Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт" цуврал  сурвалжилгаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад бид яаралтай түргэн тусламжийн төв 103-д нэг цагт хэчнээн дуудлага ирж, тэд хэрхэн ажилладгийг сурвалжиллаа.

Сурвалжлах багийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд өчигдөр 21.00-22.00 цагийн хооронд ажиллахад 126 дуудлага ирсэн юм. Ээлжийн ахлагч Н.Халиунаа, яаралтай тусламж үйлчилгээний тусгай дугаарт үйлчилдэг жижүүрийн гурван эмч, дуудлагын дагуу үйлчилдэг 43 эмч энэ цагт ажил үүргээ гүйцэтгэж байв.

Ээлжийн ахлагчийн өрөөн дэх 3 тусгай дугаарын утас болон ахлагчийн дэргэдэх хоёр утсанд зогсоо зайгүй дуудлагууд ирэн цаг нартай уралдах тэдний ажил хүний амь нас, эрүүл мэндийн төлөө цагийн зүүтэй уралдан цохилно.

“Баянгол дүүргийн.. хороо 60 настай эрэгтэй ухаан алдаж унасан. Холбоо барих утасны дугаар”, “Хан-Уул дүүргийн ...хороо .. дугаар байрны 4 орц 15 тоот 89 настай эмэгтэй даралт ихэссэн. Орцны код нь чагт 0023” хэмээн ар араасаа дуудлагууд ирэн эмч нар амсхийх чөлөөгүй, ажил үргэлжилнэ.

Иргэд оройн цагаар буюу ажлаа тарсны дараа гэртээ очоод дуудлага өгөх нь эрс ихэсдэг гэнэ. Учир нь өдрийн цагаар үр хүүхдээ, ээж, ааваа эмнэлэгт үзүүлж амжаагүй иргэд гэрээр дуудлага өгөн үзүүлэх гэдэг нь яаралтай түргэн тусламж авахаар цаг минуттай уралдан байгаа бусад иргэддээ хүндрэл болдог талаар ч эмч нар ярьж байлаа. Хэдийгээр иргэд дуудлага өгөн түүний дагуу үйлчлэх нь энэ төвийн эмч нарын үүрэг ч яаралтай гэсэн дуудлага бүрийнхээ төлөө ажиллахад дээрх дуудлагууд чамгүй цаг авдаг аж.

Түүнчлэн  НТТТ-ийн байранд л гэхэд өдөрт 5-10 хүн ирж үйлчлүүлдэг юм байна. Даралтаа үзүүлэх болон яаралтай тусламж авах гэсэн иргэд ийнхүү зорин ирдэг талаар тус төвийнхөн ярьсан юм.

21.00-22.00 цагийн хооронд нийт 126 дуудлага ирснээс насанд хүрэгчдийн 99, хүүхдийн 27 дуудлага байлаа. Үүнээс төрөхийн 4 дуудлага, осол, гэмтлийн 7 дуудлага дээр шуурхай ажилласан.

Зөвхөн осол, гэмтлийн 7 дуудлагын тухайд гэхэд

21:03 минут Юмны үзүүрт цохин нүднээс цус гарч байна

21:07 минут Эрэгтэй хүн хутгалуулсан

21:25 минут Архи уусан эрэгтэй царай нь хөхөрсөн.

21:39 минут Цээж гэмтсэн, зодуулсан.

21:51 минут Гараа зүсэн цус гарсан.

21:58 минут Өндрөөс унасан. Барилгын 2 давхраас унасан, биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэгдсэн.

21:58 минут Архи уусны улмаас бие өвдсөн дуудлагууд ирсэн. Дээрх дуудлагуудын дагуу ажиллахад архи уун царай нь хөхөрсөн эрэгтэй түргэн тусламжийн эмч нарыг очиход нас барсан байсан харамсалтай хэрэг гарсан юм.

Эрүүл мэндийн салбарт хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал бол архидалт

НТТТ-ийн ээлжийн ахлагч Б.Халиунаатай ярилцлаа.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд өчигдөр нийт хэчнээн дуудлагатай ирэв. Нэг ээлжид хэчнээн эмч, түргэний тэрэг ажилладаг вэ?

-Дэлхийн стандартаар яаралтай тусламж гэдэг бол яг газар дээрх тусламж үйлчилгээ буюу яаралтай амь дэнссэн үед үзүүлдэг тусламж үйлчилгээ байдаг. Манайд бол 103 дугаарт ирж байгаа бүхий л дуудлагын дагуу очиж үйлчилж байгаа.

Манайх одоогоор хоногт 43 эмч, түргэний машин дуудлагын дагуу ажиллаж байгаа. Энэ сарын 29-нд манай төвтэй 3181 иргэн холбогдсоноос насанд хүрэгчдийн нийт дуудлага 741, хүүхдийн дуудлага бүх дүүргийн хэмжээнд 150 байсан. Үүнээс төрөхийн дуудлага 38, осол гэмтлийн дуудлага 157 байсан байна. Нийт 3181 иргэн манай төвтэй холбогдсоноос 890 бодит дуудлага байсан бол бусад нь асууж, лавлан зөвлөгөө авсан гэсэн үг юм. 30-нд /өнөөдөр өглөө уг мэдээллийг эргэн холбогдож тодруулахад/ 2633 иргэн холбогдсоноос осол гэмтлийн 126, төрөхийн 39, согтуутай холбоотой 52, гудамжны согтуутай холбоотой 25 дуудлагын дагуу ажилласан.

