Гэрэл зурагчдын "Төв хороо" анхны хуралдаанаа хийжээ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гуравдугаар Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийжээ. Хурлын эхэнд холбооны дүрэмд орсон гурван зүйл заалт бүхий өөрчлөлтийг тогтоол хэлбэрт оруулах, Улсын бүртгэлийн газарт энэхүү өөрчлөлтөө бүртгүүлж албажуулах ажлыг хэлэлцэн баталж, дэд Ерөнхийлөгчийн тооны дээд хязгаарыг 9 байхаар тогтов. Энэ оны ажлын Ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, календарчилсан төлөвлөгөө гарган хийх ажлуудыг хариуцах хүнийг нь тодорхой болгож, гишүүд дэмжигчдийнхээ оролцоог сайжруулах талаар мөн хэлэлцэж шийджээ. Гадаад сургалт болон гадаад харилцааны асуудалд онцгой ач холбогдол өгөх талаар ярилцаж тодорхой ажлуудыг хийхээр тогтсон байна. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл анхны хуралдаанаараа тус холбооны Удирдах зөвлөлийн даргаар П.Баттулга, Хяналтын зөвлөлийн даргаар Н.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Төрбат нарыг томиллоо. Шинэ арга барил, шинэ эрч хүчээр ажиллаж, ирэх дөрвөн жилд өмнөхөөсөө илүү ачаалалтай, амжилттай ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн саналыг хэлж, цаашдын ажлынхаа чиг баримжаа, холбооноос барих бодлогын тухай нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн  холбооны гуравдугаар их хурал энэ сарын12-нд болж тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Батбаатарыг сонгосон юм. Тэрээр өмнө нь холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)