Чуулганы хуралдааны эхэд Ж.Батзандан гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр “Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан байх. Үүнд итгэсэн хүмүүс Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа чинь нэг л гөлийчихөөд явахгүй байна. Иргэд олон түмний зүгээс ч үүнийг хэлж байна. “Их хүлээлт байна. Гэвч нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэж өгөхгүй. Наад төр чинь бүр гөлийчихлөө” гэж хэлж байна.
Бид нар М.Энхболд гэдэг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Үүнийгээ одоо яръя. Нийгэмд тулгамдаад байгаа өр зээлийн асуудал, бухимдал үүсгээд байгаа Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, сүрьеэ өвчний асуудал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг одоо яръя. Засгийн газрын холбогдох хүмүүсийг дуудаад ямар шийдэл гаргаж ажиллаж байгааг нь асууя. Шийдэл гаргаж чадахгүй бол ажлаа өг гэдгийг нь хэлье. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гаас салчихвал Монгол сайхан болно гэсэн. МАНАН-гийн зарим дарга нарыг зайлуулсан. Гэвч сайжраад байгаа юм харагдахгүй байна. Тиймээс Г.Занданшатар дарга та санаачилгатай ажилла. Хууль шүүхийн байгууллагуудаа бүрэн шинэчлэхгүй юм уу. Ингэж дутуу алсан могой шиг зэрэмдэглэж болдог юм уу. Хууль хяналтын байгууллагыг шинэчлэх эрхийг нь төрийн гурван өндөрлөгт өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол чадахгүй гэдээ ард түмэндээ хэл. Иргэд Монголын төр засгаас томоохон өөрчлөлтийг хүлээж байна. Гэтэл УИХ зөвхөн өдөр өнгөрөөж байгаа юм шиг жижиг сажиг асуудал ярьсаар цагаа барьж байна. Тиймээс Г.Занданшатар дарга УИХ-ыг удирдсан шиг удирдаж улс төрийн манлайлал гаргаж томоохон асуудлууд руугаа ор” гэлээ.