Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг гарсан. Тус шалгалттай холбоотой гэрээний асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хурлын үеэр байр сууриа илэрхийлэв.Тэрбээр, “Шаардлагатай бол гэрээг засварлана. Харин цуцлах асуудал байхгүй. Энэ гэрээг цуцлах нь дотоодын эдийн засгийг хөмрөх хийгээд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөх эрсдэлтэй. Өнөөдөр Оюутолгойд байнгын 17 мянган хүн ажиллаж байна. Шууд болон шууд бус 45 мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Мөн 700 гаруй аж ахуйн нэгж энэ төсөл дээр байдаг. Тэгэхээр гэрээг цуцлах гэдэг юм ярихгүй баймаар байна. Харин энэ төсөлд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Оюутолгойн гэрээгээр дамжуулж ажлын байраа хамгаалахын сацуу олон улсын түвшинд улсын нэрийг хамгаалах хэрэгтэй. Ийм байр суурь илэрхийллээ гээд өмнөх Засгийн газрын хийсэн гэрээг зөвтгөж байгаа юм биш” гэв.
Түүнчлэн энэ оны эхний дөрвөн сарын уул уурхайн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын мэдээг танилцуулсан юм. Эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 981.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 13.0 тэрбум төгрөг,
- Нүүрс 448.2 тэрбум төгрөг,
- Цайр 33.5 тэрбум төгрөг,
- Зэс 448.0 тэрбум төгрөг,
- Төмөр 6.7 тэрбум төгрөг,
- Жонш 9.7 тэрбум төгрөг,
- Бусад 21.9 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өссөн байна. Үүнд:
- Алт 1.5 (13.0%) тэрбум төгрөг,
- Нүүрс 192.4 (75.2%) тэрбум төгрөг,
- Зэс 96.0 (27.3%) тэрбум төгрөг,
- Жонш 5.1 (110.0%) тэрбум төгрөг,
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан байна. Үүнд:
- Цайр 4.2 (11.1%) тэрбум төгрөг,
- Төмөр 1.6 (19.4%) тэрбум төгрөг,
- Бусад ашигт малтмал 3.1 (12.4%) тэрбум төгрөг.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 570.9 (15.4%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 745.8 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 386.6 (18.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.2 хувийг эзлэж байна.
Чулуун нүүрс экпорт 2019 оны эхний 4 сард 961.0 сая ам.долларын 11.4 сая тн-ыг экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1,226.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.8 ам.доллар байсан бол 2019 онд 84.4 ам.доллар болж өссөн байна. Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 4 сард 489.1 мян.тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мян.тн-оор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,368.6 ам.доллараас 1,434.0 ам.доллар болж 65.4 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний 4 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болсон. Боловсруулаагүй нефтийн экспорт 2,105.9 мян.бар буюу 118.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 104.3 мян.бар-аар, үнийн дүнгээр 20.3 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.8 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.3 ам.доллар болж буурсан.
Төмрийн хүдрийн экспорт 2,842.1 мян.тн буюу 159.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 806.4 мян.тн-оор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллараар тус тус өссөн. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 56.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 ам.доллараар өссөн байна. Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 4 сард 54.1 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,455.6 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 349.5 ам.доллараар буурсан. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 78.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.5 сая ам.доллараар нэмэгджээ. Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 4 сард 55.0 сая ам.долларын 151.8 мян.тн экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мян.тн-оор, үнийн дүнгээр 18.5 сая ам.доллараар тус тус өссөн. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 362.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.9% нь ОХУ-д, 64.4% нь БНХАУ-д тус тус ногдож байна. Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 16.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,623.0 ам.доллараас 8,663.9 ам.долларт хүрч, 1,041.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 4 сард 1,864.1 тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 81.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.
Импортын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Энэ хугацаанд импорт 1.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 184.3 (11.7%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 409.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 сая ам.доллараар буюу 13.3 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 4 сард 347.3 сая ам.долларын 562.8 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 115.7 мян.тн-оор, үнийн дүнгээр 50.3 сая ам.доллараар тус тус өссөн. Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.4 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.7 хувийг автобензин, 64.3 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.
Энэ хугацаанд185.8 мян.тн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.9 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 673.2 ам.доллар байсан бол 2019 онд 559.5 ам.доллар болж 16.9%-иар буурсан байна. Дизель түлшний импорт 334.1 мян.тн болж, 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 77.7 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 4 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 642.6 ам.доллар байсан бол энэ онд 620.6 ам.долларт хүрч, 22.1 ам.доллар буюу 3.4%-иар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.6 сая ам.доллараар нэмэгджээ.