“Ард түмнээ хайрлъя” намын дарга Л.Гүндалай сүүлийн үед фэйсбүүк, твиттерийн тун ч идэвхтэй хэрэглэгч болоод буй. Тэрбээр үзэл бодлоосоо илүүтэй гэртээ юу хийж байгаа болон ямар эдлэлтэйгээ жиргээчдийн хүсэлтээр олонд дэлгэх нь элбэг.
Гэвч түүний эл үйлдлийг олон нийт таашаахаас илүүтэй шүүмжлэх нь их. Ер нь Л.Гүндалай хүний санаанд оромгүй сонин содон үйлдэл хийж, олныг гайхшруулахдаа бараг мэргэжлийн болсон гэхэд хилсдэхгүй болжээ.
Үүгээрээ ч тэрбээр сонгуулийн “сезон”-ыг эрт хөдөлгөж, араасаа олон Л.Гүндалайг байлдан дагуулж эхэлсэн. Өчигдөрхөн зураач Л.Өнөрчимэг баатар эрийн хувцас өмсч цасан шуургыг уулын орой дээрээс уухай хашгиран захирч, зогсоох үйлдэл хийснээ цахим хуудастаа нийтэлжээ. Энэ нь түүнийг ээлжит “Өнөрдалай” гэх шинэ нэртэй болгов.
Тэгвэл сонгуулийн сунгаа ойртож Г.Гүндалай гишүүн “тэнэг” үйлдлээ зогсоож, улс төр рүү анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэрбээр эхний "бай"-гаар С.Ганбаатар гишүүнийг сонгосон байна.
Түүний хэдэн жилийн өмнө ярьсан зүйлийг эвлүүлсэн бичлэгийг цувралаар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Ингэхдээ тэрбээр “С.Ганбаатар та дээд боловсролгүй байж болно. Англид аяга, таваг угааж, жорлон цэвэрлэсэн ч байж болно оо, хамаагүй ээ. Биднийг унаж тустал удаа дараа олон жил хуурч мэхэлж, доромжилж, жүжиглэж болохгүй ээ. Тэр тусмаа хуурч мэхлэх арга замаар МҮЭ-ийг толгойлж, улмаар УИХ-ын гишүүн болж болохгүй ээ. Монголчууд, хүүхэд залуучууд маань Ганбаатардах замаар УИХ-ын гишүүн болдог юм байна гэж ойлгодог боллоо. Та Дарханчуудаас, мөн Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой. Та бас УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзах ёстой гэж би бодож байна. Англичууд ч арай танд хууртагдах хүмүүс биш болохоор та монголд ирсэн юм уу” хэмээн бичсэн байна.
Мөн залуусыг “С.Ганбаатардаж болохгүй шүү” хэмээн уриалжээ. Энэхүү С.Ганбаатарыг шүүмжилсэн мэдээллүүд нь нэг удаагийнх ч бус хэд хэдэн цуврал явах бололтой юм. №1, №2 гэх мэтээр дугаарлажээ.
№-2. “ ГАНБААТАРДАЖ” БОЛОХГҮЙ ШҮҮ, ЗАЛУУС АА. №3, №4... удахгүй. pic.twitter.com/HGYChFhJ0E — Ламжавын Гүндалай (@Gundalailam) February 26, 2016