Дараагийн Роналду

19 настай Жоау Фелишийн үнэ 120 сая еврод хүрч, бүх том багуудыг хуйлруулж байна. “Европа лиг”-ийн шөвгийн найман багийн тоглолт Португалаас дэлхийн хөлбөмбөгт бас нэгэн супер од төрөн гарч буйг дэлхий нийтэд танилцууллаа.

Түүнийг Жоау Фелиш гэдэг, энэ жил 19 настай. Португалын “Бенфика” багийн довтлогч тэрээр Германы “Айнтрахт”-ын хаалганд хет трик хийж, тус тэмцээний түүхэнд хамгийн залуудаа (19 нас 152 хоног) уг үзүүлэлтийг гаргасан тоглогч болсон юм. Харин 19 жаалхүү маань хөлбөмбөг сонирхогчдод л одоо танигдаж байгаа болохоос Европын топ багуудын хараанд аль хэдийнэ өртөөд, үнэ ханш нь тогтчихсон нэгэн гэнэ шүү.

“Бенфика” гэрээндээ “120 сая еврогоос доош үнээр зарахгүй” гэсэн заалт оруулсан бол Английн топ багууд бараг бүгд авахыг хүсч байгаа гэнэ.“Ливерпуль”-ийн Юрген Клопп л лав 70 сая еврогийн санал тавиад татгалзсан хариу авчээ.

Фелишийн амжилтад Португалын өөр нэг топ баг “Порту” маш ихээр нөлөөлсөн ч хишиг хүртэж чадахгүй болсондоо тун их харамсаж байгаа гэнэ. Фелиш “Порту”-гийн академиар хөлбөмбөгч болсон ч бие бялдар муутай хэмээн гологдож, “Тоглох цаг хангалтгүй байна” гээд “Бенфика” руу явсан юм байна. “Порту”-гийн ахлагч байсан Родольфо Рейш Фелишийг тодорч эхлэхэд “Модон саваа олж аваад түүнийг явуулсан хүний толгой руу нэг сайн цохих юм сан” хэмээн халагласан байдаг. Толгой руугаа цохиулах ёстой хүн болох, “Порту”-гийн өсвөрийн багийг дасгалжуулж байсан Бину тэр үед “мөнгөнөөс болоод л өөрөө явсан” хэмээн биеэ өмөөрсөн гэдэг.

Үнэхээр ч “Бенфика” цалинг нь өсгөнө гэж амлаад л залуу тоглогчийг авчихсан юм билээ. Лиссабоны багт ирээд залуу тоглогчийн ур чадвар эрс ахилаа. 16-тайдаа “Бенфика”-гийн хоёрдугаар багт орж, Португалын хоёрдугаар дивизионд гоол оруулсан хамгийн залуу тоглогч болов. Энэ жил нэгдүгээр багт дэвшин дээд лигт анх удаа өрсөлдсөн бол одоо бүх Европ даяараа түүнийг мэдэх болов.

Фелиш багийнхаа хоёрдугаар довтлогчоор (Бенфика ихэвчлэн 4-4-2 схем ашигладаг) тоглодог. Өнгөрсөн нэгдүгээр сараас л үндсэн бүрэлдэхүүнд тогтвортой тоглох болсон гэхэд 15 гоол оруулчихсан, 7 гоолын дамжуулалт өгсөн дажгүй үзүүлэлттэй. Том тоглолтод гялалздаг нь бас нэг онцлог. Улсынхаа грандууд болох “Порту”, “Спортинг”-той гурав тоглохдоо гурван гоол оруулжээ.

Шигшээ багтаа тоглож үзээгүй ч удахгүй тоглох нь цаг хугацааны асуудал. “Евро 2020”-ын урьдчилсан тэмцээнд Украинтай хийсэн тоглолтын мэдүүлэгт нэр нь орсон удаатай.

“Арсенал”, “Бавари”, “Барса”, “Реал” гээд хөгшин тивийн грандууд Фелишийг авахаар хөөцөлдөж буй. Фелиш тэдгээрийн алинд нь ч ханд өгөөгүй боловч “Marca” сонины сурвалжлагчид “Англиас илүү Испанийн лиг таалагддаг” гэж ам алджээ.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр, Фелишийг ангуучлагчдын эгнээнд Италийн ”Ювентус” нэгджээ. Фабио Паратичи тоглогчийн агент Жорже Мендеш болон “Бенфика”-гийн ерөнхийлөгч Луис Фелипе Виейратай наймааны талаар ярилцаад эхэлсэн гэж “Sky Sport Italia” мэдээлж байна.

“Ювентус” гэснээс, Криштиану Роналду саяхан нутагтаа очиж, Лиссабоны дербиг (”Бенфика”- “Спортинг”) үзэж сонирхжээ. Тэр тоглолтод Фелиш гоол оруулж, багтаа 11 метрийн торгуулийн цохилт олж ирэн, шилдэг тоглогчоор тодорсон аж. Тэгэхэд “Бенфика”-гийн ерөнхийлөгч Руй Гомеш да Силва “Өнөөдөр цэнгэлдэхэд Португалын шилдэг хөлбөмбөгч байлаа. Тэр Криштиану Роналдуг тоглолтыг нь үзэхээр ирсэнд сэтгэл хангалуун байгаа” хэмээж байв. Дашрамд, “Marca” сонины сурвалжлагч “Шүтэж явдаг тоглогч чинь хэн бэ” гэж асуухад Фелиш К.Роналдуг алгасч, “Кака, Руй Кошта” гэж хариулсан гэдэг.

Фелишийг сайн тоглогч болно гэдэгт итгэлтэй байдаг хүмүүс хөлбөмбөгийн ертөнцөд эрс олширч буй.

Тэдний нэг нь Тьерри Анри. “Жоау сайн тоглох бүрт тэр надад бичлэг үзүүлээд “Түүнийг эрт анзаараагүй нь бидний алдаа гэдэг байсан. Анри ингэж хэлж байна гэдэг чинь, Фелиш од болно гэсэн үг” гэж “Монако”-д Анригийн туслах байсан Жоау Тральяу ярьж байжээ.

Португалын шилдэг довтлогч Нуну Гомеш харин Фелишийн талаар “Техникийн тал дээр тэр бусад тоглогчдоосоо хавьгүй илүү. Бөмбөгтэй харьцаж байгаа нь надад Зиданыг санагдуулдаг” хэмээж байна.

“Ювентус”-ын хамгаалагч асан Жоржо Андрадегаас нэгэнтээ “Фелишийг яаж зогсоох байсан бэ” гэж асуухад “Би хөлийг нь хугалах байсан. Тэгээд тэр тоглолтоос гарах болно. Өөр арга байхгүй” гэж хэлээд ад болж байжээ. “Бенфика”-гийн фанатууд гэр бүлийг нь заналхийлсэн гэж Ж.Андраде гомдоллож байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)