Литвийн шинэ Ерөнхийлөгч хоёрдугаар шатны санал хураалтаар тодорно

Литвийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр боллоо. Сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй ч есөн нэр дэвшигчийн нэг нь ч сонгогчдын 50-тас дээш хувийн дэмжлэг хүлээгээгүй нь тодорхой болсон байна. Олон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Сангийн сайд асан Ингрида Шимоните, эдийн засагч Гитинас Науседа нар тус бүр 26.2, 24.6 хувийн санал авч, дараагийн шатанд тунаж үлджээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн, одоогийн Ерөнхий сайд Саулюс Сквернялис сонгогчдын дэмжлэг хүлээж чадаагүй тул ялагдлаа хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын ажлаа ч хүлээлгэж өгнө гэж мэдэгдсэн байна. Нэр дэвшсэн есөн хүн бүгд ОХУ-ыг болзошгүй дайсан, гол аюул занал учруулагч гэдэг одоогийн бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь энэ сонгуулийн нэг онцлог болж байна. Тус улс Крымыг өөртөө нэгтгэснээс нь хойш ОХУ-ыг гол аюул занал учруулагч гэж үзэх болсон юм.

Хоёрдугаар шатны санал хураалт энэ сарын 26-нд болно.  

Литвачууд мөн Ерөнхийлөгчийн сонгуультай хамт “Давхар иргэншлийг зөвшөөрөх эсэх”, “Парламентын гишүүдийн тоог 141-ээс 121 болгох багасгах эсэх” гэсэн хоёр чухал асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулжээ. Гэсэн ч сонгогчдын ирц хангалтгүй байснаас хоёул хүчингүйд тооцогдсон байна.      

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)