“Цөм” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж үзжээ

Манай улсын ерөнхий боловсролын тогтолцоо 12 жилийн сургалттай. Боловсролын тогтолцооны жишиг дэлхий дахинд ойртсон гэж салбарын сайд хэлж байна. Энэ хичээлийн жилд 2030 онд дунд сургуулиа төгсөх хүүхдүүдийг элсүүлж буй. Тиймээс нэгдүгээр ангиас нь чанартай боловсрол олгохын тулд дэлхий дахинтай хөл нийлүүлэх шаардлага бий аж.  

Боловсролын салбарт өнгөрсөн хугацаанд “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг салбарын яамнаас болон бусад холбогдох байгууллагатай хамтарсан ажлын хэсэг дүгнэжээ. Тиймээс агуулгыг нь сайжруулах, давхцлыг арилгах, зарим хичээлийг цогцоор нь өөрчлөх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Хичээлийн агуулга давхцаж байгаа нь хүүхдүүд болон багш нарт зохиомол ачаалал нэмэгдүүлж байна гэж салбарын яам үзжээ. Одоо ЕБС-д нэг хүүхэд дээд тал нь 19 төрлийн хичээл үзэж байна. ОХУ-д 12, БНХАУ-д 11 хичээл дээд тал нь үздэг аж. Энэ нь сургалтын чанар болоод суралцахад муугаар нөлөөлж байгаа учраас цөм хөтөлбөрийг сургалтын агуулгаас хасахаар болсон байна.  

Түүнчлэн их, дээд сургуулиудын тоо сүүлийн 10 жилд 154 болтлоо өссөн байсныг 94 болгожээ. Салбарын сайдын тушаалаар тодорхой сургуулиудын эрхийг цуцалсан, цаашид их, дээд сургуулийн агуулга стандартад хяналт тавьж, аттестачлал явуулах аж. Таван жил тутамд аттестачлал явуулсан нэртэй чанаргүй дээд боловсрол олгож байгаа асуудлыг цэгцлэхээ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)