Я люблю свою страну. Люблю свою жену. Люблю свою собаку. “Ард түмний зарц” дууны үгээс...



Тэгвэл Украинд 2015 онд цацагдсан “Ард түмний зарц” цувралын гол дүрийн жүжигчин Володимир Зеленскийг бүр ч онцгой карьер хүлээж байв. Кинонд санамсаргүй улсын Ерөнхийлөгч болсон жирийн багшийн дүрд тоглож алдаршсан тэрээр “Би бол улстөрч биш. Би бол тогтолцоог эвдэхийг зорьж буй жирийн иргэн” гэж жинхэнэ сонгуулийн мэтгэлцээний үеэр мэдэгдэж байсан удаатай. “Ард түмний зарц” кино бүхэлдээ шударга иргэн хэрхэн олигархиуд болон авлигын системийн эсрэг тэмцэж, бүхнийг олон нийтийн тусын тулд ажиллуулж болохыг харуулдаг. Гэхдээ энэ бүхэн зохиомол зүйл шүү дээ. Ноён В.Зеленский бүхнийг кинон дээрх шигээ хийхэд бэрхшээлтэй.


Эрх баригчид аргагүй л эртний түүхтэй, бодлого сайтай нам болохоо баталж, мөрийн хөтөлбөрийн заалтаа хэлбэрэлтгүй биелүүлж байна. Энэ талаар ард түмний зарц нарын нэг гишүүн “Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлоготой байлгах зайлшгүй шаардлага байна” хэмээн мэдэгдсэн нь ойр хожид парламентын танхимаас сонсогдоогүй үнэний ортой үг байлаа. Итгэлцлийн зээлийн шалгуурыг “ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, муу зээлийн түүхгүй иргэн” хэмээн тодорхойлсон нь төр засаг маань улам бүр “хүмүүнлэг, иргэний...” болж буйн бодит жишээ гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Махны зарц
Хүнээсээ 20 дахин их малтай монгол оронд нэг килограмм үхрийн мах 16500 төгрөг буюу 6.5 орчим доллар хүрч, дундаж монгол иргэн бүр өдөрт дунджаар 3-5 ширхгийг зооглодог хуушуурын үнэ 1200 хүрсэн нь шударга иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж байна. Үүнийг сонор соргог анзаарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ жинхэнэ ард түмний зарцын шийдвэр гаргажээ. Түүний өгсөн чиглэлийн дагуу Монголын тагнуулын байгууллага түүхэн дэх хамгийн домогт ажиллагаагаа явуулсан нь ард иргэдийн сонор хараанаас далд байж чадсангүй. Шуурхай ажилласны үр дүнд махны хомсдол урд хөршийн бизнесменүүдээс, тэр дундаа Монголд ариун цэврийн шаардлага хангасан махны зоорь барьж, монгол малын махыг ихээр авч хуримтлуулснаас үүдэн гарсныг олж илрүүлээд зогсохгүй МҮОНТ шуурхай мэдээлсэн.
Ц.Оюун-Эрдэнэ сайдын энэ зоримог үйлдэл махны үйлдвэрүүдэд болон байгаль, цаг агаарт “но” байгааг хэлж, сүүлийн 10 хоногийн хугацаанд 1000 тонн мах нийслэлийн зах зээлд нийлүүлэх зэрэг арга хэмжээ авч ажилласан салбарын сайд, чамгүй туршлагатай зарц Ч.Улааны гавьяаг ч бүдгэрүүллээ. Тагнуулын тусгай ажиллагааны мөрөөр ямар арга хэмжээ авч, хэн гээч бизнесмэнийн хувийн өмчид хэрхэн ямар замаар шударга нэвтрэхийг ард иргэд анхааралтай ажиглаж байна.

Эрхэм гишүүний өргөн барьсан УИХ- ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд алт шиг нэг заалт байгаа юм. Тэрхүү заалтын томьёолол нь: “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” хэмээжээ. Энэхүү заалтын ямархан шинэлэг бөгөөд хэрхэн цаг үеэ олсон талаар энд дурдмаар байгаа ч цаг, цаас хүрэлцэхгүй байх вий гэж санаа зовниж байна.

