Дөрвөн сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 16 хүүхэд хорвоог орхижээ

Хүүхэд өртөж буй зам тээврийн осол, хэргийн талаар болон осол гарахад нөлөөлж буй гол шалтгаан, анхаарах асуудлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-Урин дулааны цаг ирж байгаатай зэрэгцэн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгддэг. Он гарсаар нөхцөл байдал хэр байна вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд аюул,осолгүй  оролцуулах дадал эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэн бүрийн эрхэм үүрэг боловч иргэд хөдөлгөөнд оролцогч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадгүй сахин биелүүлдэггүйгээс  хүүхэд  томчуудын замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн золиос болж осолд өртөх явдал буурахгүй байна.

2018 онд зам тээврийн осолд 1049 хүүхэд өртсөнөөс 1004 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, 45 хүүхдийн амь нас хохирсон.

Эдгээр  хохирсон хүүхдийн 882 буюу 84 хувь нь нийслэлд, амь насаа алдсан хүүхдийн 34 буюу 73,3 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн бөгөөд шалтгааныг нь авч үзвэл хүүхэд тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг хангадаггүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, хөдөлгөөний хурдыг хэтрүүлдэг болон Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн үйлдэлтэй  шууд холбоотой байна.

Дээрх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 66,5 хувь нь явганаар, 26,8 хувь нь зорчигч, 6 хувь нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирсон байна. 

2018 онд нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтсэн 590 хүүхдийн 48,2 хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцож байсан бол 51,8 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа эсвэл насанд хүрээгүй найз, ах, эгч, дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

2019 оны эхний 4 сард улсын хэмжээнд 219 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 56 нь гэмтэж ,16 хүүхэд амь насаа алдсан. Амь насаа алдсан, гэмтсэн хүүхдийн 57 хувь буюу 32 нь нийслэлд , амь насаа алдсан хүүхдийн 75 хувь буюу 12 нь орон нутагт бүртгэгдсэн судалгаа байна.

-Хүүхдүүд ихэвчлэн сургууль, гэрийнхээ хооронд явахдаа л осолд өртдөг гэж ярьж байсан. Эдгээр зам тээврийн ослууд жолоочийн буруутай үйлдлийн улмаасгараад байна уу зорчигч хүүхдүүдийн буруутай үйлдэл их байна уу. Гол шалтгаан нь юу байна вэ?

-Улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 160 нь нийслэлд бүртгэгдсэн ба тэдгээрийн шалтгааныг нарийвчлан авч үзвэл 104 хүүхэд явган зорчигч, 51 хүүхэд зорчигч хэлбэрээр, 2 хүүхэд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд  89,4 хувь нь буюу 93 нь ганцаараа болон эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа зам тээврийн осолд өртсөн, 10,6 хувь  буюу 11 нь гарцтай газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн судалгаа гарсан байна.

Дээрх  үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 24,5 хувиар буурсан байх боловч гэмтсэн хүүхэд 93 хувиар, амь насаа алдсан хүүхэд 2 дахин өссөн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны мөн үед 8 хүүхэд нас барж байсан бол энэ онд 16 хүүхэд амь насаараа хохироод байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй голлох шалтгаан нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын буруутай үйлдэл байна. Өнөөгийн нийгэмд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч бид хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарал хандуулдаг ч аюулгүй амьдрах ухаан, аюулгүй байдлаа хангах боловсролд анхаарал хандуулахгүй байгаатай шууд холбоотой юм.

Ийм учраас хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, сургуулийн өмнөх болон сургуулийн наснаас нь аюулгүй байдлаа хангах анхан шатны мэдлэг боловсрол олгох, зөв дадлыг эзэмшүүлэх, тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлж ирээдүйгээ авран хамгаалахыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. машин унасан малнууд дүүрэн байнаш дээ, гарцны ногоон гэрлээр гарч байгаа явган зорчигчийг дайрчих шахаад өмнүүр нь хар хурдаараа гарч байгаа сармагчингууд зөндөө л харагдаж байдаг, цагдаа энийг ер хайхарч байгаа шинж байдаггүй, нөгөө сүр болоод байдаг олон камеруудаараа энийг хянадаг юм уу үгүй юм уу , ийм байхад осол гарахгүй яах вэ дээ

    0 0 Хариу бичих