“Тоттэнхэм”-Хамгийн “азтай баг”

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд учраа таарсан Английн Тоттенхэм, Голландын “Аякс” багийн тоглолт өнгөрсөн шөнө болж, английн баг 3:2-оор хожин аваргын төлөө шалгарч үлдлээ. Тоттенхэмийн Лукас Моура 96 дахь минутад гоолдсоноор эцсийн мөчид Тоттэнхэм ялсан билээ. Тэгвэл энэ гоол нь “Аваргуудын лиг”-ийн хамгийн “азтай баг” гэсэн тодтголыг Английн багт яах аргагүй авчирч байна.

Почеттиногийн баг яагаад энэ тодотголыг зүүх болов гэдэг асуултын хариуг хамтдаа олцгооё.

85 дахь минутад хэсгээс гарав

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд хэсгийн сүүлчийн тоглолтыг “Барселона”-тай хийх үед хүснэгтийн байрлал дараах байдалтай байжээ.

Барселона 13 оноо

Тоттенхэм 7 оноо

Интер 7 оноо

ПСВ 1 оноо

“Тоттенхэм” Интерийн талбайд 1:2-оор хожигдсон ч айлын талбайд гоол оруулсан гэдэг үзүүлэлтээр дээр нь бичигдэж байв. Гэхдээ сүүлийн тоглолт Интерт илүү боломжийг олгож байв. Тэд “хомоол хамагч” ПСВ-г талбайдаа хожоод л дараагийн шатанд шалгарна, Харин Тоттенхэм хэсэг тэргүүлэгчтэй нутагт нь тоглоно.

Хэсгийн эхний гурван тоглолтын дараа л хэсгээс гарах болзлоо хангачихсан “Барса” Л.Месси тэргүүтэй зарим лидерээ тоглуулсангүй. Гэсэн ч тоглолтын эхэнд гоолдож, англичуудыг ацан шалаанд оруулах нь тэр. Тоглолт үргэлжилсээр 85 дахь минутад Харри Кейний хөндлөн дамжуулалтыг Лукас Моура хатгаж, тэнцээний гоол орлоо.

Гэсэн ч Миланд болж байгаа тоглолтын үр дүнг мэдэхгүй байсан тул Харри Кейн гоолын баяр тэмдэглэлгүй бөмбөгийг аль болох хурдан тоглолтод оруулах гэж яарч байсныг бичлэгээс харж болно.

Гэтэл ПСВ Миланд Интертэй 1:1-ээр тэнцсэнээр Английн баг дараагийн шатанд үлджээ. Харри Кейн "Барселона"-тай тэнцчихээд “Энэ тоглолт багийн түүхэн дэх хамгийн агуу тоглолтуудын нэг байлаа” гэж хэлэхэд санал нийлэхгүй хүн олон байсан биз. Харин одоо бодоход түүний зөв байжээ.        

93 дахь минутад хагас шигшээд шалгарлаа

Шөвгийн наймд “Манчестер сити”-тэй хоёр дахь тоглолт хийхийн өмнө давуу тал “Тоттенхэм”-д байсан. Тэд эхний тоглолтод талбайдаа Сон Хин Миний гоолын ачаар 1:0-ээр хожсон байв. Гэсэн ч айлын талбайд давуу байдлаа алдаж, эцсийн мөчид VAR технологийн ачаар шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн юм. Тоглолтын гоолууд болон түүний дараа аль баг дараагийн шатанд шалгарах ёстой байсныг харуулбал:

  4 дэх минут: 1:0 – нэмэлт цагт тоглоно;

7 дахь минут: 1:1 – “Тоттенхэм” дараагийн шатанд үлдэнэ

10 дахь  минут: 1:2 – “Тоттенхэм”

11- дэх минут: 2:2 – “Тоттенхэм”

21 дэх минут: 3:2 – “Тоттенхэм”

59 дэх минут: 4:2 – “Ман Сити” дараагийн шатанд үлдэнэ

73 дахь минут: 4:3 – “Тоттенхэм” дараагийн шатанд үлдэнэ

93 дахь минут: 5:3 “Ман Сити” дараагийн шатанд үлдэнэ.

“Ман Сити” тав дахь гоолоо оруулсны дараа Рахим Стерлинг баярлан хөөрч, Пеп Гвардиола нөөцийнхөнтэйгөө баяраа тэмдэглэж байв. Почеттино байх газраа олж ядах ажээ. Гэтэл яг энэ үед шүүгч давталт үзэх санал гаргаж, улмаар гоолыг хүчингүйд тооцон, “Тоттенхэм” хагас шигшээд үлдэх нь тэр.

96 дахь минутад шигшээд шалгарч үлдлээ.

Хагас шигшээгийн эхний тоглолт хийгээд хоёр дахь тоглолтын нэгдүгээр үед Тоттэнхэмийн хувьд хар дарсан зүүд байв. Тэд өрсөлдөгчдөө 0:3-аар хожигдож, тайлбарлагч нар ийм байдлаас хожино, тэр тусмаа дараагийн шатанд шалгарна гэдэг боломжгүй хэмээн байн байн хэлж байлаа. Гэвч Тоттенхэм гайхамшиг бүтээж,  шүүгчийн мэдлийн 6 дахь минутад буюу эцсийн мөчид  ялагчаар тодров. Л.Моура хоёрдугаар үеийн эхэнд 205 секундын зайтай хоёр гоол оруулж, улмаар нэмэлт цагийн зургаа дахь минутад хожлын гоол оруулж, тоглолтын гол баатар болжээ.

Энэ жилийн “Аваргуудын лиг”-т “Ливерпүүл”, “Тоттенхэм”-ийн бүтээсэн гайхамшиг 2008 оноос хойш анх удаа, түүхэндээ хоёр дахь удаа Английн хоёр баг аваргын төлөө тоглосон тохиолдлыг ийнхүү бий болгож байгаа юм.   

   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Tiim shu. Aztai baina. Ene aztai uil yvdaluud ni finald Liverpoold tus boloosoi. Finaliin togloltiig zaaval uznee hu.

    0 0 Хариу бичих
  2. Hulbumbugt az gej baidaggui!!

    0 0 Хариу бичих