Түүхэн дэх хамгийн гүнд шумбасан судлаачид Марианы хонхроос гялгар уут илрүүлжээ

АНУ-ын судлаач Виктор Весково өөрийн зохион бүтээсэн даралт тэсвэрлэх зориулалттай шумбагч хөлгөөрөө далайн хамгийн гүн цэг болох Номхон далайн Марианы хонхорт 10 927 метрийн гүнд шумбаж, түүхэн дээд амжилт тогтоожээ. Сонирхолтой нь, далайн хамгийн гүн цэгээс уг хөлөг онгоц пластик хог хаягдал илрүүлсэн байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.

 Тэрээр Марианы хонхорт дөрвөн цаг гаруй байж, судалгааны материал цуглуулсан бөгөөд далайн янз бүрийн амьтдаас гадна гялгар уут зэрэг пластик хог хаягдал олсон аж.

Филиппиний арлуудын ойролцоо оршдог Марианы хонхор нь манай гаригийн хамгийн нам дор цэг бөгөөд 11 022 метр гүн гэж тооцогддог. Энэ удаагийн шумбалт нь хүн төрөлхтөн Марианы хонхорт хүрсэн гурав дахь тохиолдол болж байна. 1960 онд АНУ-ын тэнгисийн цэргийн дэслэгч Дон Уолш, Швейцарийн инженер Жак Пикар нар “Триест” хэмээх шумбагч хөлгөөр Марианы хонхорт анхлан хөл тавьж, хүн төрөлхтний нэгэн агуу гайхамшгийг бүтээж байсан юм.

Дараа нь 2012 онд кино найруулагч Жеймс Кэмерон өөрийн тод ногоон шумбагч хөлгөөрөө мөн Марианы хонохрт шумбасан түүхтэй. Харин гурав дахь буюу Виктор Весковогийн энэ удаагийн шумбалт 10 927 метрийн гүнд хүрснээрээ бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоожээ. Весковогийн багийнхан дээд амжилт тогтоох хүртлээ нийт таван удаагийн шумбалт хийсэн байна. Марианы хонхорт анхлан шумасан хүн болох Дон Уолш В.Весковогийн багт зөвлөж, дээд амжилтын гэрч болжээ. Тэрээр "ВВС ньюс"-т өгсөн ярилцлагадаа “Марианы хонхорт судалгааны шумбалтыг амжилттай явуулсан Виктор Весково болон түүний багийнханд баяр хүргэе. 60 жилийн өмнө Жак Пикар бид хоёр Марианы хонхрыг харсан анхны хүмүүс болж байлаа. Нас дээр гарсан хойноо В.Весковогийн багт уригдаж, залуу насныхаа дурсамжит газарт дахин ирсэндээ баяртай байна” хэмээн өгүүлжээ.

Д.Уолш, В.Весково.

В.Весковогийн баг судалгааныхаа явцад 7000 метрийн гүнээс хавч хэлбэртний дөрвөн шинэ зүйл, 8 000 метрийн гүнээс дунгийн нэгэн зүйлийг шинжлэх ухаанд шинээр илрүүлсэн байна. Мөн дээр өгүүлсэнчлэн пластик хог хаягдал дэлхийн хамгийн нам дор цэгт хуралдан байгааг олж мэджээ.

Дэлхий дээр жилд хэдэн сая тонн пластик хог хаягдал далайд хаягддаг ч эцэстээ хэрхдэг нь тодорхойгүй байжээ.  

4.6 метр өргөн, 3.7 метр өндөр DSV Limiting Factor хөлгийг АНУ-ын Triton "Submarines" компани бүтээжээ.

Шумагч хөлөг дээд амжилт тогтоосон шумбалтаа хийгээд гарч ирж байгаа нь.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. goe l do

    0 0 Хариу бичих