Хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй: “Ливерпүүл” гайхамшиг бүтээлээ

Юрген Клоппын “Ливерпүүл” Аваргуудын лигийн хариу тоглолтод Испанийн "Барселона"-г "Энфильд" цэнгэлдэхдээ 4:0-ээр бут ниргэж, аваргын төлөө шалгарч үлдлээ. Эхний тоглолт 3:0-ээр Л.Месси ба түүний нөхдийн хожлоор дууссаны дараа бүгд л “Ливерпүүл”-ийг өнгөрсөнд тооцож байсан нь үнэн. "Барса" шиг хүчтэй багийг дөрвөн гоолын зөрүүтэй хожно гэдэг үнэхээр хэний ч санаанд оромгүй явдал байлаа. Гэвч Ю.Клоппын залуус хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхамшгийг бүтээж, биелэгдэшгүй даалгаврыг биелүүлж чадав. Тэр тусмаа гол довтлогч  М.Салах, Р.Фирминьо нарын эзгүйд ингэж чадсаныг нь бодохоор ёстой л нөгөө “хөлбөмбөгийн бурхан тэнгэр” нь тэдний талд байж дээ гэж бодогдоно. Сэлгээгээр гарсан Ж.Вейналдум минутын зайтай хоёр гоол оруулсан, м.Салахыг орлосон Д.Ориги хаалга руу хоёр цохиод л хоёр гоолдсон, Л.Месси бага 100 хувийн боломжтой байрлалаас цохиж чадаагүй гээд талбайн эздийг үнэхээр аз ивээлээ.

Эхний тоглолтод олон гоолын зөрүүтэй хожигдсон тул Ю.Клопп юуны түрүүнд хурдан гоол оруулахыг эрмэлзсэн бөгөөд залуус нь уг даалгаврыг амжилттай биелүүлж, долоо дахь минутад Д.Ориги гоолдсон.

Премьер лигийн 37 дугаар тойрогт “Ньюкасл”-д хожлын гоол оруулсан тэрээр М.Салахын оронд талбайд гаргасан юм. Эхний үед хоёр баг аль аль нь гоол оруулахыг эрмэлзэж, довтолж байсан ч “Ливерпүүл” арай давуу байв. Ж.Милнер, Ж.Хендерсон, Ш.Шакири нар С.Мане руу давуулсан, тэвэгдэж хаясан, уралдуулсан дамжуулалтыг хэд хэдэн удаа хаясан нь өрсөлдөгөө сандаргаж байсан юм. Нэгдүгээр үед дахиж гоол ороогүй ч хамгаалалтад идэвхтэй тоглож байсан Робертсон гэмтэж, ”гайхамшиг” бүтээх эхлэл тавигдсан юм.

Ю.Клопп хоёрдугаар үеийн эхнээс Робертсоныг суулгаж, Жоржиньо Вейналдумыг талбайд гаргасан нь зөвдөж, хоёр минутын дотор хоёр гоол орууллаа. Нийлбэр дүн тэнцэж, талбайдаа тоглож буй “Ливерпүүл”-д давуу тал үүсэв. “Ливерпүүл” довтолсоор. Тоглолтын 79 дэх минут ажиллаж эхлэхэд Трент Александр Арнольд хэмээх залуугийн од гийлээ. Хэдхэн жилийн өмнө “Ливерпүүл”-ийн тийзийг зарж байсан гэх энэ залуу үнэхээр сийрэг толгойтой, хөлбөмбөгийн гентэй нэгэн гэдгээ яруу тодоор харуулав.

Тэрээр 79 дэх минутад багтаа булангийн цохилт авчирсан бөгөөд өөр тоглогчоор цохиулах гэж буй мэт дүр эсгэн талбай руу орж явснаа гэнэт буцан булангийн цохилт гүйцэтгэж, Д.Ориги амжилттай гүйцээсэн юм. 4:0. Үлдсэн хугацаанд “Барселона” юу ч хийж чадсангүй. Садио Мане гоол хийгээгүй ч өөр дээрээ дорх хаяж хоёр хамгаалагчийг барьж байсан бол Фабиньо цэвэрлэгчийн байрлалд Л.Месситэй тулсан, Ж.Алиссон Бекер гоол орох боломжтой хэд, хэдэн довтолгоог няцаасан, Ж.Матип том алдаа гаргаагүй гээд Ю.Клоппын залуус өнөөдөр тус бүртээ үүргээ сайн гүйцэтгэлээ. Тэр дундаа Виргил ван Дейк гайхалтай байв.      

Тус тэмцээнд тус бүр таван удаа түрүүлсэн дархан аваргуудын тулаанд энэ удаа “Ливерпүүл” маш гайхалтай байдлаар илүүрхэж, хөлбөмбөгийн нэгэн мартагдашгүй түүхийг бүтээлээ. Биднийг гайхамшиг гэж байдагт итгүүлж өгсөнд баярлаллаа, "Ливерпүүл". Хөлбөмбөгийн хөнгжөөн дэмжигчид бид цаашид илүү өөдрөг байх болно.    

“Аваргуудын лиг”

1/2 шигшээ, хариу тоглолт

Ливерпүүл /Англи/ – Барселона /Испани/ 4:0 (1:0, 3:0)

Огноо:

Тавдугаар сарын 7, “Энфилд” цэнгэлдэх

Гоол:

1:0 – 7 Ориги, 2:0 – 54 Вейналдум, 3:0 – 56 Вейналдум, 4:0 – 79 Ориги.

Ливерпүүл – Алиссон, Александер-Арнолд, Матип, ван Дейк, Робертсон(Вейналдум, 46), Милнер, Хендерсон, Фабиньо, Шакири (Старриж, 90), Ориги (Гомес, 85), Мане.

Барселона – тер Стеген, Серджи Роберто, Пике, Лангле, Альба, Видаль(Артур, 75), Бускетс, Ракитич (Малком, 80), Коутиньо (Нелсон Семеду, 60), Месси, Суарес.

Шар хуудас:

Фабиньо (11), Бускетс (45), Ракитич (53), Матип (66), Нелсон Семеду (75).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ливерпуль- Аяаксын финал, Аяакс хожино

    0 2 Хариу бичих