"Яг түүн шиг" шоуны 4 дэх улирлын хоёр дахь дугаар маш амжилттай болж өнгөрлөө. Энэ улиралд өмнөх гурван улирлын шилдгүүд болох жүжигчин Т.Бархүү, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Амархүү, Б.Халиун, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж нар өрсөлдөж байгаа.
Өчигдөр үзэгчдэд хүрсэн хоёр дахь дугаарын ялагчаар дуучин Б.Нацагдорж тодорлоо. Тэрээр үзэгчдийг Латин Америк бүжгийн хэмнэлд автуулж “Despacito” дууг гайхалтай амилуулсан юм.
Дуучин П.Бяарцэнгэл амьд хөгжмийн хамтлаг “System of a Down”-ыг тайзнаа авчирсан бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалын "Миний ээж тэмээчин" дууг амилуулан уянгалаг хоолойгоо гайхуулав. Г.Сүндэрмаа “KPOP”-ын дуучин Hyolyn болж, Б.Амархүү яг л Elton John-ий дүрд хувирсан. Мөн шоуны тайзан дээр бидэнд жинхэнэ хип хоп хэмнэлийг мэдрүүлсэн бүсгүй бол дуучин Б.Маралжингоо байлаа.Тэрээр энэ дугаарт Cardi B болон хувирч “I Like It” дууны хэмнэлд автуулсан. Энгийн байдлаараа шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татсан James Blunt-ын “Goodbye My Lover” дууг шоуны тайзан дээр жүжигчин Т.Бархүү яг түүн шиг байж амилуулж чадсан бол Б.Халиун Lady Gaga-тай уулзуулан “Judas” дуугаар нь доргисон гээд энэ дугаар ширүүхэн өрсөлдөөнтэй явагдлаа.
Тиймээс ч шүүгч Г.Ганхүү, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул нарт оролцогчдод оноо өгөх амаргүй байсан болов уу.
“Яг түүн шиг-4” шоуны ширүүхэн өрсөлдөөн үргэлжилсээр...







