнэн. Хүүхдээ ч хайхрахгүй халамжийн мөнгөөрөө архи уугаад байж байдаг гэр бүл ч байна. Ажил хийлгэе гэхээр хийж өгдөггүй. Нэг суманд сарын 380 мянган төгрөгийн цалинтай хогны машины ачигч хийлгэе гээд хүн олдохгүй байна гэнэ. Хавтгайрсан энэ халамжийг болих хэрэгтэй. Хүнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Намайг улстөрч байх үед халамж байсан. Гэхдээ арай ч ийм хавтгайрсан хэлбэртэй байгаагүй юм.

-Энэ чинь бодлогын, хүний, тогтолцооны алдаа юм уу. Аль нь юм. Яаж засах ёстой юм бэ?

-Бодлого, тогтолцоо. Ер нь тэгээд явж явж миний түрүүний чамд тайлбарладаг сонгуулийн тогтолцоо шүү дээ. Бүх шатандаа ийм болчихоор засахад хүнд. Цөөн хүн амтай улсад аливаа зүйлийг амархан өөрчилж болдог. Бид ардчилалд шилжсэний дараа хүн бүр гар хуруугаа хөдөлгөж байж амьдарна гэдгийг ойлгож, чармайж эхэлсэн. Төд удалгүй  амархан аргаар баяжиж болох юм байна гэж ойлгоод түүн рүү явсан. Хээл хахууль авч байж л мөнгө олж болох юм гэх болсон. Бизнес зөв явж өгөхгүй байсан учраас тэд улс төр рүү орсон. Хөлсөө дуслуулж байж босгосон бизнест улс төрийн дарамт байсан учраас хамгаалахын тулд улс төрд орж байна. Нууц биш шүү дээ. Ингээд ярихаар тогтолцоо байгаа биз. Намайг улс төрд байхад бизнесмэнүүд улс төрд бараг байгаагүй юм шүү.

-Залуус бидэнд сайн сайхан цаг ирнэ, шударга байдал тогтоно гэсэн хүлээлт байсаар л байна. Аливаа улс орон хөгжлийнхөө явцад унах үедээ унаж, босох үедээ босож байж энэ намгаас гарах юм биш үү?

-Би заримдаа цэцэрхдэг байжээ. Хүн төрөлхтөн буруу гээд тогтоочихсон  байхад “Буруу юу, зөв үү” гэдгийг заавал биеэрээ туршиж үзээд байх юм. Ингэдгээ болиоч гэж байсан. Гэтэл хүссэн хүсээгүй туулдаг юм байна. Энэ жам ажээ. Хүн сэтгэхүйн амьтан. Сэтгэлзүйн орчин өөрчлөгдөөгүй байхад яаж ч болдоггүй юм байна. Сэтгэлгээний өөрчлөлтөө хийж чадаагүй бусдыг дуурайж хийх гээд алдаж байгаа жишээ л юм даа. 200 жилийн өмнө ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн улс хааш нь мөнгөө оруулж яах вэ гэдгээ мэддэг болчихсон. Бид бол үгүй. Нэг сүлжээ гарахад гүйж очиж ороод мөнгөөрөө хохирдог. Биеэрээ туулж, зовлонг нь эдэлж байж зөв голдирол руугаа орох юм байна. Алдааг бас засч болно.

Хүний амьдрал хоёрхон газар өнгөрч байна. Нэг нь ажил, нөгөө нь орон гэр. Энэ хоёр газраа л аз жаргалтай байх ёстой. Ажил дээрээ бухимдсан бол түүнийгээ тайлчихаад гэртээ ороорой. Эхнэр, нөхөр, үр хүүхэд тань чиний ажлын нөхцөлөөс болсон зүйлд чинь буруугүй шүү дээ. Сүүлийн үед залуучууд сайхан л байна. Гэхдээ хэлбэр биш агуулга баймаар байна

Зах зээлийн харилцаанд шилжихэд эмэгтэйчүүд дээд боловсролтой болсон. Эрчүүдийг “Ачигч хийгээд ч гэсэн амьдарна” гээд охидоо сургуульд явуулсан. Энэ үйл явц 2000 он гартал үргэлжилсэн учраас тэр үед их, дээд сургууль төгссөн хүүхнүүдийн зарим нь нөхөргүй, эсвэл гаднын хүнтэй сууснаас болж адлуулж чичлүүлж байна. Орчин үед мэргэжилгүй, боловсролгүй бол ажил олдохгүй, мөнгөгүй учраас сэтгэл санаагаа засахын тулд архи ууна. Эрчүүдийн боловсролын асуудал хэсэг хөндөгдсөн. 2000 он гараад хөвгүүдээ ч гэсэн сургаж, энэ харилцаа өөрчлөгдсөн. Гэтэл сая хөдөө орон нутагт явж байхад энэ байдал давтагдах шинжтэй. Малчид охидоо л сургуульд явуулж байна. Хөвгүүд морь мал гээд малчны хотны хүнд хүчир ажлыг хийдэг учраас сургуулиас завсардаж мал дээр гарч байгаа нийтлэг төрх ажиглагдлаа.

