Махны экспорт нэмэгдсэнтэй холбоотой дотоодын жижиглэнгийн үнэ энэ өвөл өссөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн дахин үнэ өссөн юм. Үнийг тогтворжуулахад хэрхэн анхаарч байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ ярилаа. Түүний хэлснээр махны нийлүүлэлт сүүлийн өдрүүдэд орон нутагт цаг агаар хүндэрсний улмаас махны нийлүүлэлт багассан байна. Түүнчлэн шатахууны үнийн өсөлт махны үнэд нөлөөлж байгаа аж. Тиймээс махны үнийг барихад дулааны аргаар боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын зах зээлийн хангамж, нийлүүлэлттэй уялдуулан квоттой болгох тухай хэлсэн юм. Тэрбээр, үргэлжлүүлэн “Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг.  Энэ  хэрэглээг гурван сувгаар хангадаг. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, "Хүчит шонхор" захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлж байгаа. Гурвадугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байгаа. Хангамжийн байдлыг шалтгаант их үүсвэрээр нь судалж үзэхэд улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Өдөртөө 30 орчин тонн нөөцийн мах иргэдийн гар дээр очиж байна. Зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд урьд өмнө нийлүүлэгдэж байснаас хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байгаа" гэв.