Нэгдүгээр ангид цахимаар 1302 хүүхэд бүртгүүлжээ

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38232 зургаан настан элсэнэ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдынхаа бүртгэл энэ сарын 13-наас эхэлж, энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.

Энэ жил туршилтаар Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 3852 орчим элсэгчийг цахимаар бүртгэж байгаа. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар энэ сарын 13-27-нд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг бүрдүүлнэ. Үүнд:  

Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
Эцэг, эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,
3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, 
Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)