Д.Дамба-Очир гишүүн “Оюутолгой”-н гэрээнүүд, түүний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг стратегийн томоохон хөрөнгө оруулагчтайгаа нууж хаалгүй хуваалцсан нь атаархагчдын дургүйг хүргэсээр байгаа бололтой. Зүй нь эрхэм гишүүн жинхэнэ ардын зарц сэтгэлгээний давуу талаа гаргаж, эдийн засагт чухал нөлөөтэй хөрөнгө оруулагчид болон ард түмний дунд нэгэн биеэрээ гүүр болохоор шийдсэнийг нь мушгих хүмүүс мэр сэр байгаа нь харамсалтай.
Засгийн газрын кабинетад ард түмэндээ зарцын сэтгэлээр ханддаг, шударга улс өчнөөн байдгийг өнгөрсөн долоо хоногт дэгдсэн нэгэн дуулиан хангалттай нотлон харууллаа.

Жишээлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Мэдэхгүй. Би л лав тийм зүйл сонсоогүй” гэсэн нь хүчний байгууллагуудыг удирддаг хүний хувьд өгч буй чухал байр суурь гэдэг нь ойлгомжтой.
Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо” хэмээн уулга алдсан нь эгэл жирийн орлоготой ард түмэнтэйгээ хэр ойрхон хүн гэдгийг нь харуулна. Харин тэрээр хэрэв санаанд нь багтсан бол ийм авлига авах байсан эсэх талаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Түүнчлэн ард түмний хайртай аваргуудын нэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Надад тэр 10 сая ам.долларын асуудал хамаагүй” хэмээн мэдэгдсэн. Харин хэнд хамаатай талаар ноён сайд одоогоор мөн л байр сууриа илэрхийлээгүй байна.
ШШГЕГ-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө орон сууцыг 13.7 сая төгрөгөөр дүүдээ хувьчилж өгсөн дуулианыг Хууль зүй, дотоо хэргийн сайд Ц.Нямдорж олон жил төрд зарцлагдсан зангарагаараа няцаасан.

1992 оноос хойш УИХ-д тасралтгүй 27 жил суухдаа 13 жил Хууль зүйн салбарыг толгойлж, хоёр жил УИХ-ын удирдан Монгол төрийн төлөө “зарц мэт” зүтгэсэн Ц.Нямдорж сайдын дүү ганц байртай болсны төлөө чичлэх хүн мэр сэр байна. Чингис хааны үед бол улсын “тэргүүн заргач” гэгдэж, есөн гэмээ өршөөлгөх байсан нь тодорхой энэ төрийн түшээг ингэж боорлохын цаана улс төрийн асар том ашиг сонирхол байна гэж хардах хүмүүс ч наранд суугаа эгэл ардуудын дунд олон байна.
Зарцлагч тал сэтгэл хангалуун байна
Ийнхүү төр засгийн “зарц мэт” үйл ажиллагаа ард түмэнд анзаарагдаж, бүр таалагдаж байгааг сүүлийн үеийн социологийн судалгааны дүн харуулж байна.
Яг нэг жилийн өмнө “Сант марал” сангаас 21 аймгийг хамруулан хийсэн түүвэр судалгааны дүнгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг 14.7 хувь байсан. Харин жилийн дараа энэ хавар мөн л “Сант марал” сангаас явуулсан судалгаагаар Ерөнхий сайдын рейтинг 24.9 хувьд хүрч, бусад улстөрчдөө ардаа хийжээ. Монголд хэдий инфляц, махны үнэ хурдацтай өссөөр байгаа ч, Ерөнхий сайдын маань рейтинг тэдгээрээс хол тасархай өсөлттэй байна. Энэ бол ард түмний зарц нарын хэлсэн, сэдсэн нь “бай”-гаа онож, ажил үйлс нь өөдлөн дэвжиж буйн илрэл гэдэг нь эргэлзээгүй юм.