Би харгис ах

-Хэдэн өнчин дүү нараа та хүн болгожээ. Бүгдийг нь дагуулаад элэг бүтэн байсан төрж өссөн нутагтаа очив уу?

-“Муу” ах гэдгийг харуулах гэсэн юм шиг ийм зүйл асууж байдаг чи ямар “эсэргүү амьтан” бэ. Хэнхэглэж явсаар байгаад өнгөрсөн жил л очлоо. Миний дараагийн хоёр дүү маань нас барчихсан. Одоо тавуулаа байна. Дөрвөн дүүгээ аваад өнгөрсөн жил наадмын урд өдөр хонь хариулж өссөн Сутай уулынхаа хөндийд цастай оргилыг нь хараад тав хоносон. Зурагтгүй, утасгүй, интернэтгүй нөхцөлд тав хонолоо. Гоё байсан. Дүү нар хүүхэд байсан үеэ, аав ээжийгээ яриад үнэхээр сайхан. Аав ээжийнхээ нутаглаж байсан газар нутгаар явахад үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрсөн шүү.

-Та ахын үүргийг хэр сайн гүйцэтгэсэн гэж боддог вэ?

-Яах вэ, боломжийн гэж хааяа бодно. Гэхдээ миний дүү нар хүндхэн амьдралтай. Өдөр хоногоо аргацаасан нь ч бий. Нэг талаараа би харгис ах. Тэгэхгүй бол толгой дээр мордчих гээд бас хэцүү. Бүр хүндэрсэн үед нь л наана цаана гэхээс биш. Барагтай бол наашаа гэхгүй. Энэ их ажлын дундуур та нар зовлон, жаргалаа надад битгий хэлээд байгаарай гэдэг. Өөрсдөө л амьдралаа авч яв гэнэ. Товхондоо би хайр нь дотроо хал нь гаднаа хүн.

-Хүний хорвоод бие биеэ олж ханилан сууж, нэг хүн шиг нэг зүгт харах тухай таныг нэг бус удаа ярьж байхыг сонссон. Амьдралд баяртай, жаргалтай, гунигтай олон л зүйл тохиолдоно. Та амаргүй амьдрал туулжээ..?

-Ах нь амьдрал үзсэн. 30 жил ханилсан ханиа алдсан. Манай эмнэлэг бас л хариуцлагагүй хандаж, буруу оношилсон. Манай хоёр охин Америкт амьдардаг. Аавыг байхад мэргэжлээрээ ажиллахгүй юм байна гээд явцгаасан. Одоо тэнд гэр бүлээрээ амьдарч байна. Би ч их арчаагүй хүн байж. Хүний амьдрал эрээн бараантай юм. Хорвоод тулж түших ханиа алдчихаад явж байхад надад нэг хүн таарсан. Одоо бид хоёр амь, амьдрал минь болсон 10 настай хүүтэй. Би төрд хүнд хүчир ажлыг нь хийж, нугалж зарагдаж байна гэж заримдаа боддог. Үүний хариуд бурхан надад хоёр сайхан хань заяасан. Миний төлөө үхэхээс ч буцахгүй хоёр хүн. Үүнд л баярлаж явдаг. Би залууст байнга хэлж захидаг нэг зүйл бий. Хүний амьдрал хоёрхон газар өнгөрч байна. Нэг нь ажил, нөгөө нь орон гэр. Энэ хоёр газраа л аз жаргалтай байх ёстой. Ажил дээрээ бухимдсан бол түүнийгээ тайлчихаад гэртээ ороорой. Эхнэр, нөхөр, үр хүүхэд тань чиний ажлын нөхцөлөөс болсон зүйлд чинь буруугүй шүү дээ. Сүүлийн үед залуучууд сайхан л байна. Гэхдээ хэлбэр биш агуулга баймаар байна. Хань ижилдээ “Хайртай шүү” гэдэг үгийг мессэжээр бичих, нүд рүү нь харж байгаад хэлэх хоёр шал өөр. Нүд рүү нь хараад хэлсэн үг энергиэр очдог.

