УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан. Түүнтэй холбогдуулан Д.Эрдэнэбат гишүүн мэдээлэл хийлээ.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процесстой холбоотой асуудлаар намайг АТГ-аас шалгаж байгаа. Удахгүй учир нь олдох байх гэж бодож байна. Энэ нь улс төрийн шинж чанартай өрнөж байгаа нь харагдаж байгаа. Би шударга бусын хонгил нь нураад шинэ удирдлагууд томилогдож асуудалд өөрөөр хандах болов уу гэж бодож байсан. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах байх гэж бодсон. Гэтэл яг хуучин аргаар явуулж байна. Яагаад хуучин арга гэж нэрлэж байна вэ, гэхээр урьдчилаад сенсаац дэгдээдэг, нотлогдоогүй мэдээллийг ямар нэгэн эх сурвалжгүйгээр гаргадаг. Түүнтэйгээ холбогдуулан улстөржсөн үйл ажиллагаа явуулдаг хэвээрээ байна. нөгөө талаасаа энэ үйл ажиллагаа АН харлуулах үйл ажиллагаа болж байгаа. Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Энэ хүний асуудлыг хэрхэн шийдэх эрх нь энэ төрд байгаа. Би үүн дээр өөрийгөө өмгөөлөх, хамгаалсан юм алга. Хамгийн гол нь нийгэм эдийн засаг хүндэрсэн энэ үед ийм харлуулсан улс төр хийгээд урагшаа явахгүй шүү гэдгийг л хэлье” гэлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Таныг яллагдагчаар татсан гэсэн. Яллагдагчаар татаж байгаа тухай тогтоолоо танилцуулсан уу?
-Яллагдагчаар татах тогтоолоо надад танилцуулаад “Та гарын үсгээ зурна уу” гэсэн. Би “Танилцав” гээд гарын үсгээ зурсан. Яагаад гэвэл үүнийг учрыг нэг тийш нь болгох ёстой.
-Үүнтэй холбоотойгоор таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөж байгаа юу?
-Өнөөдөртөө хөндөөгүй байна.