Манай улс 1994 оны нэгдүгээр сарын 17-нд интернэтийн сүлжээнд холбогдсоноор цахим харилцааны эхлэл тавигдсан гэж үздэг. Улсын хэмжээнд 200-гаад цахим хуудас ажиллаж, 80 гаруй нь идэвхтэй хэлбэрт буюу мэдээллийн сайтын төрөлд хамрагдаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд байнгын идэвхтэй буюу долоо хоногт гурваас дээш удаа фэйсбүүк ашигладаг 900 гаруй мянган хэрэглэгч байна.
Дэлхийн зарим улс орнууд тухайлбал, БНХАУ, БНАСАУ болон Латин Америк, Африк, Арабын зарим улсад цахим сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан байдаг. Харин манайд цахим сайтын сэтгэгдэлд хяналт тавих тухай тогтоолыг Засгийн газраас 2013 онд баталж байсан удаатай. Мэдээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ бусдын хувийн нууц, нэр хүндэд халдсан тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага, арга хэмжээ авах, хязгаарлах эрх мэдэл төрд бий.
Дунд сургуулийн хүүхдүүд биенийгээ элдвээр хэлж ганцаардуулж байна. Өнгө мөнгөөр дүгнэж, хэдэн төгрөгийн үнэтэй гар утас барьсан, хэдий хэмжээний халаасны мөнгөтэй гэх мэтээр нэгнийгээ өөлж гоочилж тэд цахим орчны нөлөөнд хамгийн их автаж байна. Амиа хорлолт нэг хүнд амд ногдох байдлаараа ч дэлхийд дээгүүрт орох боллоо. Энэ бүхэн цахим орчны хяналт сул байгаатай холбоотой. Хянах, нарийвчилж зохицуулах эрх зүйн орчин ч дутмаг. Товчхондоо, хамгийн их гар утасны дугаар, фэйсбүүк хэрэглэдэг орон Монгол. Хүнийхээ тооноос нэг сая илүү давсан фэйсбүүк хуудас бий тухай ч мэдээлэл саяхан гарав. Энэ нь эргээд Үндэсний аюулгүй байдал талдаа хэр оновчтой вэ гэх асуулт гарч ирж байна.
Нөгөө талд нийгмийг шүүмжилж, сайшааж магтаж болно. Гэхдээ нэр нүүрээ нуухгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бидэнд бий. Харилцаа холбооны зохицуулах тухай хуульд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаар эсвэл гар утасны дугаараар нь бүртгэх заалт оруулахаар УИХ хэлэлцэж байна.
Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотойгоор ОХУ, БНХАУ, Япон, Герман, Швед гээд олон оронд сошиал орчинг хянахаар хуульд тусгаж өгчээ. Энэ нь эргээд тухайн улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой.
Мэдээлэл технологийн аудит салбарын хуульд хэрэгтэй байна. Яамдуудад судалгаа хийж үзэхэд, харилцаа холбооны зохицуулах салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж байгаа.
Үүнд гүйцэтгэлийн аудит, хяналтын тогтолцоо байхгүй, төслийн анхны нөхцөл шаардлагад манай салбарын оролцоо бага байдаг. Тиймээс мэдээлэл технологийн аудитын тогтолцоо зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Мөн цахим орчинд домайн хаяг, бүртгэлийн асуудлыг энэ хуулиар зохицуулна. Бидэнд өнөөдөр хамгийн чухал зүйл бүртгэл. Бүртгэлээ тодорхой үнэн зөв хийчихвэл ард нь байгаа эзэн холбогдогчийг тогтоох боломжтой. Энэ хүрээнд фэйсбүүк компанийн удирдлагуудтай 2-3 удаа уулзсан. Болохгүй байгаа асуудлыг цаг тухайд нь шийдэх техникийн асуудлыг бүрдүүлсэн.
Цахимаар явж байгаа нэргүй олон фэйсбүүк хаягнаас ямар ч хяналтгүйгээр хүнийг гүтгэж доромжилж байна. Доромжлуулж, гүтгүүлсэн хүмүүсийн эрхийг хамгаалах эрхзүйн орчныг энэ хуулиудад томъёолж оруулах ёстой. Бид бодит амьдралаас тасарчихаад байна. Харилцаа холбооны зохицуулах тухай хуулийг дагаад 6 журам, үүнийг дагасан хяналтын тухай асуудал орж иржээ. Аливаа төрийн байгууллага дотоод журамдаа өөрчлөлт оруулж, харилцааг зохицуулах бүрэн эрх бий. Хуулийн нэг заалт нэмэгдэхэд хүнд суртал дагаад бий болно.
Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуус. Тэд гэр бүлдээ бус сошиал орчинд их цаг зарцуулж байгаа нь эргээд амьдралын чанарт нөлөөлөх болсон судалгаа ч байна. Хүүхдээ саад болоход нь гар утас, интернэт тоглоом тоглуулж сатааруулдаг, өөрсдөө ч утсаа “маажиж” суудаг нь гэр бүлийн харилцаанд гарч буй хамгийн сөрөг үзэгдэл гэдгийг сэтгэл судлаачид хэлэх болсон.
Энэ тоог холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Иргэн бүр цахим ертөнцөд эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ нэрээ нууцлах эрхтэй. Гэхдээ эрх, үүрэг ямагт хамт байдаг учир энэ эрхээ эдлэхдээ та үүрэг хүлээдгээ ч умартаж болохгүй. Учир нь, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, хүний эрх зөрчсөн мэдээлэл цацсан тохиолдолд таны эрхийг хязгаарлах боломжтой. Иймд УИХ-аас анх удаа бүтцийн байгууллага болох Цахим бодлогын түр хороо байгуулсан.
Мэдээллийн аюулгүй байдал манайд тун эмзэг. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээллийн аюулгүй байдлын индексээр дэлхийд 104-т эрэмблэгдэж байна. Сайжруулахын тулд хууль эрх зүйн орчин болон технологио сайжруулах ёстой. ҮАБЗ-өөс Цахим бодлогын түр хороотой сошиал орчинтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийнэ. Манай түр хороо 26 гишүүнтэй, байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа хуралдаж чадаагүй. Ирц хүрэхгүй гэх шалтгаантай байсан учраас дэд хорооны гишүүдийг цөөлөх саналаа УИХ дахь МАН-ын бүлэгт гаргасан.
Сошиал орчин хяналтгүй, хүний нэр төрд халдах явдал хэрээс хэтэрлээ. Одоо яригдаж байгаа хуулиуд үндсэндээ технологийн чиглэлийн асуудлыг зохицуулна. Хүний эрх зөрчиж буй, ийм болоцоог бий болгоод байгаа технологи, техникийн орчныг энэ хуулиар хязгаарлах боломжийг эрэлхийлж заримыг нь зүйлчилж өгсөн. Гэмт хэргийг хязгаарлах, хэрэг мөн үү үгүй юу гэдгийг илрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг салбар хуулиар зохицуулна. Энэ бол суурь хууль. Домайн орчныг иргэний бүртгэл мэдээллийн бүртгэлтэй уяж өгнө. Цаашилбал үүрэн телефоны хэрэглэгчдийг иргэний бүртгэлээр нь дамжуулан сошиал орчинд оруулдаг байх зарчим руу явуулна.
2016 оноос хойш Фэйсбүүк компанитай хамтарч ажилласны дүнд өнгөрсөн жилээс тодорхой асуудлуудад тохирч чаджээ. Тодруулбал, иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг илрүүлэх, хянах, хаах, хязгаарлах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажиллаад явна. Гэмт хэргийн шинжтэй бол цагдаа, аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллага ажиллахаар болсон байна. Харин Фэйсбүүк компаниас “Танай улс хууль эрхзүйн орчноо бий болго” гэжээ. Цагдаагийн байгууллагаа 60 орчим зөрчилтэй фэйсбүүк хуудсыг өнгөрсөн жил гаруйн хугацаанд хаасан байна.
Хүний эрхийн үндэсний комисс сошиал орчинд бусдыг гутааж доромжилж, нэр хүндэд халдсантай холбоотой 700- гаад гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Ингэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд хүний эрхийг зөрчсөн тохиолдол цөөн биш байсан байна. Тухайлбал, цахим мэдээллийн сүлжээний сэтгүүлч гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүний тухай нийтэд мэдээлэхдээ тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэт ойлголт төрүүлэхүйц үг хэллэг ашигласан, гэмт хэрэгтэн болгосон. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийн тухай цахим сүлжээгээр мэдээлэхдээ гэрэл зураг болон овог нэр, ажлын газар, хаяг байршил, хувийн мэдээллийг нээлттэйгээр танилцуулах, үүх түүхийг нь бичих, илтэд гутаасан өнгө аястай сэтгэгдэл бичих гэх зэргээр хүний халдашгүй дархан байдалд халдсан тохиолдлууд гарчээ.
