Эрх баригчид яарч эхлэв. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах гэсэн хэсэг бүлэг хүмүүс энэ хаврын чуулганыг “алдаж” болохгүй хэмээн энд тэндгүй ярьж явна. Өөрчлөлтөөр олон зүйл заалт нэмэгдэж, төрийн гурван өндөрлөгийн эрх, үүрэг хасагдаж, нэмэгдэж, хууль тогтоох байгууллагын чиг үүрэг ч тодорхой болох заалтууд бий юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өдөр алгасахгүй, өглөө оройгүй хуулийн төслийн заалт бүрийн “ус”-ыг шахаж байгаа тухай мэдээлэх болсон. Тавдугаар сарын сүүл гэхэд УИХ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа шахаж Үндсэн хуулийн нэмэл өөрчлөлтийг хэлэлцэнэ гэх гишүүд ч байна. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл дундуур нь өөр асуудал хэлэлцэх эрхгүй юм.
Ямар боловч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгох төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар санаачлан боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэ хуулийн төсөлд дээрх заалтыг оруулахад чиглэсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа ч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ... хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална” гэж заажээ.
Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг ирэх долоо хоногт яаралтай горимоор хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хуулийг баталсны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэх мэдээлэл байна.
Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүй аж. Энэ нь хуулийг дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болох эрсдэлтэй гэж үзжээ.
Зургаан зүйл заалттай төслийн заалтуудаас дурдвал:
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох;
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх;
- Байнгын хороо төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарыг хязгаарлаж өгөх зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.
Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг ирэх долоо хоногт яаралтай горимоор хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хуулийг баталсны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэх мэдээлэл байна.