М.Мөнххишиг: Нөхөн үржихүйн боловсролд эцэг эхийн оролцоо чухал

Өсвөр насны охидын эрүүл мэндийн асуудлаар ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч М.Мөнххишигтэй ярилцлаа.

-Танай клиникт өсвөр насны охид голчлон ямар асуудлаар хандаж байна вэ?

-Өсвөр нас гэдэг нь биеийн өсөлт хөгжилт буюу бэлгийн бойжилт явагддаг үе. Мөн сэтгэл зүйн хувьд танин мэдэхүй, нийгмийн харилцааны хувьд хөгжиж байгаа үе болохоор үүнтэй холбоотой асуудлуудад  өсвөрийн кабинет, өсвөрийн клиник тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай клиникт хандаж байгаа хүүхдүүдийн тухайд зөвлөгөө авах тохиолдол нь цөөхөн. Голдуу зовуурьтай болсон үедээ ханддаг. 

-Өсвөр насны охидын жирэмслэлтийн тухайд?

-Өсвөр үеийнхэн олон шалтгаанаар жирэмсэлж байна. Зарим охид төлөвлөөд жирэмсэн болж байна. Тухайлбал, 18 нас хүрсэн хүүхэд гэр бүлийн хуулиараа гэр бүл болох эрхтэй.

Гэхдээ өсвөр үеийнхний жирэмслэлтийн дийлэнх хувийг хүсээгүй жирэмслэлт эзэлдэг. Төлөвлөөгүй, хүсээгүй байгаа учраас манайд үр хөндүүлэх зорилгоор ханддаг. Хэрвээ төрүүлэхээр шийдсэн бол өрхийн эмнэлэг болон харьяаллынхаа эмнэлэгт хяналтад ордог. Манайд өсвөр насандаа жирэмсэн болсон охидын нэлээд хувь нь үр хөндүүлэх зорилгоор хандаж байна.

Зарим нь сайн мэдээлэлгүйгээсээ хяналтад орох, үр хөндүүлэх эсэхээ шийдээгүй тул эцэг эх, асран хамгаалагчтайгаа манай төвд хандан зөвлөгөө авдаг.

-Жилд хэчнээн охин үр хөндүүлэхээр хандаж байна вэ?

-Улсын хэмжээнд энэ тоо тогтвортой бус. Учир нь охид улсын болон хувийн эмнэлэгт харилцан адилгүй хандаж байгаа. Жишээ нь 2018 онд манай Өсвөр үеийн клиникт 95 хүүхэд жирэмслэлтээр хандсан. Тэдний тодорхой хувь нь хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон байсан.Дийлэнх нь 15-16 насныхан байдаг.

-Сүүлийн үед охид бэлгийн харьцаанд эрт орж байгаа тухай мэдээлэл их байгаа?

-Дэлхийд ер нь 20 хүртэлх насныхны жирэмслэлтийг охидын жирэмслэлт гэж үздэг. Бие махбодын хувьд бэлгийн бойжилт явагдан жирэмслэх боломжтой болсон ч тэр хүүхэд сэтгэл санаа нийгмийн харилцааны хувьд хөгжиж гүйцээгүй байдаг. Эмэгтэй хүүхэд өөрөө боловсролтой болох хэрэгтэй. Үр хүүхдээ тэжээн тэтгэх чадвартай байх хэрэгтэй. Өөрөө хөгжих хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд төрүүлэхээр охид боловсрол эзэмших үйл явц нь зогсох, үргэлжлэх боломжгүй болох тохиолдлууд байна. Дэлхий нийтээрээ охидын боловсролыг дэмжих, амьдрах ухаанд суралцах, улмаар гэр бүлээ төлөвлөөд хэзээ хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх тийм чадвартай болсон үедээ хүүхэд төрүүлэх нь илүү дээр гэж зөвлөж байгаа.

-18-аас доош насны жирэмслэлтийн үед тухайн ээж болон төрж байгаа нярайд эрсдэл ихтэй гэдэг?

- 20-оос дээш насныхныг бодвол илүү эрсдэл, асуудлууд тохиолдож байна. Эрүүл мэнд буюу бие махбодын талаасаа /өсвөр үеийнхэн харьцангуй эрүүл хооллодоггүй бүлэг/ жирэмсний явцад ургаа хэвийн торниулж бойжуулахад шаардлагатай хоол тэжээл, шимт бодисын хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Мөн хүүхдээ тээж төрүүлэх сэтгэл санааны бэлтгэл багатай байдаг. Нөгөө талаас өөрөө өсөж хөгжиж байгаа бие учраас жирэмсний явцад бие махбодод асуудал үүсэн жирэмсний эрт болон хожуу хордлого, архаг өвлөлүүд сэдрэх гэх мэт хүндэрл гарна. Өсвөр үеийнхэн хүүхдээ тээж төрүүллээ гэхэд хяналтад хожуу орж байгаа. Хяналт гэдэг бол эх, хүүхдийн эрүүл мэндийг хянах, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй тусламж үзүүлэх зорилготой. Түүнчлэн төрөх хүүхдэд гарах эрсдэлүүд байна. Дутуу төрөх, зулбах, бага жинтэй нярай төрөх, төрсний дараа өвдөх, эндэх гэх мэт хүндрэлүүд өсвөр үеийн төрөлтөд илүү тохиолддог. Учир нь ихэнх нь хүсээгүй жирэмслэлт, тогтвортой гэр бүлтэй болоогүй зэргээс үүдэлтэй сэтгэл санааны байдал нөлөөлнө.

