Хармагтайн ордод нэмэлт судалгаа хийж байна

Хармагтай ордод нэмэлт хайгуул хийжээ. Энэ тухай төслийн эзэмшигч Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Занаду Майнз" компани цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тус компани энэ оны эхний улиралд 3618.5 метрийн өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан тул одоогоор нэмэлт судалгаа хийх ажил өрнөж эхэлжээ. Түүнчлэн тус компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл дээрх хугацаанд 3.1 сая австрали доллар байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “Энэ орд Оюутолгойтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээлд өрсөлдөхүйц болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтойг хайгуулын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй. Манай компанийн зүгээс шинэ ордыг ашиглах боломжуудаас гадна уул уурхайн салбар өгөөжөө өгч болох дэд бүтцийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Монгол Улсын хувьд зэс, хүдрийн олборлолт үр ашигтай байх боломжтой бүс нутагт тооцогддог. Тэгэхээр ордын ашиглалт амжилттай байх нь харагдаж байгаа” гэжээ.

Нэмж мэдээлэхэд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Хармагтайн орд Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг хамардаг. Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг. Ордын нөөцийг Австралийн Жорк стандартаар 680 мянган тонн зэс, 70 тонноос  багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлсон.  Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тонн тутамд 0.59 грамм алт байдаг. Анх 1974 онд бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ.

Тухайн үеийн Техник эдийн засгийн үндэслэлээр жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа  гурван жил найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзсэн. Тус ордын  тусгай зөвшөөрлийг 6.6 мянган га талбайд  Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгосон юм. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн  хөрөнгө оруулалттай “Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Odoo bolio OT zuv bolj bj hudluh yostoi

    0 0 Хариу бичих