Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Баян зам” тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран мэдээлэл хийлээ.
Тэд өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдэхийн сацуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх талаараа танилцуулав. Энэ үеэр “Баянзам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн П.Баярхүү “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Одоо нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 170 орчим компани нэгдсэн. Сүүлийн 14 хоногийн хугацаанд нүүрс тээврийн үнэ огцом уналаа. Нүүрсийг тонн тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байна. Тээврийн үнэ ингэж унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллах боллоо. Иймд нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгнө үү. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардаж байна” гэсэн юм.
Тэдний хэлснээр Монгол Улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын компаниуд төлбөр тооцоогоо юанаар хийж байгаагаас Монголын компаниуд эрсдэлд орж байгаа аж. Түүнчлэн тэдгээр компаниуд нүүрс тээврийн үнийг энэ сарын 3-наас тонн тутмыг 70 юань болгон бууруулжээ. Ингэснээр нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд рейс хийхэд 1.8 сая төгрөг тээврийн хөлсөндөө авах аж. Гэтэл тэдний зардал үүнээсээ давж байгаа талаар Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн зохицуулагч С.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, шатахууны зардалд 765 мянга, замын хураамж 208 мянга гэх мэт зардлуудаа нэмээд байхад нийт урсгал зардал нь 1.5 сая төгрөг болж байна. Үлдэж байгаа 300 мянган төгрөгөөр засвар үйлчилгээ, цалин, удирдлагын зардлаа гаргахад хүрэлцэхгүй байна” гэлээ.