Озоны давхаргыг цоолдог бодисыг БНХАУ-д ихээр үйлдвэрлэж байгааг тогтоожээ

Хүрээлэн буй орчны судалгааны агентлагийн эрдэмтэд хэрэглэхийг 2010 оноос хориглосон химийн бодис болох CFC-11-г Хятадад үйлдвэрлэж, ашиглаж байгааг баттай тогтоожээ. CFC-11 /Трихлорфторметан/ нь дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалдаг озоны давхаргыг цоолдог бодис юм.

Эрдэмтэд CFC-11-ийн ялгаруулалт ихэсч байгааг өнгөрсөн жилээс ажиглан эх сурвалжийг нь олохоор судалгааны ажлыг эхлүүлсэн юм байна. Ноднин жилийн өдийд “Зүүн Азийн аль нэг улс озоны давхаргыг цоолдог хийг ихээр ялгаруулж байгаа” тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байсан нь ийм учиртай аж. Улмаар эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийснээр хориотой хийн эх сурвалж БНХАУ-д байгааг эцсийн байдлаар тогтоожээ. CFC-11 нь дулаалгын материалд хэрэглэгддэг, маш чанартай, хямд гэж тооцогддог учир БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн 70 хувь нь бүтээгдэхүүндээ уг бодисыг ашигладаг болох нь гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдож байв. ВВС-ийн мэдээлэлд өгүүлснээр эрдэмтэд сансраас зураг авч эх сурвалжийг баттай тогтоосон бөгөөд ялгаруулалтын хэмжээний хувьд 2012 оныхоос 50 хувиар ихэссэн гэсэн байна.  

Эрдэмтэд энэхүү судалгааны ажлаа саяхан “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн нь ийнхүү олны анхаарлыг дахин нэг татах шалтгаан болжээ. Эрдэмтдийн судалгааны бүтээл сэтгүүлд хэвлэгдэж байж хүлээн зөвшөөрөгддөг. Хэвлэгдтэлээ олон жил болох нь ч бий. Энэ удаагийн судалгаа жилийн дараа хэвлэгдэж байна. Цаг хугацаа нь ингэж таарсан ч байж болох. Гэсэн ч зарим нэгэн хүмүүс үүнийг БНХАУ-ыг чангалах арга хэмжээний нэг хэсэг байж магадгүй гэж харж байна. Учир нь хориотой бодисыг ихээр үйлдвэрлэсэн тул Бээжинг олон улсын өмнө хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн яриа гараад байгаа юм.    

Озоны давхарга гэж юу вэ

Нарнаас ирэх хэт ягаан туяа ба аянга цахилах үед цахилгаан цэнэгийн нөлөөгөөр хүчилтөрөгчийн атом О2 задарч озон буюу О3 үүсдэг байна.

Озон нь химийн хувьд хүчтэй исэлдүүлэгч бөгөөд хурц үнэртэй хөх өнгөтэй хий юм. Газрын гадарга орчимд озоны хэмжээ маш бага байх /0,01ррm/ боловч аянга цахилгаантай бороо орсны дараагаар агууламж 100 дахин нэмэгддэг байна. Мөн озон нь бодисын исэлдэлтээр үүсдэг.

Озоныг задалдаг бодисууд /CFC/

Үйлдвэрлэлээс ялгарсан хлорт нэгдлүүд агаар мандалд алдагдсаны улмаас стратосфер дахь озоны давхаргад нөлөөлж, улмаар задралд оруулдаг гэсэн онолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.

Озоны хийг задлахад гол нөлөө үзүүлдэг бодис нь хлорфторт нүүрстөрөгчийн нэгдэл буюу CFC болохыг олж тогтоосон явдал дэлхий нийтийг ихээхэн цочирдуулсан юм. Учир нь, энэхүү бодисыг хөргөх, барилгын дулаалга, гал унтраагч хөөс гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон жил ашиглаж ирсэн юм. .
Агаар мандалд цацагдсан CFC нь өөрийн шинж чанараа алдахгүйгээр стратосферт хүрч хэт ягаан туяа С-ийн нөлөөгөөр озоны молекулаас 1 атомыг нь сугалан авч хлорын атомыг чөлөөлөх ба хлорын атом нь озоны 3 атомт молекулыг 2 атомт хүчилтөрөгч болгож, харин өөрөө хувиралд ордоггүй.

Энэ суларсан хлор нь катализатор шиг үүргийг гүйцэтгэж өөрөө ямар ч химийн урвалд орохгүйгээр энэхүү сүйтгэх явцыг тасралтгүйгээр давтдаг. Мөн удаан хугацаагаар оршин тогтнох чадвартай. Жишээ нь, CFC-11 нь агаар мандалд 50 жил оршдог байхад CFC-12 нь 102 жил, CFC-113 нь 83 жилийн дараа устдаг байна.

Тиймээс хэдий үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой боловч озоны давхарга цоорох нь амьдралыг устгах үр дагавартай тул үйлдвэрлэлийг нь багасгах, улмаар хориглох арга хэмжээг олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн учиртай юм. Эхлээд 1987 онд Монреалийн протоколыг баталж CFC-ийг агуулсан бүтээгдэхүүний хэмжээг 1990 он гэхэд 50 хувь багасгах зорилт тавьсан. Озон цоорсныг тогтоосны дараа  бий болсныг нээсний дараа протоколыг 1990 онд дахин шинэчилж CFC-ийн үйлдвэрлэлийг 2000 онд бүрмөсөн зогсоох шаардлагыг тавихаар тогтсон юм. Улмаар энэ протокол 2010 онд бүрэн хэрэгжиж, CFC-11-ийг үйлдвэрлэхийг бүрэн хориглоод байжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. hujaanuud laitai yum be.mongolchuud delhiig hamgaalah gej nuudelchin amidarlaar bolgood baihad zugeer baij chaddaggui.bugdeeree ter sarnii puujindaa suugaad saran deer ochij amidarwal yaaasiiiiin

    0 0 Хариу бичих