-Хэлбэр бус агуулга баймаар байна гэж байна. Чин сэтгэлийн яриа, нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэлд хэлбэр байдаг юм уу?

-Залуу гэр бүл хоёр зүйлийг заавал хэлж, хэвшмээр. Буруу байвал чин сэтгэлээсээ “Уучлаарай”, үнэхээр баярласан бол “Баярлалаа” гэж хэлдэг баймаар байна. Энэ гэр бүлийн харилцаанд маш чухал шүү. Хүний амьдралд аав, ээж, хань ижил, найз нөхөд үнэхээр хүндтэй. Хань ижлээ хүндэлж, бие биеийнхээ үгийг хүлээцтэй сонсдог, өнгөрүүлдэг байх ёстой. Би “Хань минь дээ” гэж дуу хийж, агуу Жанцанноров аялгууг нь хийсэн. Хүний амьдрал сайхан шүү.

Үүдээр гийсэн хайрын буян хишиг

Үүрд тэтгэсэн  ханийн бурхан түшиг

Өөрөөсөө тасалж удам залгасан эх өрлөг

Илүү ч үгүй дутуу ч үгүй тэгшхэн заяа

Ихдээ ч үгүй багадаа ч үгүй дүүрэн жаргал гэж дуунд маань гардаг.

Сэтгүүлчид асуудлыг хөндөж байгаа нь сайн ч мэдрэмжтэй хандах ёстой

-Хүний нийгэм байгаа болохоор хүний эрхийн зөрчил байж таарна. Ардчилсан нийгэмд хүний эрхийн зөрчил ямар байгаагаас шалтгаалж тухайн улсыг дүгнэдэг болжээ. Танай байгууллага их л баалуулах юм. ХЭҮК байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Нийгэмд тодорхой үр дүн гарсан уу?

-Хүн байгаа газар хүний эрхийн бүхий л асуудал байна. Хүний эрх гэдэг товчхондоо хүн нийгэмдээ амьдрах, боломж нөхцөлийг хэлж байгаа юм. Энэ боломж нөхцөл бүрдэхгүй бол хүний эрхийн зөрчил болно. Үүнийг хүн өөрөө бас төр бүрдүүлэх ёстой. Ер нь эцсийн дүнд нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагддаг. Хүн нийгмийн амьтан. Тиймдээ ч нийгмийн харилцаанд оролцож байж аз жаргалтай болдог. НҮБ-аас танай улс хүний эрх, эрх чөлөөг хэр зэрэг эдлүүлж байна вэ, хүний эрхийг зөрчсөн хууль гаргаж байна уу, төрийн байгууллага албан тушаалтнуудаас хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг байнга авч үзэж байдаг. Тийм ч учраас НҮБ-ын механизмууд ажиллаж эхэлсэн. Өмнө нь НҮБ-ын хороод Засгийн газрын илтгэлийг авч үздэг байсан. Тэгвэл 2010 оноос НҮБ-аас Хүний эрхийн зөвлөл гэж байгуулагдаад бүх асуудлаар Засгийн газрын илтгэлийг дөрвөн жил тутамд авч, зөвлөмж өгдөг болсон. Манайх хоёр дахь удаагаа зөвлөмж авчихаад байгаа. Илтгэлийг сонсоод зөвлөмж өгөөд байдаг юм уу гэвэл үгүй. Үүнийг хэрэгжүүлэхгүй дэлхийн улс орнууд хүний эрхийг хангахгүй бол эдийн засгийн болоод улс төрийн хориг бий. Жишээ нь, Европын холбооны улсууд хүний эрхийн зөрчилд орохгүй байхын тулд маш олон арга хэмжээ авдаг. Хэрэв хүний эрхийн зөрчилд орчихсон бол эдийн засаг болон улс төрийн хориг тавиулдаг. Монголчууд хэнэггүй, ингээд явж болдог гэх маягтай байвал нэг л өдөр хориг ирнэ. Анхааруулга, сануулга ирж л байсан. Хориг ирвэл бид улс төрийн, эдийн засгийн хэцүү байдалд орно. Тийм учраас хүний эрхийн асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан бол нэн яаралтай засах ёстой. Манайх хүний эрхийн асуудлуудыг нэг бүрчлэн бичиж УИХ-д хүргүүлдэг. Нөгөө нэг үүрэг нь ХЭҮК эрх нь зөрчигдсөн иргэдийн гомдлыг хүлээж авч шийдэж байна. Жилдээ 600 орчим иргэний гомдол хүлээж авдаг. Гуравхан сая хүнтэй улсад энэ өндөр тоо. Үүнээс гадна иргэдийг соён гэгээрүүлж, хүний эрхийн боловсрол олгохоор шат шатанд хийж байна. Хүний эрхийн сургагч багш, сэтгүүлчдийн клуб байгуулж сургалт явуулдаг. Хэвлэмэл ном товхимол их гаргаж байна. Нэг үеэ бодвол нийгмийн сэтгэлгээг өөрчилж чадсан. ХЭҮК хараат бус ажилладаг. Комиссын тавьсан асуудалд төрийн ямар ч байгууллага, албан тушаалтан анхаарч ханддаг болсон.

