Энэ өдөр түүхэнд: Никола Тесла цахилгаан дамжуулах аргыг танилцуулав

Оны 136 дахь өдөр Шинэ он хүртэл 229 хоног үлдлээ

Өдрийн баяр

Намтар бичигчдийн баяр

Энэ өдөр Намтар бичигчдийн (Biographers Day)баяр. Манайд намтар гэж орчуулагдан тогтсон биографиа гэсэн үг нь амьдрал, бичиж байна гэсэн эртний  грекийн хоёр үгнээс үүсчээ. Ихэнх  тохиолдолд биографиа нь  хүний талаар бидний авах гэдэг мэдээллийн анхан эх сурвалж юм. Хамгийн анхны намтар бичигдийн нэг нь эртний Грекийн гүн ухаантан Плутарх юм.

1763 онд Лондоны нэгэн номын дэлгүүрт Сэмюэл Жонсон өөрийн намтрыг бичигч Жеймс Босуэллтай анх тааралджээ. Танилцаж нөхөрлөсөн тэдний харилцаа нь 1991 онд хэвлэгдэн гарсан “Сэмюэл Жонсон амьдрал” гэсэн  хоёр боть номыг гаргажээ.

Сонирхолтой түүх

Берлинд анхны трамвай гарч иржээ

XIX зууны сүүлчээр Берлины төв ихээхэн хөдөлгөөнтэй болж, хотын хүн ам нэг сая болсон байв. Энэ үед цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал тавьжээ. Сименс 1879 оны хавар Берлины үзэсгэлэнд цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагонуудтайгаар харуулсан нь ихээхэн анхаарал татжээ. Европчууд галт тэргэнд дасаад байсан учир уур утаагүй галт тэрэг тэдэнд хамгийн их гайхал төрүүлжээ.Гурван вагон чирсэн цахилгаан зүтгүүр 18 хүнийг зөөж байсан ба үзэсгэлэн дээр уурын биш, мориор чирдэггүй тээврийн хэрэгслээр зорчих гэсэн хүмүүс олон байв. Цахилгаан галт тэрэг цагийн долоон км-ын хурдтай байсан юм.

Сименс өөрийн мөнгөөр трамвайн загварыг хийлгэж, 1881 оны энэ өдөр Берлины захын Лихтерфельд ба Кадетын корпусийн хооронд тавьсан замаараа явуулсан нь морийг халсан хотын тээврийн хэрэгслийн эхлэл байжээ.Трамвай шинэ замаараа 30 км/цагийн хурдыг үзүүлж, эхний гурван сард 12 мянган хүнийг зөөжээ.

Гэхдээ тавиад оны дунд үеэс европчууд трамвайнаас татгалзаж эхэлсэн. Берлин хуваагдмал байхад Баруун Берлин трамвайгаа 1967 онд хаасан байлаа. Одоо хотын баруун хэсэгт  трамвайн хоёр шугам үлджээ.

Өнөөдөр түүхэнд

946 - Японы эзэн хаан Сүзакү эрх мэдлээ төрсөн дүү Мүракамид шилжүүлэв.

1527 - Медичигийн гэр бүл Флоренцийн эрх мэдлийг эргүүлэн авснаар Флоренцийн Бүгд найрамдах улс бүрэлдэв.

1584 - Испанийн колони болох Филиппинийн зургаа дахь Ерөнхийлөн захирагчаар Сантиаго де Вера томилогджээ.

1686 - Польш –Литовын төлөөлөгчид, хэлэлцээр хийсний явцад Орос ба Речь Посполитая хоёрын хооронд “мөнхийн энх тайвны гэрээ” гэгчийг байгуулсан байна. Энэ гэрээ нь 1667 оны Андрусовскийн эвлэрлийн нөхцлийг батлан Орост Смоленскийн орчим Зүүн эргийн Украин, Запорожье ба Чернигов болон Стародубыг оруулсан Хойт хязгаарын нутаг дэвсгэрийг баталгаажуулж өгчээ.

“Мөнхийн гэрээ”-г хэрэгжүүлэхээр Орос Крымын хаант улсын эсрэг дайтахаар болсон байна. Үүний хариуд нь польшууд 145 мянган рублийн нөхөн төлбөр аваад Киевээс нэг мөр татгалзсан ажээ.

1770 - Францын хожмын хаан 15 настай Луи-Август 14 настай Мария Антуаннеттай ураг барилдав.

1812 - Хаант Оросын фельдмаршал Михаил Кутузов Бухарестын гэрээнд гарын үсэг зурснаар Орос-Туркийн дайн дуусав.

