Энэ өдөр түүхэнд: Гэр бүлийн өдөр

Оны 135 дахь өдөр, Шинэ он хүртэл 230 өдөр үлдлээ.

Өнөөдрийн баяр

Гэр бүлийн өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан.Энэхүү уламжлал Олон улсад тогтоод 20 жил болсон бол Монгол Улсын хэмжээнд 11 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ. 

Дэлхийн гэр бүлийн өдрийг улс орнуудад баяр болгон тэмдэглэхээсээ илүүтэй төрийн зүгээс гэр бүлийн талаар авах арга хэмжээг тодорхойлох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүл, иргэдээс төрд асуудлаа тавих арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг байна. 
Нийгмийн үндсэн институци, хүний нийгэмшлийн эхний шат гэр бүл нь нийгмийн орчноо даган өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Мөн хүний үнэт зүйлс, соёл, өвөг дээдсийн түүхэн залгамж халаа, тогтвортой байдал, хөгжлийн хүчин зүйлс болж байдаг билээ.Гэр бүл тогтвортой байснаар улс орон хөгжилтэй, ард түмний амьдрал ахуй дээшилдэг. 

Сонирхолтой түүх

Хар алтан зул  цэцгийн төрсөн өдөр

Тэр үеийн “мичуринчуудэд” заримдаа аз ивээх үе гардаг байлаа. Жишээлбэл, Харлем хотод амьдарч байсан негрүүд – эрх чөлөөгөө олж авсан африкчууд хар арьстай хүмүүсийн гоо сайхны бэлэгдэл болсон хар алтан зул гаргахаар шийджээ. Тэд дэлхийн бүх ботаникуудад хандан уриалга гаргаж, 10.000 гульденгийн шагнал амлажээ. Харлем хот 100.000 гульден хүртэл шагналыг нэмлээ…!

Ингэтэл нэгэн ботаникч ийм цэцэг бүтээж чаджээ ! Хар алтан зулд зориулж Харлем хотод нүсэр баяр зохиов. Энэ бол 1637 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байсан юм.

Алтан зул нь 150 зүйлийн болцуут ургамлыг багтаасан сарааны (Liliaceae) овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү үзэсгэлэнт цэцгийн ихэнх зүйл нь өмнөд Европ, умард Африк, Азиас гаралтай. Иран болон Афган, Пакистаны уул нурууд, Хасагийн тал хөндийд алтан зулын олон төрлүүд ургана. Мөн цэцэрлэг, ургамлын хүрээлэнд олон зүйлийг эрлийзжүүлэн гаргаж авсан алтан зулыг ургуулж байна. Нидерланд улс нь алтан зулаар дэлхийд алдартай бөгөөд тариалалт, экспортоороо тэргүүлдэг.

Онгоцны үйлчлэгчийн шинэ мэргэжил гарч ирэв

Өнөөдөр олон зуун залуу, сайхан бүсгүйчүүд онгоцны үйлчлэгчээр ажилладаг. Харин ХХ зууны эхээр тэд энэ тухай мөрөөдөж ч чадахгүй байлаа.

1930 оны 5 сарын 15-нд 25 настай Эллен Чёрч гэдэг бүсгүй “Boeing Air Transport” (хожим “United Airlines” нэртэй болсон) компанийн Сан-Франциско-Шайенн рейсийн нислэгт үйлчилж, дэлхийн анхны онгоцны үйлчлэгч болжээ. Тэр нисэхийн сургуульд сурч байхдаа галт тэрэгний үйлчэгчтэй адил үйлчилгээг онгоцонд нэвтрүүлэх санаа гаргасан бөгөөд үүнийг “Boeing Air Transport” дэмжсэнээр долоон бүсгүйн бүрэлдэхүүнтэй “Sky Girls” нэртэй анхны багаа байгуулжээ. Эллений санаачилсан энэ үйлчилгээ гурван жилийн дотор Америкийн бүх авиа компаниудад нэвтэрсэн төдийгүй тэр үед нисэх онгоцонд суухаас айдаг байсан олон түмний санаа бодолд эерэг нөлөө үзүүлсэн байна. Үйлчлэгчид тухайн үедээ өндөрт тооцогдох 125 долларын цалинтай байжээ.

Тэр үед онгоцны үйлчлэгч болох бүсгүйчүүдэд доорх шаардлага тавьдаг байжээ.