-Энгийн үед хоногт хэчнээн дуудлага ирдэг вэ. Ямар үед хамгийн их ачаалалтай ажиллах уу?

-Баяр , ёслолын үеэр манайх өндөр ачаалалтай, дуудлага их байдаг. Жишээ нь өнгөрсөн шинэ жилийн баяраар өдөрт 1800 дуудлагатай ажилласан. Энгийн өдрүүдэд дунджаар 1000-1200 дуудлага, баасан гаригуудад 1200-аас дээш дуудлага, баяр, ёслолын үеэр 1500-гаас дээш дуудлага ирдэг.

-Нэг дуудлагын дагуу хэдэн минутад очиж үйлчилдэг вэ?

-Бид аль болох яаралтай дуудлага дээр 20 минутад очиж үйлчлэхийг хичээдэг. Энэ бол стандарт, хэрвээ бид 20 минутад дуудлагын дагуу үйлчилбэл хангалттай сайн гэж үздэг. Ерөнхийдөө яаралтай дуудлагууд болох осол, гэмтэл, харвалт, зүрхний шигдээс, төрөх зэрэг дуудлагуудад бид аль болох 20 минутад багтаан очиж үйлчлэхийг хичээдэг бөгөөд энэ нь манай байгууллагын хувьд нийт 80-83 хувьтай байдаг. Бусад энгийн дуудлагууд гэгдэх даралт ихсэх, халуурах, гэдэс өвдөх, бие өвдөх гэсэн дуудлагуудад хоёрдугаарт ангилагддаг учраас 40-60 минутад багтаж очиж үйлчлэхийг хичээдэг.

Дуудлагын нэлээд хувийг архидалттай холбоотой асуудал эзэлдэг. Бид аль болох ирсэн дуудлага бүрийг хүлээгдэлгүй хурдан гаргахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч замын бөглөрөл, дуудлагын ачаалалтай холбоотойгоор энгийн дуудлагууд хүлээгдэх тохиолдол бий. Нийслэлийн түргэн тусламжийн төв гэлтгүй эрүүл мэндийн салбарт хамгийн их хүндрэл учруулж байгаа зүйл бол архидалт, түүнтэй холбоотой асуудал. Архидалт бол  өвчин биш. Тэр хүн санаатайгаар өөрийгөө хордуулж, өвчин авчирдаг. Гэтэл бид тэр хүнийг согтуу гээд хаяж болохгүй, тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны шаардлагатай арга хэмжээг авч, эмнэлэгт хүргэдэг.

Түүнчлэн иргэд Баянгол дүүрэг гэж гэрийн хаягаа хэлээд очоод тэр хаяг дээр байхгүй байна гэхээр “Би паспортын хаягаа хэлсэн. Манайх Сүхбаатар дүүрэгт” гэх тохиолдол гардаг. Хаягаа хэлээгүй байж хурдан ир гэдэг хүмүүс байна.

Мөн дуудлагын дагуу түргэн шуурхай үйлчлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол замын түгжрэл. Иргэд нэг үеэ бодоход түргэний тэргэнд зам тавьж өгдөг болсон. Гэсэн хэдий ч замын түгжрэлийн оргил үе буюу 17.00-23.00 цагт манай төвийн ачаалал ихэсдэг. Иргэд 17.00 цагт ажлаа тараад гэртээ харьсны дараа дуудлага өгөх нь эрс ихэсдэг.

-Өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах дадлага сургуулийн гурав хоногт архи, согтууруулах ундаагаар үйлчлээгүй нь танай дуудлагын тоонд нөлөөлсөн болов уу?

-Маш их нөлөөлсөн. Тухайлбал, осол, гэмтлийн дуудлага энгийн өдрүүдэд ойролцоогоор 150-170 хооронд байдаг бол өнгөрсөн гурав хоногийн сургуулийн үеэр 70-80 болж буурсан. Архитай холбоотой дуудлага хоногтоо 60-90 байдаг бол эдгээр өдрүүдэд 20-30 болж 3 дахин буурсан. Хэдийгээр дуудлага зүрх өвдөөд, даралт ихсээд гэж манайд ирдэг ч газар дээр нь яваад очихоор архи уусантай холбоотой тухайн өдрөө болон маргааш нь зүрх нь өвдөж, даралт ихэссэн шууд бусаар архидалттай холбоотой дуудлагууд нэлээд байдаг. Гамшгийн сургалт болсон гурван өдөрт манай дуудлагын тоо хоногт 800 болж, хоногийн дуудлагын тоо 300-400-гаар буурсан.

-Хаврын улиралд ямар дуудлагууд зонхилон ирдэг вэ?