Түүнчлэн иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэн цахим сүлжээний мэдээлэлд сэтгэгдэл үлдээхдээ хүний хувийн мэдээллийг ил болгох, гутаан доромжлох, бусдын эрхэнд бүдүүлгээр халдах, яс үндэс, гадаад байдлыг санаатайгаар гутаах сөрөг хандлага газар авч байна. ЦЕГ-аас интернэт орчинд үйлдсэн 2016 онд 30 гаруй, 2017 онд мөн ижил тооны хэрэгт эрүү үүсгэн шалгажээ. Интернэт ертөнцийг ашиглан бусдын эд хөрөнгийг залилсан, фишинг буюу хортой код ашиглан бусдын мэдээллийг хууль бусаар олж авсан, ашигласан, садар самуун сурталчилсан гэмт хэргийг шалгаж илрүүлжээ.
Ялангуяа бага насны хүүхдүүдтэй холбоотой хэрэг их гарч буй. Өмнө нь таны хүүхэд гадуур явж байгаад гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болдог байсан бол одоо гэртээ байж байгаад цахим гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох эрсдэл үүсчээ. Эцэг, эхчүүд интернэт орчинд хүүхдээ хэнтэй харилцаж, ямар мэдээлэл олон нийтэд түгээж байгааг үзэх, ярилцаж байх шаардлагатайг сэтгэл судлаачид онцолж байв.
Нөгөө талд Аnonymia буюу нэрээ нууцлах эрх байх ёстой. Олон улсад ч энэ түгээмэл ойлголт. Нэргүй мэдээлэл харилцаа улс төр, нийгмийн яриа хэлэлцүүлэгт оролцохдоо нэрээ нууцлахыг хүссэн иргэдийн эрхтэй холбоотой гэж “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас тодорхойлжээ. Түүнчлэн улс төр, эдийн засгийн тухай үзэл бодлоо хэлсний улмаас иргэд сүрдүүлэг, заналхийлэлд өртдөг, заримдаа амь насанд нь аюул учирдаг. Шүүмжлэл, сөрөг үзэл санаа гол төлөв цөөнх, эрсдэл дагуулах учир нэр нүүрээ нуух эрхтэй аж. Мөн мэдээлэгчийг, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах уламжлалт эрх цахим орчинд ч үйлчилнэ.
Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, яамдуудаар санал авч байгаа аж. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Хуульд цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулахаар тусгажээ. Ингэснээр цахим орчны аюулгүй байдлын түвшин нэлээд дээшилнэ гэж үзэж байна. Одоо Тагнуулын ерөнхий газар, Батлан хамгаалах яаманд эдгээр бүтэц бий ч төвлөрсөн бодлого, төлөвлөлт гадаад харилцаа байхгүй.
БНСУ-ын КОЙКО-гийн 8 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжаар энэ төвийг ирэх наймдугаар сард байгуулахаар болсныг Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага хэлж байна.
2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй утасны дугаар байсан бол одоо 42 мянга болж буурчээ. Ирэх сар гэхэд бүгдийг нь бүртгэлтэй болгох аж. Ингэснээр иргэд гар утсаараа төрийн үйлчилгээг цахимаар авах, сошиал орчинд тухайн иргэн гар утасны дугаараар бүртгэлтэй байдаг нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Үүний нөгөө талд хэн нэгэнд бичиг баримтгүй гар утасны дугаар өгвөл тухайн үүрэн телефоны компанийг эрхийг нь цуцлах, өндөр торгууль ногдуулах гэх мэтээр арга хэмжээ аваад явах зохицуулалт ч байх ёстой.
Яг үнэндээ цахим орчин сэтгэхүйн өвчин болж хувирчээ. Бусдад таалагдах гэсэн нийтлэг төрхөөсөө болж цахим гэмт хэргийн золиос болж, хүний эрх ч ноцтой зөрчигдөж байна. Сошиал орон зайд хэт их автаж, өдөр бүр эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх мэдээлэл дунд хүний мөс чанар гээгдэж байх шиг. Хамгийн ойрын жишээ, хүүхэд алга боллоо, хүн хорджээ гэхэд нийтээрээ дөжирчихсөн төдийлөн тоохгүй маягтай. Энэ сэтгэхүй Монголын нийгэмд дасал болох вий гэх айдас болгоомжлол төрж байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл