Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарахыг дахин уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд үг хэллээ. Тэрээр УИХ өөрөө тарахыг дахин уриалж байгаагаа хэллээ. Өнгөрсөн аравдугаар сард анх энэхүү саналаа гаргаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие энэ удаад УИХ-ын чуулганд үг хэлэх болсон шалтгаан нь урьд нь тавьж байсан саналаа дахин тавих гэж байна. Энэ ямар санал вэ гэвэл, 2018 оны аравдугаар сарын 29-нд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэхийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна.

Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.
-УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.
-Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.
-УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна.

Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.

Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй.

Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.

Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ер нь ямар нэгэн гэмт хэргийг шинжтэй асуудалд холбогдоогүй гишүүд тоолвол цөөхөн байгаа тул татан буух нь маш зөв шийдэл шүүдээ.хэнийг төлөөлөөд,хаана юу хийж байгаагаа ч мэдэхгүй шуналын дэв болсон хүмүүсээр л дүүрэн УИХ шүүдээ.Тарахыг шаардаж байна.

    0 0 Хариу бичих
  2. Ядарсан ч Ерөнхийлөгч юм даа ийм юм ярьж попорч байхаар огцорвол таарна

    2 0 Хариу бичих
  3. Энэ удаагийн УИХ чадамжгүй байгаа нь хэн бүхэнд тодоос тод харагдаж ойлгогдож байгаа. Ер нь бэрхшээлийг давж чадаагүй хүнд дахин найдах хэрэггүй байдаг. Төрт ёсыг уландаа гишгэж, төрийн эрх мэдлийг ашиг болгон харж, улсаа, ард иргэдээ, түүхээ шившиг болгож яваа ийм увайгүй нохдыг төрийн үйл хэрэгт нэг хором ч байлгаж болохгүй.

    0 0 Хариу бичих
    • Чадамжийн асуудал бол харьцангуй асуудал. Энэ 76-г шал хэрэггүй цаг үед тараах нь буруу. Нэгд маш их өртөгтэй, хоёрт эндээс ялгаагүй л улсууд цуглана. Тэгээд ч энэ 76 бол нээх их чамлаад байх хэмжээнд улсууд бол биш. Бидэндээ, энэ цаг үедээ л таарсан гарууд.

      1 0
  4. Зөв өө, санаа нь зөв. Гэхдээ, хоёрын хооронд жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад УИХ-ыг тараах нь маш их зардалтай гэдгийг Ерөнхийлөгч маань сайн мэдэж байгаа ш дээ. Тэр их олон тэрбумын зардлыг бидний төлдөг татвараас санхүүжүүлэх нь мэдээж ба эргэж сэргэх гэж ядаж байгаа эдийн засагт том цохилт болно. Гэхдээ мань хүнд бол тэр нь хамаагүй л дээ. Угаасаа ажлаа хийж чадахгүй байгаа хоосон толгой юм хийж байгаа юм шиг харагдахын тулд худлаа поопрож л байгаа байхгүй юу. Яс юман дээр өөрөө огцорсон нь УИХ тарахаас хамаагүй дээр. Бөх л барилдаж явсан, дунд сургуулийн 8 жилийн боловсролтой, цэгцтэй системтэй дээд түвшний боловсрол эзэмшээгүй буюу эзэмших хэмжээний ч IQ байхгүй гудамжны энэ сэргэлэн гар угаас хөл толгой нь холилдсон шилжилтийн монголд Ерөнхийлөгч болоод л гараад ирсэн болохоос, зальт Зи л мань хүнийг авч яваа болохоос энэ хүнд ухаалаг юм ярих, бодох потенциал маш хязгаарлагдмал.

    3 0 Хариу бичих
    • Ядарсан оронд Ерөнхийлөгч болж байгаа хүмүүс их инээдтэй. Украйнд сая инээдмийн жүжигчин хүн Ерөнхийлөгч болчихлоо. Мань хүн тв-ийн олон ангит кинонд Ерөнхийлөгчийн дүрд тоглоод, мэдээж ард түмэнд таалагдах хүчтэй ерөнхийлөгчийн дүрийг бүтээгээд Оросын эсрэг, АНУ-ын эсрэг яаж мундаг тэмцэж байгааг нь мунхаг ард түмэн нь харж итгээд л сонгочихож байгаа юм.

      0 0