-Ерөнхий боловсролын сургуульд хүүхдэд зориулсан нөхөн үржихүй, эрүүл мэндийн хичээлд хангалтгүй байна гэх шүүмжлэл их. Тиймээс өсвөр үеийнхэн энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмагаасаа болоод эрсдэлд орох нь их болсон. Энэ асуудал дээр хэрхэн яаж анхаарах ёстой юм бол оо?

-Хүүхэд эхээс төрсөн цагаасаа энэ мэдээллийг насандаа тохирсон үг, яриагаар авч байх ёстой. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нас насанд нь тохирсон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд явж байх ёстой. 2012 он хүртэл ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орж байсан. Гэхдээ эрүүл мэндийн багш бол яг мэргэшсэн багш биш биеийн тамир, биологийн багш нар байв. Бид өсвөр үеийнхэнтэй ажилладгийн хувьд хэлэхэд нөхөн үржихүйн хичээлүүд орхигддог нь ажиглагдсан. Энэ талын мэдээлэл багш нарт хангалтгүй байдгаас болоод хүүхдүүдээс санаа зовдог зэрэг асуудлууд ч бий. Харамсалтай нь эрүүл мэндийн хичээл 3-4 жил завсарласан. Өнгөрсөн намраас дахин орж байгаа ч зөвхөн улсын сургуулиудад орж эхэлсэн байх. Ер нь амьдрах ухаан, иргэний боловсрол гээд ганц нөхөн үржихүйн эрүүл мэнд биш бүхий л талын мэдлэгтэй эцэг эх байх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулиасаа ямар ч мэдээлэлгүй орж ирж байгаа өсвөр насныханд бүх талын боловсролтой болтол мэдээллийг өгнө гэдэг бол үнэхээр хэцүү болж байгаа.

Эрүүл мэндийн хичээлээр энэ талын боловсролыг олж авч байгаа ч тэр нь хангалттай биш. Одоо Боловсролын их сургуульд энэ чиглэлээр тусгай хөтөлбөрөөр мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа гэсэн.

-Хэрвээ тийм бол эцэг эхүүд зөвхөн сургуульд найдахгүйгээр үр хүүхдэдээ нас насанд нь тохирсон нөхөн үржихүйн мэдээллийг өгөөд явах нь хэрэгтэй байх нь ээ?

-Өгөх ёстой. Хамгийн гол хүмүүс нь эцэг эхчүүд. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн ариун цэврээс эхлээд л бэлгийн боловсрол олох үйл явц эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн эрүүл мэнд бэлгийн амьдрал гэдэг бол ганцхан бэлгийн харилцааны асуудал биш. Бэлгийн ариун цэвэр, бэлгийн бойжилтын талаар, өсвөр насандаа нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалах, насанд хүрэхээрээ гэр бүлээ төлөвлөх, эсэн мэнд амаржих, тусламж үйлчилгээ авах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл сургалт, сурталчилгаанд хамрагдах, мэдээлэлтэй болох, нөхөн үржихүйн эрх гээд өргөн хүрээтэй. 

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаггүй болохоор найз нөхөд, цахим орчноос зөв, буруу мэдээлэл цуглуулаад түүнээсээ болж алдаад байгаа болов уу?

- Багаас нь хүүхэдтэйгээ аль болох нээлттэй байх ярилцдаг байх хэрэгтэй. Ганцхан тэр талын сэдвээр биш шүү дээ. Жишээ нь хүүхэд тань өдрийг хэрхэн өнгөрөөсөн тухай, найзтайгаа юу хийсэн, хэн хэн гэж найз байдаг, хамтраад тэд юу хийдэг гээд найзуудтай нь танилцах хэрэгтэй. Бүхий л талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг байвал хүүхэд гэртээ ирээд эцэг, эхтэйгээ ярилцах хүсэлтэй болно. Ярихгүй байж байгаад өсвөр насанд аливаа сэдвээр ярилцах гэхээр асуудал гардаг. Энэ талаар ярилцахыг хүсвэл дүүрэг бүхэнд өсвөр үе кабинет, өсвөрийн эмч, сэтгэл зүйч нар байгаа учраас зөвлөгөө, мэдээлэл нээлттэй авч болно.

-Эцэг эхчүүдэд ч мэдээлэл авахад нээлттэй юу?

-Угаасаа хүүхэдтэй ажиллахад өсвөр үеийн эмч нар асран хамгаалагчтай нь хамт тусламж үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Ганц хүүхэдтэй нь ажиллаад үр дүнд хүрэх нь бага.Тиймээс ихэнх мэдээлэл эцэг эхэд чиглэн байдаг. Хүүхдээ хамгийн сайн мэддэг хүн бол эцэг эх. Тэд багаас нь үр хүүхдээ бүтээсэн учраас тэдэнтэй хэрхэн харилцах аргаа мэднэ. Нөхөн үржихүйн боловсролд эцэг эхийн оролцоо чухал. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргадаггүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)