-Олон улсад танай байгууллагыг үнэлсэн байдаг юм билээ. Гэтэл дотооддоо төсөв мөнгө муутай, түшээд нь хайхардаггүй, ниргэсэн хойно нь хашгирах  маягтай. Бид сэтгэлгээ хандлагаа өөрчлөх ёстой юм биш үү?

-Манай комисс олон улсад гурван удаа аттестачлагдсан. Хүний эрхийн байгууллага яаж ажиллах ёстой талаар Парисын зарчим гэж бий. Энэ шалгуурыг хангасан бол “А” статустай байдаг. Манайх ийм статустай. Азид ийм статустай улс цөөхөн. Энд ХЭҮК-т 18 жил ажилласан үе үеийн гишүүд, ажилтнууд үүргээ биелүүлсэн. Ганцхан Бямбадорж өөрийгөө үнэлүүлсэн юм биш. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо гэж бий. Тэр байгууллагын бүрэн эрхт гишүүн. Удирдах зөвлөлд нь долоон жил манайх ажилласан. Хийсэн, хийж байгаа ажлаа рекламдъя гэж би боддоггүй. Ер нь үндэсний байгууллагууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссыг зохих түвшинд үнэлдэг. Дундад Азийн орнууд сургалт  явуулж өгөөч гэх хүсэлт их ирүүлнэ. Манайх боломжийн хэмжээнд ажиллаж байгаа. Намайг 2010 онд ажил авч байхад төсөв 200 гаруй сая төгрөг, олон улсын хөтөлбөрүүд бүгд зогссон байсан. Одоо НҮБ-ын холбогдох байгууллагууд Европын холбооны холбогдох сангууд манайд хүсэлт тавиад судалгаа шинжилгээ хийлгэдэг. Үүнд жилд 100-200 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч байна. Түүнээс манай төсөв хаанаа ч хүрдэггүй.

-Хүний эрхийн зөрчил байгаа газарт шаардлага хүргүүлдэг ч засаж сайжруулах байдал муу байх шиг. Энэ асуудалд яаж хандах ёстой юм бэ?

-ХЭҮК-ийн эрх хэмжээ дэлхийн жишигтэй адил. Хүний эрхийн зөрчил гарсан даруйд нэн даруй засуулдаг зүйлүүд бий. ХЭҮК-ийн гишүүний шаардлага бичиж хүргүүлдэг, тухайн байгууллага долоон хоногийн дотор зөрчлөө арилгаад хариу өгөх ёстой. Ерөнхийдөө зөрчил байгаа, давтагдаж болзошгүй анхаарал татсан асуудлаар ХЭҮК-ийн гишүүний зөвлөмж өгдөг. Зөвлөмж авсан байгууллага тодорхой үйл ажиллагаа явуулаад сарын дотор мөн хариу өгөх үүрэгтэй. Үүнээс гадна асуудлыг холбогдох газарт нь шилжүүлдэг. Жишээ нь, ажлаас үндэслэлгүй халагдсаныг нь гурван шатны шүүх тогтоочихоод байхад ажилд нь эргүүлж авахгүй тохиолдолд холбогдох байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ханддаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх шатанд байгаа хэргийн гомдлыг манайх авдаггүй. Хуульд ч ийм. Гэхдээ сүүлийн үед ийм гомдлыг авч байна. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байна уу үгүй юу гэдгийг авч үздэг. Бидний нэг олзуурхаж байгаа зүйл нь иргэд “Ийм байгууллага байдаг. Эднийд хандахад асуудал шийдэгддэг” гэдэг ойлголттой болсон. Есөн настай хүүхэд “Би өвөө эмээтэйгээ байдаг. Орой болохоор зурагт үзүүлэхгүй юм. Миний эрх зөрчигдөж байна” гэж гомдол ирүүлж байсан. Манайд 70000222 гэж утас бий. Тэр утсанд оройн цагаар ч хамаагүй залгаад орхичихож болно. Маргааш нь манай ажилтнууд залгаж, таны гомдол мэдээллийг хүлээн авдаг.

