Game of Thrones цувралын төгсгөлийн бүлгийн сүүлчийн анги өнгөрсөн даваа гарагт цацагдсан билээ. 2011 онд анхны ангиа үзэгчдийн хүртээл болгосон уг цуврал кино урлагийн түүхэнд хамгийн амжилттай бүтээлээр шалгараад буй. Цувралын төгсгөлийн анги гарсны дараа жүжигчид нь өөрсдийн нууцаас дэлгэж эхэлсэн бөгөөд Данерис Таргариены дүрийг амилуулсан жүжигчин Эмилия Кларк илтгэх чадвараараа гайхагдсан Адольф Гитлер зэрэг удирдагчдийн итгэлүүдийг судласан гэдгээ дурджээ. Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Эмилия Кларк “Одоо инээдтэй санагдаж байгаа ч зөвхөн цувралд зориулан зохиогдсон хэлээр цэргүүддээ хандан үг хэлэхдээ миний огт мэдэхгүй, ойлгохгүй байгаа хэлээр илтгэл тавьж буй удирдагчдийг судласан. Тэдний илтгэл тавихдаа ямар байр байдал үзүүлэхийг харж, царайны хувирлыг хараад юу хэлж байгааг нь ойлгох нь уу гэдгээ шалгасан. Хамгийн гайхалтай нь би тэднийг ойлгож байсан. Герман хэл мэдэхгүй ч Гитлерийн юун тухай ярьж байгааг ойлгосон болохоор өөрийнхөө хэлж буй үг бүртээ бүрэн итгэлтэй байж чадвал үзэгчид хадмалыг унших шаардлагагүйгээр ойлгох юм байна гэж бодсон” гэжээ.
Жүжигчин бүсгүй Данерис хатны цэргүүддээ хандан хэлсэн үгийг хоёр сарын турш бэлдэж, эхний зураг авалтаараа л амжилттай дуусгасан байна.