Тагнуулын ерөнхий газраас махны үйлдвэрийг шалгаж их хэмжээний нөөцийн мах илрүүлсэн нь олон нийтийн шүүмжлэлд ороод байгаа. Тэгвэл Тагнуулын байгууллагаас энэ тухайдаа тайлбар гаргаж эхэлсэн бололтой.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, хуульд “Стратегийн хүнс” гэж Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан байдаг.  Үүний дагуу  Тагнуулын ерөнхий газраас шалгалт хийхэд Монгол Улсаас мах экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим ААН-үүд нь гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, таргалуулан худалдан борлуулах, үхсэн малын махыг махан таташ болгон хиамны үйлдвэрүүдэд ханган нийлүүлж байж болзошгүй нь нөхцөл байдал илэрчээ. Энэ нь экспортод сөргөөр нөлөөлөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх бодит аюул тулгарч байна гэж үзэж байгаа тухай мэдээлэл өнөөдөр ар араасаа цувран гарч эхэллээ.

ТЕГ хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй 20 тонн малын махыг ханган нийлүүлж болзошгүй мэдээллийг  аваад гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт буулгах гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Уг мах нь лабораторийн шинжилгээгээр үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул мэргэжлийн байгууллагатай хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэсэн байлаа.

Угтаа мах нөөцлөх бол гэмт хэрэг биш. Тэр тусмаа тагнуулын байгууллага харьяалж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэг биш юм. Хэрвээ нэг аж ахуйн нэгж илт давамгай байдлаар махыг нөөцлөөд зах зээлийн үнэд нөлөөлөхөөр байгаа бол үүнийг шалгах чиг үүрэгтэй газар бий. Энэ бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулахаар бүхэл бүтэн нэг агентлаг төсвийн хөрөнгөөр ажиллуулж байгаа ч тэд ажлаа хийхгүй байна. Хуулиар үүрэг хүлээсэн агентлаг нь ажил хийхгүй, харин хуулиар чиг үүрэг хүлээгээгүй Тагнуулын байгууллагынхан махны асуудлыг шалгаж байх юм. Төсвөөс цалинждаг төрийн бусад байгууллага хаачив?