Зарим нэг албаны хүн хүчирхийллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их сурталчилж, дэвэргээд байна гэж ярьж байхыг сонссон. Үгүй. Өмнө нь хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд далд явагддаг байсан. Ихэнхдээ дарагдаад нуугаад өнгөрдөг. Харин одоо сэтгүүлчид энэ асуудлыг жигшүүлэх гэж гаргаж ирсэн нь хүчирхийллийг хаана хаанаа мэдээлдэг болсон давуу талтай. Гэхдээ олон түмнийг жигшүүлэх зорилгоор гаргаж байгаа нь зөв ч сэтгүүлчдэд анхаарах зүйл бий. Монголчууд цөөн хүн амтай учраас тэр хүүхдийн дугаар хорооны, төдийн төд гээд гэрийн хаягийг нь хэлчихээр нэрийг нь хэлснээс ялгаагүй. Тэр хүүхдэд эргээд амьдрах орон зайг үлдээх ёстой.

-Танай илтгэлийг УИХ-аар хэлэлцдэг болж байна. Хууль тогтоох байгууллагад сууж байгаа хүмүүс мэдээлэлтэй болсноор тэндээс гарах шийдвэр амьдралд наалдацтай, бодитой байх болов уу?

-Уг нь хэлэлцэх хуультай юм. Байнгын хороогоор сонсоод тогтоол гаргаад л байсан. Бид илтгэлээ нэлийсэн урт текст хэлбэрээр биш хүнд уншигдах байдлаар тодорхой баримт, жишээтэй бичихийг зорьдог. УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлж байгаа нь сайн ч ганцхан асуудалд фокуслаж бусдыг нь орхигдуулбал учир дутагдалтай. Цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, хилийн цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын боомтод ажиллаж байгаа ажилтнуудын ажиллах хөдөлмөрлөх эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар илтгэлдээ судалж бичиж оруулсан. Өнөөдөр орчин үеийн хүн төрөлхтөн адил нөхцөлд амьдрах ёстой. Тушаалаар үүрэг гүйцэтгэдэг төрийн алба онцгой юм гэдэг үүднээс гаргаж тавьсан. УИХ-ын гишүүд анхаарч хуульд нь өөрчлөлт оруулаасай гэж  бодох юм. Ганцхан жишээ хэлэхэд, цагдаагийн байгууллагынхны дунд хийсэн ярилцлагаар “...би цагдаад орсноос хойш наадам гэдгийг үзээгүй, цагаан сарын шинийн нэгэнд сүүлийн 10 жил аав, ээж дээрээ очиж золгож чадаагүй” гэж ярьж байсан. Гэтэл бид хамгийн гоё хувцсаа өмсөөд цагаан сар, наадмаа тэмдэглээд явдаг. Хилийн боомтод ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын ажилтнуудын дунд гэр бүл салалт, өвчлөл маш их анхаарал татсан. Ингээд ярихаар хууль тогтоогчид аливаа хуулийг боловсруулахдаа тухайн ажилтан алба хаагчийг өөр шиг нь гэр бүл, үр хүүхэдтэй гэдгийг нь бодолцож амьдралд ойр заалтууд оруулж  байгаасай гэж боддог.

-Төр нь төр шиг байж чадахгүй байгаагийн тод жишээ юм даа?

-Ажил үүрэг хүлээсэн хүмүүс шат шатандаа үүргээ биелүүлдэг болчихвол болно. Даанч тэгэхгүй байна. Төрийн албаны залгамж чанар алдагдсан. Илтгэл боловсруулах, судалгаа хийх, асуудал шийдвэрлэх зэргээр  холбогдох газруудаас материал авах гэхээр “Өө мэдэхгүй. Өмнө нь ажиллаж байсан хүн материал үлдээгээгүй” гэж хэлдэг. Энэ хэвийн үзэгдэл. Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой юм даа. Одоо Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж байна. Энэ хуулиар цэгцрэх болов уу гэсэн хүлээлт байна даа.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл №409 дугаарт