АНУ-ын иргэд шинэ төрсөн хүүхдэдээ “Хаадын тоглоом” цувралын дүрүүдийн нэрийг өгөх явдал эрс нэмэгджээ. Нийгмийн халамжийн газрын тоо баримтад үндэслэн The Business Insider энэ талаар мэдээлсэн байна.

Жишээ нь, зөвхөн 2018 онд 560 охинд эцэг эх нь Кхалиси хэмээх нэрийг хайрлажээ. Энэ нь дотраки хэлээр “Хатан хаан” гэсэн үг ажээ. Дотраки хэл нь зөвхөн уг кинонд зориулж зохиосон, зохиомол хэл юм. Киноны гол дүрийн нэрүүдээс хамгийн түгээмэл нэр нь Арья буюу Арья Старкийн нэр байсан байна. 2018 онд төрсөн 2545 охин дээрх нэрийг авчээ.

Өнгөрсөн жил хамгийн эрэлттэй буюу эцэг эхчүүд шинэ хүндээ хамгийн их өгсөн нэрний жагсаалтад дээрх хоёр нэр багтсан байна. Мөн шинэ хүндээ “Хаадын тоглоом”-ын баатруудын нэрийг өгөх хүсэлтэй эцэг эхчүүд жил ирэх бүр нэмэгдэж байгааг уг мэдээнд онцлон дурджээ.