  • Сувилагчийн дипломтой
  • Нөхөрт гараагүй
  • 25-аас доош настай
  • 115 фунтаас (52 кг) илүүгүй жинтэй
  • 1.625 м багагүй өндөртэй

Зорчигчдод үйлчлэхээс гадна

  • Зорчигчдын ачааг зөөх
  • Эвдэрсэн суудлыг засах
  • Онгоцоо цэнэглэх
  • Онгоцыг ангарт оруулахад туслах зэрэг давхар үүрэгтэй байсан аж.

Өнөөдөр түүхэнд

908 - Византийн эзэнт гүрний хаан "Ухаалаг"  хэмээгдэх VI Лео гурван настай хүү VII Константинийг эзэнт гүрнийг хамтран захирагчаар зарлав.

1248 – Эстонийн нийслэл Таллин үндэслэгджээ.

1536 - Английн хатан хаан Анна Болейныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шүүх хурал Лондон хотноо эхэлжээ.

1578 - Түмэдийн Алтан хаан Төвөдөөс Далай лам Содномжамцыг залж ирүүлэв. Улмаар Алтан хаан шашны цааз тогтоожээ.

1618 - Ариун Ромын эзэнт гүрний нэрт эрдэмтэн Иоханнес Кеплер гараг эрхэсийн хөдөлгөөний гурав дахь хуулиа боловсруулж дуусгав.

1718 - Английн хуульч Жеймс Пакл хурдан бууны анхны зохион бүтээгчийн эрхийг нэр дээрээ авчээ.

1776 - Америкийн хувьсгал: Виржиниа мужид болсон тав дахь удаагийн хуралдаанаар Их Британиас тусгаар тогтнох тунхаг бичиг эцсийн байдлаар батлагджээ.

1793 - Испанийн зохион бүтээгч Диего Марин Агулера салхины хүчийг ашиглан нисэх төхөөрөмжөөр газраас 5-6 метр өндөрт хөөрөв. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд нисэх оролдлого хийсэн анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгджээ.

1800 - Их Британийн хаан III Жоржийн амь насанд халдахыг завдав. Жеймс Хадфельд гэгч түүний амь насанд халдахыг завджээ.

1817 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Тус эмнэлэг АНУ-ын Пеннсильвани мужийн Филадельфи хотод байгуулагдсан түүхтэй.

1867 - Канадын Торонто хотод Канадын худалдааны банк нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

1905 - АНУ-ын шоу, зугаа цэнгээний төв Лас Вегас үүсгэн байгуулагдав.

1928 - Уолт Диснейн алдарт "Мики Маус" анх удаа дэлгэцнээ гарав.

1940 - Америкийн түргэн хоолны алдартай сүлжээ ресторан болох МакДональдсын анхны салбар Калифорни мужийн Сан Бернардино хотод нээгдэв.

1943 - ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин "Коминтерн"-ыг татан буулгах шийдвэр гаргав.

1957 - Их Британи улс дэлхийн түүхэнд анх удаа Малден аралд устөрөгчийн бөмбөгийг туршив.

1974 - Палестиныг чөлөөлөх фронтын хүчнийхэн Израилын сургуульд довтолсны улмаас 31 хүний амь нас хохиров. Тэдний  22 нь сургуулийн сурагч байжээ.

1988 - Афганийн нутаг дэвсгэрт найман жил дайтсаны эцэст ЗХУ-ын тал 115 мянган цэргээ эргүүлэн татахаар болжээ.

1990 - Кристи дуудлага худалдаа дээр Ван Гогийн "Доктор Гашегийн хөрөг" 82,5 сая  доллараар зарагдан дээд амжилт тогтоов.Өмнөх дээд амжилтын үнийг 1987 онд мөн л Ван Гогийн зураг тогтоож байв. Түүний –Цахилдаг” гэсэн зураг 53,9 сая долларын үнээр зарагдсан байлаа.

1991 - Францын Ерөнхий сайдын суудалд Эдит Крессон томилогдсоноор энэ албыг хашсан анхны эмэгтэй улстөрч болжээ.

2004 - Английн хөлбөмбөгийн премьер лигт Арсенал клуб нэг ч хожигдолгүй түрүүлэв.

2008 - АНУ-ын Калифорни муж ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн АНУ-ын хоёр дахь муж болов.

2010 - Австралийн иргэн 17 настай Жессика Уатсон дэлхийг завиар тойрсон хамгийн залуу хүн болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)