-Жишээ нь өвөлд ханиад, томуу утаатай холбоотой дуудлага их байдаг бол хаврын улиралд газар, хөрс гэссэнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчний дуудлага ихсэх магадлал өндөр. Хаврын улиралд иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Манай дуудлагын ихэнх хувийг зүрх судасны өвчлөл болон даралт ихсэлт эзэлдэг. Үүний дараа осол, гэмтэл, төрөхийн дуудлага нэлээд бий. Зуны улиралд осол, гэмтэл, үер усанд живэх, наранд цохиулах  дуудлагууд ихэснэ.

-Түргэн тусламжийн нэг эмч хоногт дунджаар 30-38 дуудлага дээр ажилладаг-

"Гадаа гудамжинд хүн үзэн заримдаа өөрөө налискаа үүрээд нохойд хөөгдөх тохиолдол гардаг ч нэг ч гэсэн хүнд тусламж үзүүлэн нэг ч гэсэн гэр бүлийг аз жаргалтай байлгахын төлөө хичээж ажилладаг болохоор ажлаараа бахархдаг" хэмээн инээмсэглэн ярих энэ бүсгүйг М.Бямбадолгор гэдэг. Тэрээр НТТТ-д анхны жилдээ эмчээр ажиллаж байгаа залуу боловсон хүчин. “Нэг эмч хоногт дунджаар 30-38 дуудлага дээр ажилладаг. Дуудлагын тоо өдрийн цагаар гайгүй ч шөнө болохоор ихэсдэг. Даралт ихсэх болон гудамжны согтуугийн дуудлага дийлэнх хувийг эзэлдэг. Зүрх өвдсөн, даралт ихэссэн гээд дуудлагаар очиход ахуйн хүрээнд архидаж байгаад нэг нь өвдөөд дуудлага өгсөн тохиолдол их гардаг. Дуудлагын дагуу эмч ганцаараа л ордог учраас архидаж байгаа согтуу эрчүүд дээр явж ороод яаралтай тусламж үзүүлэх нь хүндрэлтэй. Гудамжны согтууг  үзээд шаардлагатай тохиолдолд эмнэлэг рүү зөөж байхад ихэвчлэн агсам тавин хэл амаар доромжлох, цаашлаад эмч, жолоочийн биед халдан машинд байгаа тоног төхөөрөмжийг эвдлэх тохиолдол бий. Мөн бодит бус дуудлагууд яаралтай дуудлага дээр очих цагаас хороодог. Дуудлага өгсөн газар нь очихоор хаяг нь зөрүүтэй байх, утсаа авахгүй эсвэл холбогдох боломжгүй гээд тухайн дуудлагын араас 30 минут ажиллан арга буюу орхин дараагийн дуудлагадаа явдаг. Гэтэл иргэд араас утасдан сая утас унтарсан байна гэж уурлах жишээтэй. Эмэгтэй эмч нар олон байдаг учраас хэцүү зүйлс тохиолддог. Хэн нэгний хайртай хүнд бид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд явж байгаа гэдгийг иргэд ухамсарлаасай. Гурван дуудлагын нэг нь яаралтай нэн шаардлагатай дуудлага байдаг. Жишээлбэл даралт ихсэн харвалтын шинж тэмдэг илэрч байгаа болон халуурч байгаа иргэн хоёрын тухайд харвалтын шинж тэмдэг илэрч байгаа дуудлага руу түрүүлж явдаг. Гэтэл иргэд үүнийг ойлгодоггүй халуурсан иргэн халуун бууруулах эм уугаад хүлээж байх боломжтой ч бухимдан уурлах гээд тухайн айлын иргэдийн байдлаас хамаарч янз бүрээр л аашилдаг” хэмээн ажлынхаа талаар тайлагнасан юм.

-Хүнд өвчтөнтэй явж байхад жолооч нар хажууд чинь эмч алга гээд зам тавьж өгөхгүй байх нь бий-

Дөрвөн жил түргэний автомашины жолоочоор ажиллаж байгаа Н.Галбадрах “Дуудлагаар ажиллахад замын ачаалал их. Нэгдүгээр эгнээгээр ороод явж болох ч нийтийн тээврийн автобуснууд их зорчдог учраас замын ачаалал ялгаагүй. Урсгал сөрөөд явах боломж багатай байдаг учраас дуудлагын дагуу очих хугацаа удааширдаг. Ялангуяа 16.30-21.30 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл ачаалал эрс ихэсдэг. Тэр бүү хэл түргэн тусламжийн дуут дохиогоо ажиллуулаад эмч маань ард хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлээд явж байхад жолооч нар “Та нар худлаа дохиогоо хангинуулаад явлаа. Хажууд чинь эмч алга” гэж хэлэн зам тавьж өгөхгүй байх тохиолдол ч бий. Дуудлагаар явахад хаягжилт нэг үеэ бодвол дээр болсон” хэмээн ярьсан.

103 төвд нэг цаг ажиллахад хоногийн 24 цагийн хором бүр ямар үнэ цэнэтэйг мэдрүүлсэн юм.Түргэн тусламжийн эмч, ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн бусдын халуун амь, эрүүл мэндийн манаанд хором мөч бүртэй уралдан байлаа.