ОХУ-аас орж ирсэн түймрийг 20 гаран хоног ажиллаж бүрэн унтраажээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Он гарсаар улсын хэмжээнд нийтдээ 2318 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Дээрх гал түймрийн дуудлагын улмаас төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 4.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө шатаж, 23 хүн амь насаа алдлаа. Үүний 7 нь бага насны хүүхэд байгаа.

Өнөөдрийн байдлаар 11 аймгийн 43 суманд нийтдээ 55 удаагийн ой хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Энэ түймэрт 2449 га ой, 217.2 мянган га хээр нийтдээ 219.6 га өртөн шатсан. Түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагаас 1100 гаруй алба хаагч, 200 орчим техник хэрэгсэл , хилийн цэрэг болон цагдаагийн байгууллагаас 90 орчим алба хаагч, 17 техник хэрэгсэл, сум орон нутгаас 1600 иргэн, 200 орчим автомашин, техник хэрэгсэл нийтдээ 2768 хүн 365 автомашин, техник хэрэгсэл, 19 морьтойгоор дайчлагдан ажиллаж ой хээрийн түймрийг унтраасан.

Эдгээрээс хамгийн том, хохирол ихтэй нь энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-аас Хэнтий аймгийн Батширээт сум руу орж ирсэн түймэр байгаа. Уг түймэр дээр 20 гаран хоног ажилласан алба хаагчид өнөөдөр буцаж байна. Түймрийг 238 албан хаагч 20 гаруй техник хэрэгсэл орон нутгаас 400 гаруй иргэн 60 гаруй автомашин, техник хэрэгсэл гарган ажиллаж бүрэн унтраасан. Уг түймрийг унтраахаар дөрвөн удаа нислэг үйлдсэн.

Энэ жил хуурайшил ихтэй олон жилийн дунджаас 0.5-1 хэмийн дулаан байгаа учраас гал түймэр гарах эрсдэлтэй

Иргэдийн хайхрамжгүй байдлаас болж нийслэлд ой хээрийн түймэр их гарч байгаа учраас учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)