Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс авдаг үндсэн шалгалтуудыг нэг нь монгол хэл, бичгийн шалгалт байдаг. Харин энэ жилээс их, дээд сургуульд элсэхийг хүссэн хэн бүхнээс монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотойгоор авч энэ нь нийгмийн зүгээс өндөр үнэлэлттэй байгаа. Учир нь монгол хүн болж төрснийхөө хувьд иргэн бүр монгол хэл, бичгийн дунд түвшний боловсролтой байх ёстой. Нөгөөтэйгүүр Монгол Улсад их, дээд боловсрол эзэмших гэж байгаа хэн боловч эх хэлийг нь ерөнхий түвшинд хангасан байх учиртай юм. Гэвч харамсалтай нь 1000 орчим шалгуулагч монгол хэл, бичгийн давтан шалгалтдаа унаснаар энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй болоод байна.
Монгол хэл, бичгийн шалгалтад давтан бүдэрч, дээд боловсролын байгууллагуудад энэ жилдээ дэвшин суралцах боломжгүй болсон дээрх 1000 орчим шалгуулагчийг журам зөрчиж төлбөр мөнгөний төлөө элсүүлсэн их, дээд сургууль гарвал хуулийн дагуу хариуцлага тооцох юм.
БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн тушаалаар улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэх босго оноог нэмэгдүүлсэн. Дээд боловсролын чанарыг сайжруулах, элсэгчдэд тавих шалгуурыг өндөрсгөх зорилготой дээрх тушаал энэ онд хөрсөн дээр бодит үр дүнгээ үзүүлнэ гэх хүлээлт байна. Тухайлбал өмнө нь улсын хэмжээнд нийтээрээ босго оноо 400 байсан бол одоо

Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “400-480-аар тогтоож байгаа босго оноо бол тухайн хичээл бүрт шалгалт өгсөн хүүхдийн 15-18 хувь нь энэ оноод хамаарна гэсэн үг. Энэ оноог тогтоосноор олон хүүхэд их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байгаа мэт ойлгож болохгүй. Нэг хүүхэд хамгийн багадаа 2-оос дээш шалгалт өгнө. Нэг хичээлээрээ босго онооны болзол хангаагүй ч нөгөө хичээлээрээ босго онооны болзол хангах боломж байгаа”
Өнгөрсөн жилийн тухайд дээрх босго оноотойгоор элсэлтийг зохион байгуулахад нийт шалгуулагчдын 88 хувь нь болзлыг хангаж, их, дээд сургуульд элсэн суралцаж чадсан байна. Харин энэ оны урьдчилсан төлөвлөгөөгөөр босго оноог 480-аар тогтоосон тохиолдолд их, дээр сургуульд илүү сурлагын амжилт сайтай хүүхдүүд элсэн суралцах аж. Ингэснээр дээд боловсролын сурлагын амжилт илүү сайжрах нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо.
Өнгөрсөн жил 40 гаруй мянган шалгуулагч их, дээд сургуульд элсэхээр бүртгүүлж байсан бол энэ онд 18000 орчим шалгуулагч өрсөлдөнө. Нийгмийн захиалгын дагуу босго оноог цаашид нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана гэдгийг тушаал гаргасан сайд нь мэдэгдэж байсан. Босгоо оноог нэмэгдүүлснээр их, дээд сургуульд элсэгчид чанаржиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг шалгуулагч нарт шалгалт авснаас хойш 14 хоногийн дараа дуулгадаг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн нэвтрүүлсэн дэвшил нь ЭЕШ-ын материалыг шалгалт дуусмагц шалгуулагчийн өмнө тусгай программаар хянаж тэр дор нь дүнг нь сонсгоно. Ингэхдээ АНУ-д бүтээж монгол залуус хөгжүүлэлтийг нь хийсэн программ ашиглахаар болж өнгөрсөн онд Ховд аймагт амжилттай туршсан аж.
Албаныхан “Шалгуулагчийн дүн 14 хоногийн дараа гарна гэдэг нь өөрөө маш их асуудал үүсгэдэг. Жилд 10 мянган шалгуулагч сумын төвөөс аймгийн төвд ирж шалгалт өгдөг. Ингэснээр шалгуулагчийн хувьд хоёр дахин ирж очно гэхээр бодит эдийн засгийн хүндрэл гардаг. Тиймээс шалгалт дуусгаад 3 хоногийн дотор шалгуулагчид батламжийг нь олгон шалгуулагч хувиараа сонгоод явна зэргээр цаг хугацааны хувьд түргэвчилсэн байдал үүснэ” хэмээн тухайн үед тайлбарлаж байсан юм.