АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн  25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг.  Өнөөдөр тус газраас хэвлэлийн хурал хийхдээ сургууль, цэцэрлэгийн элсэлтийг авлигаас ангид зохион байгуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт АТГ-аас зөвлөмж хүргүүлжээ.

2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 1 дүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, ил тод, нээлттэй байдлаар элсэлтийн ажиллагааг зохион байгуулах шаардлагатай тухай Зөвлөмжийг хүргүүлсэн аж.

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон тушаал гаргасныг АТГ сайшааж байгаа. Бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд нэгэн адил гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.