Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт” цуврал сурвалжилгаа уншигч танд хүргэж байгаа билээ.
Бид энэ удаад 120 мянгатын уулзварын тэмээтэй хөшөөнөөс "Баянгол" зочид буудлын автобусны буудал хүртэлх нэг километр замд хэчнээн зар, сурталчилгааны самбар байгааг тооллоо. Учир нь өнгө үзэмжгүй тулгуурт самбаруудыг буулгах шийдвэрийг Хотын захирагч гаргаж, Энхтайваны гүүрний хоёр талаар байрласан зарим зар, сурталчилгааны самбаруудыг буулгасан юм.

Харин бидний сонгон авсан нэг километр замын хоёр талаар том хэмжээний тулгуурт болон явган хүний гүүрэн гарц дээр байрлуулсан урт хөндлөн, автобусны буудлын цогц шийдэл бүхий зар сурталчилгааны самбар гээд нийт 26 зар, сурталчилгааны самбар байв.
Энэ асуудлаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хот тохижилтын мэргэжилтэн Г.Билгүүнээс тодрууллаа.
-Нийслэлийн зүгээс төв гудамжинд байгаа өнгө үзэмжгүй зар сурталчилгааны самбаруудыг буулгах арга хэмжээ авч эхэлсэн. Энхтайваны гүүрний хоёр талын том самбаруудыг буулгажээ?
-Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн төрийн сан, Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар зэрэг 11 байгууллагын төлөөлөл багтдаг гадна сурталчилгааны зөвлөл гэж ажилладаг.Зар сурталчилгааны самбар байрлуулахад дээрх зөвлөл бүх талаас нь харж, хуралдан шийдвэр гаргадаг. Тэмээтэй хөшөөнөөс "Баянгол" зочид буудал хүртэл албан ёсоор зөвшөөрөл авсан 6 том тулгуурт байгууламж байсан. Одоо бол энэ хэсэгт албан ёсоор зөвшөөрөл авсан нэг ч том тулгуурт байгууламж байхгүй. Гүүрний хоёр талд байсан том тулгуурт байгууламжууд, хотын төвийн хэсэг дэх МИАТ-ын хашаан доторх тулгуурт байгууламжийг буулгасан.
-Биднийг тоолоход энэ нэг километр замд 3 ширхэг том тулгуурт зар, сурталчилгааны самбар байсан.
-"Баянгол" зочид буудлын хашаанд нэг, замын эсрэг талд нь байгууллагын хашаанд нэг том самбар байгаа. Эдгээр газрууд хувийн эзэмшил хэмээн манайд нэг ч төгрөгийн хураамж, татвар төлдөггүй. Харин 120 мянгатын автобусны буудал орчимд байдаг самбарыг эзэмшигч нь татвараа төлдөг, барилга ашиглалтад ороход үүнийгээ буулгана гэж амалсан.

Түүнчлэн 120 мянгатын тэмээтэй хөшөөний дэргэд гурван талтай тулгуурт том байгууламж баригдаж байгаад одоогоор ажил нь зогссон байгаа.Уг байгууламж иргэдийн ойлгож байгаа шиг хулдаасан, өнгө үзэмжгүй самбар биш гурван талдаа том дэлгэцтэй Богдын музей, нийслэлийн бэлгэ тэмдэг зэрэгтэй уялдуулсан шинэлэг зүйл хийхээр тухайн байгууллага төлөвлөсөн байсан.

Уг нь энэ самбар хийгдээд дуусвал их шинэлэг зүйл болно. Жишээ нь өөр дээрээсээ wi fi цацна. Ингэснээр Богдын музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бэлэн болоход тэнд бэлэн wi fi цацагдана. Амарч, зугаалж байгаа иргэд гар утасны аппликейшны тусламжтайгаар зураг мэдээллээ дэлгэц рүү дамжуулах зэрэг шинэлэг зүйлс олон бий.Тухайн компани засаг даргатай уулзаад учраа ололцох байх.
-Хотын төвд рекламын самбар байршуулахад ямар стандарт хангасан байх шаардлагатай вэ?
-Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар, сурталчилгаа байршуулах журмыг 2017 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Уг журамд Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын зам гээд нэр бүхий төвийн 12 гудамжинд зар, сурталчилгааны тулгуурт байгууламж байрлуулахыг хориглосон. Гэхдээ зөвлөл тулгуурт байгууламж, лед гэрлэн байгууламжийг ангилж, орчин үеийн шинэлэг дэлгэцтэй, Light box хэлбэрээр асдаг дэлгэцийг зөвшөөрье гээд журам дээр тусгагдсан. Тиймээс ямар ч гудамжинд тулгуурт том самбар байршуулах зөвшөөрөл өгөөгүй.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 139 тулгуурт байгууламж албан ёсоор зөвшөөрлөө авсан байдаг. 2019 он гарснаас хойш 26-г нь албадан буулгасан.Үлдсэн 113 байгууламжийн 90 орчим хувь нь дүүргээсээ зөвшөөрөл авч байсан газрууд. Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгодог болсноос хойш одоо байгаа тулгуурт байгууламжийн 10 хувьд зөвшөөрөл олгосон. Энэ тоо 2017 онд нийт 300 орчим байсан нь өнөөдрийн хувьд нэлээд буурсан.
-Зар сурталчилгааны самбарыг хэд ангилдаг вэ?
-Тулгуурт, мэдээллийн, дээврийн, лед гэрлэн, ханын, гүүрэн байгууламж, биет, нүхэн гарцны байгууламж гэж ангилж байгаа. 2017 онд нийтдээ 253 байгууламж байсан бол 2018 онд 654 болсон. Зар, сурталчилгааны байгууламжийн дийлэнх хувийг жижиг мэдээллийн байгууламж эзэлдэг.
-Автобусны буудал дээрх зар, сурталчилгааны самбарууд энэ тоонд багтах уу?
-Тэр тусдаа. Нийслэлийн хэмжээнд 242 автобусны буудал байдаг. Автобусны буудал дээр зар сурталчилгаа байршуулах нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан иж бүрдэлд багтдаг.

-Сонгуулиар замын хажууд гэнэтхэн л олон тооны зар, сурталчилгааны самбаруудтай байрлуулдаг. Журмын дагуу сонгуулиар тулгуурт байгууламж гарахгүй гэсэн үг үү?
-Гарна. Түр байршуулаад сонгуулийн сурталчилгаа дуусахад буулгах заалттай.Сонгуулийн тухай хуулиар зар, сурталчилгааны самбар байршуулах нь хориглох зүйлгүй. Хамгийн гол нь богино хугацаанд барьж байгаа тулгуурт байгууламжид аюулгүй байдал талаасаа анхаарах зүйл их гардаг. Бид 2016 оны сонгуулиар цагдаагийн байгууллагатай хамтран тулгуурт байгууламж бариулахгүй байх талаас нь хамтарч ажиллаж байсан. Мөн сонгуулийн сурталчилгаа дуусахад буцаагаад хугацаандаа буулгах арга хэмжээг авдаг. Хэрвээ товлосон хугацаанд буулгахгүй бол бид самбарыг албадан буулгана.

