1866 - АНУ-ын Конгресс никель зоосон мөнгө гүйлгээнд нэвтрүүлэх тогтоол баталжээ. Никель зоосон мөнгөн тэмдэгтийн найрлагын 25 хувийг никель, 75 хувийг зэс эзлэхээр тогтоолд тусгажээ.

Парисын коммунарчууд Наполеоны ялалтад зориулан 1806-1810 онд босгосон Вандомын баганыг 1871 оны энэ өдөр буулгаж нураажээ. Эзлэн түрэмгийлэх дайны бэлгэдэл болсон энэ хөшөөг буулгах тунхаглалыг тэд дөрөвдүгээр сард гаргажээ. Буулгаснаас хойш дөрвөн жилийн дараа уг баганыг дахин сэргээн босгожээ. Уг баганыг дайснаас олзолсон их буунуудын хүрлийг хайлуулан босгосон бөгөөд баганыг Наполеоны хөшөө төгсгөдөг. Түүний өндөр нь 43,5 метр. Өнөөгийн Парис хотын гол түүхэн дурсгалуудын нэг юм.

1877 - Франц улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямралд өртөв. Бүгд найрамдахчууд болон Язгуур угсааныхны хооронд засаглалын төлөөх ширүүн тэмцэл Францын гурав дахь Бүгд найрамдах улсыг бүхэлд нь ганхуулсан юм.

1888 - Словени гаралтай Америк физикч Никола Тесла цахилгааны хүчдэлийг ашиглан цахилгаан шон босгон илүү хол зайд түгээх боломжтойг тогтоон олон нийтэд танилцуулав.

1920 - Ромын хамба XV Бенедикт Жанна Д.Аркийг гэгээнтнээр өргөмжлөв.

1951 - Иргэний агаарын тээврийн анхны хуваарьт  нислэг АНУ-ын Нью-Йорк хотын Айдлуайлдын нисэх буудлаас Лондон хотын Хитроу нисэх буудал руу хөөрөв. Анхны төлөвлөгөөт нислэгийг Израилийн "Эль Аль Израиль" компани гүйцэтгэсэн юм.

1960 - АНУ-ын Калифорни мужийн Малибу хотын Хьюстоны судалгааны лабораторид нэрт эрдэмтэн Теодор Мейман оптикийн лазерыг анх удаагаа туршин танилцуулжээ.

1961 - Өмнөд Солонгост цэргийн эргэлт хийсэн Пак Чон Хе Ерөнхийлөгч болж Өмнөд Солонгосын хоёр дахь Бүгд найрамдах улс байгуулагджээ.

1966 - БНХАУ-ын Коммунист нам "Тавдугаар сарын 16-ны тунхаг" хэрэгжиж байгааг зарласнаар Соёлын хувьсгал албан ёсоор эхэлсэн юм.

1974 - Югославын холбооны улсын удирдагч Иозеф Броз Титог мөнхийн Ерөнхийлөгч хэмээн өргөмжилжээ.

1975 – Эверестийн оргилд Японы  Юнко Табей гэдэг эмэгтэй анх гарчээ

1988 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет АНУ-ын Конгресст үг хэлэв. Тэрбээр АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн анхны төрийн тэргүүн болсон юм.

1997 - Заир буюу одоогийн Конго улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цэргийн эргэлтийн улмаас эх орноосоо дүрвэн зугтав.

2001 - 1970 оны гуравдугаар сарын 31-нд Японы зорчигчдийн онгоцыг булаан авч Хойд Солонгост нисэн очиж байсан Японы улаан арми гэх хэт даврагч байгууллагын есөн гишүүдийн охид Пхеньянаас Япондоо буцан иржээ. Тэд онгоцны буудал дээр мэдэгдэл хийхдээ “Бидний эцэг алдаатай зүйл хийсэн” гэж мэдэгдэж байлаа.

2004 - Ромын хамба лам II Иоанн Павел Ромын каталик шашны гэгээнтнүүдийн тоонд савны хорт хавдартай гэдгээ мэдсээр байсан ч дөрөв дэх охиноо төрүүлээд 1962 онд нас барсан Жанна Беретта Молла гэдэг итали эмэгтэйг оруулан зарлав.  Ватиканы түүхийн сүүлийн таван зуун жилд айлын эхнэр байсан эмэгтэйг ийнхүү хувилгаан болгосон анхны тохиолдол нь энэ байлаа.

2005 - Кувейтын эмэгтэйчүүдийн эрхийг улс төрийн хүрээнд хангах хуулийн төслийг Үндэсний Ассемблей нь хэлэлцэн 35-23 харьцаагаар батлав.

2011 - АНУ-ын Кеннедийн нэрэмжит Сансар судлалын төвөөс "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд  олон дахин ашиглагдах "Эндевор" хөлөг сүүлийн нислэгээ үйлджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)