Нотариатчаар ажиллах насны дээд хязгаарыг тогтоох нь буруу, зөв

УИХ-аар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч буюу Засгийн газар нотариатын үйл ажиллагааг дуусгавар болох үндэслэлд насны дээд хязгаар тавих зүйтэй гэж үзжээ. Бусад улсын туршлагаас харахад нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар тогтоосон байдаг бөгөөд энэ нь хүн амын дундаж наслалт, тэтгэвэрт гарах нас зэрэгтэй уялдсан байдаг байна. Манай улсын тухайд нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар байхгүй байгаагаас мэргэжлийн шалгалтад тэнцэж эрх авсан этгээд нь тэтгэвэрт гарсан хойноо үйл ажиллагаагаа явуулах зорилгоор тусгай эрхээ нөөцлөн хадгалдаг байна. Тиймээс Төрийн албан тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэрт гарах настай уялдуулан тодорхой насны хязгаар тогтоох нь зүйтэй гэж үзжээ.

Нийт нотариатчдын 44 хувь нь 50-иас дээш настай бөгөөд хамгийн өндөр настай нотариатч 80 настай ажээ

Нотариатын тусгай зөвшөөрөл авсан нотариатчдын насны хувьд 70-аас дээш настай нотариатч ес буюу гурван хувь, 60-69 настай нотариатч 27 буюу есөн хувь, 50-59 настай нотариатч 89 буюу 32 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт нотариатчдын 44 хувь нь 50-иас дээш настай бөгөөд хамгийн өндөр настай нотариатч 80 настай ажээ. Үүнээс үзвэл, "Нотариатын үйлчилгээ нь тэтгэвэрт гарсан хойноо хийхэд тохиромжтой ажил" гэсэн хандлага бий болсон байна. Энэ хандлагыг өөрчлөхөөр хуулийн төсөлд насны хязгаар тогтоосон заалт оруулжээ. УИХ-ын гишүүдийн зарим нь үүнийг дэмжиж байгаа бол нэг хэсэг нь эсэргүүцэж байна. Тэдний төлөөлөл болгон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэе.

Б.Дэлгэрсайхан: Нотариат бол тэтгэвэртээ гарсан хуульчдын хийдэг ажил

-Нотариат бол тэтгэвэртээ гарсан хуульчдын хийдэг ажил шүү дээ. Олон улсын жишиг ч иймэрхүү байгаа. Гэтэл нотариатаар ажиллах насны хязгаарыг тэтгэврийн настай чацуу болгочихоор хэн нотариат хийх юм бэ. Дэлхийн жишгээр бол насны хязгаар тогтоодоггүй. Тиймээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг хэвээр үлдээхгүй бол болохгүй.

Х.Нямбаатар: Юм сайн харахаа больсон 70-80 настай хүмүүс нотариарч хийж байна

-Нотариатч бол төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа субъект. Манай нотариатчид эрх зүйн үр дагавар үүсгэдэг гэрээ, хэлцлүүдийн эхийг боловсруулдаг. Хөгжилтэй орнуудад бүх хүн хуульчтай байдаг бол манайд тийм биш. Тиймээс энэ үүргийг нотариатын байгууллагууд гүйцэтгэж байгаа. Тухайлбал, эрх зүйн хамгийн том үр дагавар үүсгэдэг өвлөх харилцаа нотариатаар л дамждаг. Мөн эд хөрөнгө ашиглах, шилжүүлэхтэй холбоотой бүх гэрээ, хэлцлүүд нотариатаар батлагддаг. Тиймээс төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъектэд тэтгэврийн настай адил насны хязгаар тогтооё гэж байгаа юм. Ингэхгүй бол юм сайн харахаа больсон, 70-80 настай, эрх зүйн үр дагавар, үйлдэл, ач холбогдлыг илэрхийлж чадахгүй нотариатчид тамга, тэмдгээ хураалгахгүй ажилласаар байх тохиолдол их байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zaluu humuusig ajiluulah heregtei .nas togtooh in zuv

    0 0 Хариу бичих